Монгол төрхтэй “Гадаад” хүүхэд залуус

qweqw1231-Би ер нь монголчуудтай уулзаж ярилцах дургүй

-Би монгол хэлээр бичсэн юм унших дургүй л дээ

-Би аль болохоор монголчуудаас хол байхыг хичээдэг
Хэдийгээр цөөхөн боловч гадаадад байгаа зарим монголчууд ингэж ярьж байхыг сонссон. Сонголт бол тухайн хүний эрх боловч ингэж бодож, ингэж хандаж байгаа хүмүүс нь өөрийн сонголтоороо “гадаад” болсон хүмүүс. Энэ тухай уншиж, сонсож байгаа хэт “эх оронч” хүмүүс уурлан бухимдаж, хараан зүхэж тэднийг “цаазлах” санал дэвшүүлдэг хэдий ч, аажим ажимдаа уусах маягаар монголчууд бид өөрсдөө ийм сонголт руу явж байгааг анзаардаггүй.
Нэг. ГАДААД ХЭЛЭЭР “ЧАМИРХАГСАД”
Аль социализмын үед орос мэргэжилтнүүдийг дээдэлж, шүтэн бишрэх үзлээс бий болсон “гадаад хэлээр ярьж байгаа бол мундаг хүн” гэдэг санаа бодол өнөө хэр арилаагүй л байна. Тийм болоод сошиал ертөнцийн орон зай дотор ярьж бичиж байгаа бичлэгүүддээ монгол хэлээ гадаад хэлтэй холилдуулж чамирхаж байгаа нь  ”Сайн уу?” гэж бус “Hi” гэж мэндчилж байгаагаас л мэдрэгдэх ажгуу.
“Төрсөн өдрийн баяр хүргэе” гэж бичихээс “HBD” гэж бичих нь илүү амар байж болох ч нөгөө хүндээ хандаж байгаа хандлага нь тийм ч таатай биш л болов уу? Компьютерийн цаана сууж байгаа хүн нь гадаад хэлийг төгс ба төгс бус мэддэгийг бид шалгаж чадахгүй ч “гадаад хэлээр бичиж байгаа болохоор өндөр боловсролтой байж магадгүй” гэдэг таамаглалд найддаг байж ч болох. Гэхдээ л гадаад хэлээр чамирхаж маяглагсад хэтэрхий олон болж байгаа нь “монгол хэлээ аварья” нэртэй бүлэг нүүрномд үүсэх шалтгаан нь болж байгаа байж ч магад.
Монголд олноор байгуулагдан хятад, англи, солонгос зэрэг хэлүүдээр сургалт явуулж байгаа дунд сургуулиудад хүүхдүүдээ сургах нь бараг “моод” болсон юм уу даа. Өөрөө сайн мэдэхгүй ч хүүхэд нь гадаад хэлээр “шулганаад” байхаар сэтгэл нь ихэд ханаж, басхүү бусдад “өндөр боловсрол мэдлэгтэй” хүүхдээрээ бардамнан гайхуулах араншинг хөдөлгөдөг байж ч болох. Эх орондоо хэрнээ хаана л бол хаана монголоор бус гадаад хэлээр ярих тэдгээр залуус ч өөрсдөөрөө гайхуулан онгирдог байж ч болох.
Ийм хэлүүдээр Монголд сургалт явуулдаг сургуулийн багш нар ч өөрсдийн “өндөр зиндаа” гаа харьцангүй өндөр цалин, хүүхдээ ийм сургуульд оруулах гэсэн эцэг эхчүүдийн гуйлт дор мэдэрдэг байж ч болох. Гэхдээ бид гол зүйл дээрээ анхаарлаа огт хандуулахгүй байнаа. Юу гээч! Хятад, солонгос, англи хэлээр сурч байгаа хүүхдүүд Монголын хэл соёл, ёс заншлыг бус тухайн орныхоо хэл соёл, ёс заншилд суралцаж зарчим нь,  монгол угсаа гарвалтай хүүхдүүдийг Монголоос нь холдуулан “харьшуулж” байгаа нь цөөхөн монголчууд бидний хувьд том эмгэнэл. Энэ сайхан үзэгдэл гэж үү?
Хоёр. ГАДААД ДАХЬ “МОНГОЛ” ХҮҮХДҮҮД
Гадаадын олон оронд ажиллаж амьдарч байгаа монголчууд “яаж ийж” байгаад хүүхдүүдээ дэргэдээ авчирч, бас тэнд олон монгол хүүхдүүд төрж өсч байна. Миний таамаглаж байгаагаар \яг тодорхой статистик гаргах амаргүй\ гадаадад байгаа монголчуудын 10 % орчимтой тэнцэх тооны хүүхдүүд гадаадад төрж өсч байгаа. “Усыг нь уувал ёсыг нь дагана” гэдэг хэллэгээр бид хүссэн ч эс хүссэн ч тэр хүүхдүүд тухайн орныхоо хэлээр “хэлд орж”, тэр хэлээрээ суралцан боловсрол эзэмшиж байгаа. Гэртээ монголоороо ярьж байх гэж хичээгээд ч гаднах орчны нөлөөгөөр төдийлэн амжилт олж чадахгүй байгаа тухай цөөн биш эцэг эхчүүд учирлаж байсан.
