Уурхайчдыг “зарж” байгаа нь “Эрдэнэс Тавантолгой”-г хувьчлах алхам уу

3tjv08qcbrophc5uejve0b5njj_l

“Эрдэнэс Тавантолгой”-н уурхайчид суулт зарлаж буйн шалтгаан маш энгийн. Тэд ажлын байраа хэвээр хадгалж, гадны компани тэр дундаа Хятадын эзэмшлийн “Эрдэнэс Тавантолгой” гэдэг нэршлийн дор ажиллахгүй гэсэн санаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК төрийн эзэмшлийнх, зөвхөн монгол ажилчид ажилладаг гэдгээр бусад уул уурхайн компаниас давуу эрхтэй явж ирсэн.

Тэгвэл өнөөдөр хядад эзэнтэй болж, тэр байтугай гадныхан Монголын баялагт эзэн суухаар болсны гороор монгол ажилчдыг нааш, цааш нь шилжүүлдэг бараа таваар мэт аашилж байна.

Өөрөөр хэлбэл, Цанхийн зүүн уурхайн олборлолтын гэрээг Хятадын компани худалдан авснаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд 206 монгол ажилтныг шилжүүлэн ажлуулах шийдвэр гаргачихаад байгаа юм. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайчид энэ байдлыг эсэргүүцэж, эх орондоо Хятадын компанид ажиллахгүй гэдгээ илэрхийлсээр байна. Нөгөөтэйгүүр удирдлагуудын зүгээс шийдвэрээ цуцлах хүртэл суултаас тэмцлийн хурц хэлбэр хүртэл явна гэдгээ дуулгаад байна. Суултын үеэр зарим уурхайчдын төлөөлөлтэй уулзсан юм.

Г.Дэлгэрбаяр: Биднийг Хятадын компанид шилжүүлэхгүй байх гэж итгэж байна

/“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн ээлжийн мастер, Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга/

-“Эрдэнэс Тавантолгой”-н эзэмшлийн Цанхийн зүүн уурхайн олборлолтын гэрээг Хятадын компанид худалдаж байгаагийн цаад атгаг санаа нь юу вэ?
-Бизнес, улс төрийн олигархи бүлэглүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг эзэмшиж авах гэсэн дараагийн алхам, үе шат. Өнгөрсөн зун Тавантолгойтой холбоотой хууль зөрчсөн ажлаа хийж, үүнийг нь УИХ-аас гаргасан ажлын хэсэг ил болгосон. Харин Засгийн газар нь хууль зөрчсөн төслөө татан авсан. Тухайн үед С.Баярцогт сайд нь “Ирэх намар цогцоор нь оруулна” гэснээр “Эрдэнэс МГЛ”-ийн захирлаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм билээ. Одоо бол дараагийнхаа хувьчилж авах гэсэн алхмаа хийж байна гэж бид харж байна. Тэгэхийн тулд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайчид, ажилчдыг цомхотгож, тарааж, дуугүй болгох гэсэн ийм явуургүй бодлого явж байна.

-Хувьчилна гэдэг нь гадны компанид өгөх хэрэг биз?
-Ажилчдаа зарна гэдэг нь дараад нь баялгаа зарах гэж байгаа хэрэг. Өнөөдөр хүнд баялаг үнэтэй юу, үгүй. Хүнд эх орон, тусгаар тогтнол хэрэгтэй. Дараад нь хүн өөрөө үнэтэй баялаг. Манай удирдлагууд үүнийг бодохгүй байна.

-Уурхайчдын зүгээс ТУЗ-даа хандаад байгаа. Тэдний зүгээс ямар тайлбар тавьж байна вэ?
-ТУЗ-ийнхөн хүлээж авах цагаа хойшлуулаад байна.

-Та бүгдээс зугтаад байгаа хэрэг үү?
-Зугтаж байна. Бидний өгсөн шаардлага, цаг хугацаанд хариу өгөхгүй байна. Бид ийм хэмжээний юм хийгээд явж байх уурхайчид биш. Өнөөдөр хурцадмал байдалд үүсчихээд байхад үүнийгээ нуугаад байна. Цаанаа авилгал, ашиг сонирхлын далд санаархал агуулсан, нууцмагдмал хэрэг нь ил болохоор энэ хүмүүс асуудалд орно.

-Хичнээн уурхайчныг Хятадын компанид “зарах”-аар болсон юм бэ?
-210 орчим уурхайчныг шилжүүлэхээр ярьсан. Ер нь “Эрдэнэс Тавантолгой” ХК 610 гаруй ажилчинтай. Түүний 200 гаруй нь Цанхийн зүүн уурхайд ажилладаг. Тэр уурхайчдыг Хятад компанид зарахаар гэрээ байгуулчихаад байна.

-Ерөнхий сайдын Ч.Сайханбилэгийн хувьд “Тавантолгойг хөдөлгөнө” гэж яриад байгаа. Гэвч цаагуур нь далд бизнес эхэлчихээд байгаа хэрэг болж байх шиг?
-“Эрдэнэс Тавантолгой”-н Баялгийн эзэмшил төрийн өмчит төсөл нь хөдлөөд Цанхи дээрээ явж байгаа. Эргээд ярих юм бол Монгол Улсын Засгийн газар “Хөдөлсөн төслөө хөдөлгөнө” гэсэн нь авах гэсэн цаад бизнес, олигархи бүлэглэлийн даалгаврыг биелүүлж, ард иргэдийн тархийг угаагаад байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” 2010 оноос хойш хөдөлж, борлуулалт, экспортоо хийгээд явж байна. Дээр нь бидэнд нэг л хүндрэл байдаг. Санхүүгийн тодорхой хэмжээ хүндрэл нь буюу “Чалко”-гоос авсан урьдчилгаа 350 сая ам.долларыг Монголын ард түмэнд 21 мянган төгрөг хэлбэрээр тараасан. Энэ нь бидэнд хүндрэл үзүүлж байгаа. Төр засаг минь үүнийгээ харж үзээд, буцаагаад татварын хөнгөлөлт, бэлэн мөнгө хэлбэрээр өгчихсөн бол “Эрдэнэс Тавантолгой” асуудалгүй байх юм. Хамгийн гол нь хөдөлсөн төсөл шүү.

-Та бүгдийг уридлагууд тань Хятадын компанид шилжүүлчихвэл яах вэ?
-Бид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Арай ч шилжүүлэхгүй байх гэж харж байна. Би өөдрөгөөр харж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлүүлээд хүн бүхэн алддаг. Тиймээс удирдлагууд маань алдаагаа эргэж харж байгаа байх. Арай шилжүүлэхгүй байх гэсэн итгэл алдраагүй байна.

С.Баясгалан

Эх сурвалж: newscom.mn


URL:

Нэр: иргэн Огноо: 20 October 2015

гэрээ хийгдээд шилжшшлчихсэн юм биш үү………………….

Нэр: ТӨРИЙН БАНК Огноо: 20 October 2015

ЗӨВ ШҮҮ

Сэтгэгдэл бичих