Зарим “боломжтой” нь жаахан том болгож байгаад зуны амралтаараа Монголдоо аваачиж “монгол хэлтэй” болгох гэж оролдоно. Жаахан ч атугай хазгай мурий боловч монголоороо ярих гэж оролдоход нь тэд “үхэтлээ” баярлах авч мөнөөх л орчиндоо ороод л монгол хэлээ мартаж эхэлдэг. Орчин гэдэг яалт ч үгүй хүүхдийн хөгжил, хэл ярианд нөлөөлдөг нь үнэн.
Хөөрхий монгол өвөө эмээ нь, монгол хэлээ мэдэхгүй өхөөрдөм хөөрхөн монгол ач зээтэйгээ “хэл нэвтрэлцэх” гэж “тата тунгаа” маягаар дохиж зангаж байгаа нь өнөөгийн бидний хувьд өхөөрдөл гэхээсээ харамсал гэлтэй. За тэгээд “хар ажил” хийж өөрсдөө хэлийг нь сайн сураагүй болохоороо хүүхдийнхээ тэр хэлээрээ юу ярьж байгааг нь сайн ойлгохгүй, бас өөрөөс нь “ичиж” байгааг ч мэдрэхгүй, юу сурч яаж будилж явааг нь мэдэхгүй байх тохиолдол цөөн биш.
Зарим эцэг эхчүүд хүүхдүүддээ анхаарал сайн тавьж хянаж, чиглүүлж чадаж байгаа ч, олон эцэг эхчүүд өөрийнх нь хүүхэд “буруу замаар будаа тээж” байгааг ч мэдэхгүй өөрт нь найдаж, мөнгө санхүүгээр хангах үүрэгтээ “үүртэж” байгаа нь нууц биш. Энэ асуудалд тэд санаа нь зовж байгаа юу? гэвэл, санаа нь зовж байгаа. Тийм болохоор хотуудад байгуулагдсан монгол сургуулиудад хүүхдүүдээ сургах гэж хичээгээд л байна. Олон он жилийн урсгалд “аргаа олох” гэж, монголоороо үлдэх гэж хичээгээд л байна. Гэхдээ ийм олон монгол залуус тухайн орондоо өндөр боловсрол ухамсар эзэмшиж, амжилттай сайн явааг дурдах ёстой. Харин “Монгол
орон?” гэж заримдаа боддог юм шүү.
Гурав. “АЙМШИГТАЙ” гэхдээ “АВЬЯАСЛАГ” МОНГОЛ ОРОН
Монголчууд бидний амьдрал улстөрийн хандлагаас шууд хамаардаг болохоор хүн болгон Монголын улстөрийн өнөөгийн байдлын тухай харамсаж, бухимдаж өөр хоорондоо ярилцдаг нь түгээмэл үзэгдэл. Гадаадад байгаа монголчууд Монголын тухай хар бараан мэдээ үзээд халаглаж харамсаж их ярилцдаг. Тэр болгоныг нь сонсож ойлгож байгаа хүүхдүүдийн сэтгэхүйд “Монгол орон бол аймшгийн орон” гэдэг түгшүүртэй ойлголт үлдэнэ. Ядаж байхад манай хэвлэл мэдээллийнхэн аллага хүчирхийллийн тухай баяр бахдалтай мэдээлэхийг яана.
Бүр дүрстэйгээр шүү дээ. За тэгээд мөнгөний ханшийн уналт, ядуурал, бухимдал тэмцлийн тухай сөрөг мэдээллүүд нь биднээр дамжин гадаадад байгаа хүүхэд залууст хүрч байна. Тэр болгон нь Монголын тухай айдас түгшүүр болон тэдний сэтгэлд оршдог. Монгол хэлний эрдэмтэн Саруул-Эрдэнэ, Нараа хоёр  энэ тухай дурсаад “Бид үүнээс хойш хүүхдүүдийнхээ дэргэд Монголын тухай хар бараан биш, дандаа гэгээлэг талаас нь ярьдаг болсон” гэж ярьж билээ.
Энэ бас л бодох бодол. Монголд байгаа олон залуус “яаж ийгээд гадаадад гарч суралцах тухай” бодож, арга замыг хайх болсон нь Монголын нийгмийн бухимдалтай улстөр, боловсролын чанаргүй тогтолцоо, залуучуудын талаарх зөв бодлого үгүй байгаатай шууд холбоотой.  Тэд өөрсдийгөө бус Монголын өнөөгийн нийгмийн тогтолцоог голж байгаа. Тэд сайн сайхан зүйл рүү бас дэлхий рүү тэмүүлж байгаа.
Гэхдээ олон зүйлс сайнаар өөрчлөгдөж байнаа. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг, “Авьяаслаг Монголчууд” шоу зэрэг нь Монголын залуусыг “байлдан дагуулж” байна. “Эдгээр нэвтрүүлгийн дэргэд Монголын тэнэгтэж байгаа улстөрчид юу юм бэ?”. Бид эндээс “даравч дардайж, булавч бултайж” байгаа Монголын залуу үеийг мэдэрдэг.
Энэ бүхэн нь Монголын залууст их итгэл найдвар, “монголоороо бахархаж” монголоороо байх хүсэл рүү хөтөлж байгаа.  1990 ээд оны залуус Монголдоо төдийгүй Америк оронд ч ямар их өндөрлөг рүү тэмүүлж байгааг мэдрэхдээ би тэднээр бахархдаг. Цоо шинэ үе. Тэд дэлхийд ч “МОНГОЛ ХҮН” гэдгээрээ гайхуулж бардамнахыг хүсч байна. Гоё байгаа биз. Тэд дандаа Монголын хөгжлийн тухай
ярьдаг.
Дөрөв. “ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ВЭ?” гэж үү?
1. Бид өөрсдөө гадаад хэлтэй холилгүйгээр монголоороо ярьж, бичиж үлгэрлэцгээе. Үүний тулд монгол хэлээрээ зөндөө олон номуудыг уншиж байя. Ядаж нүүрном, жиргээндээ “Hi” гэж бус “Сайн байна уу?” гэж бичиж эхэлье. Тийм ч хэцүү биш шүү дээ.
2. Саяхан “Аз хур” гээд номын дэлгүүр нээгдэж 72 цагийн хямдралд хүмүүс “их хошуурлаа”, сайхан л санагдаж байв. Миний нүүрномын найз Сувд-Эрдэнэ гэдэг бүсгүй хичээж зүтгэсээр байгаад л Улаанбаатар хотын төв талбайд “Номын өдөрлөг” арга хэмжээг уламжлал болголоо. Сайхан үйлс шүү дээ, үүнийг олон хүмүүс дэмжиж байна.
3. Одоо нэг их гоё номын сангуудтай болчихвол… Бидний Америкаас бэлтгэж байгаа “Яагаад?” нэвтрүүлэгт энэ санаа орсон байгаа. Зөвхөн ном унших гэж биш найзуудаараа уран бүтээлийн талаар ярилцах гэж, сурагчид оюутнууд хичээлээ давтах гэж, хүүхдүүд зурагтай ном үзэх гэж зорьж очдог тийм сайхан орчинтой болчихвол их зүйл сайнаар өөрчлөгдөхөд нөлөөлөнө.
4. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа албан газрууд болон үйлчилгээний байгууллагуудын хаягуудыг монгол крилл, монгол бичгээр сольчихвол. Монгол бичгийг төрийн бичиг болгочихвол, Ерөнхийлэгч Ц.Элбэгдорж НҮБ-ийн чуулганд хазгай англиар биш төгс төгөлдөр монгол хэлээрээ илтгэл тавьдаг болчихвол сайн сан. Мунхаг би монгол бичгээ сайн сураагүй ч харахад нэг л гоё монгол бичгээ сурах сан гэж мөрөөддөг.”Тийм шүү” гэж толгой дохиж байгаа юм шиг дээрээсээ доош нь уран гоёор таталган бичдэг болчихвол гадаад хүмүүст хэрэндээ л”онгирно” доо.
5. Гадаадын улс орнуудад иргэдийн санаачлагаар байгуулагдан ажиллаж байгаа “Монгол сургуулиуд”-ыг Монголын төр бодлогоор дэмждэг болчихвол:
-Тэнд багшилж байгаа багш нарыг “Нийгмийн даатгал” д хамруулан ажилласан хугацааг нь албан ёсоор тооцдог болчихвол
-Монголын “Боловсролын хууль” д зааснаар нэг сурагчид ноогдох зардлыг нь тэдэнд тооцож олгодог болчихвол
-Тэдний өөрсдийнх зохиосон сурах бичгүүдийг хэвлэх зардлыг нь төрөөс гаргаж суралцагсдад хүргэж өгдөг болчихвол
-Арай ядан олж түрээслэж байгаа хичээлийн байрных нь зардлыг төрөөс “даадаг” болчихвол. Бүгдийг нь эс гэхэд тодорхой хувийг нь ч болов.
Энэ олон “болчихвол” биелэлээ олох тийм ч хэцүү биш. Даанч дээрх түшмэдүүдийн мэдлэг, сэтгэлгээ, ухаан дутаад л байгаа юм даа.
6. Монголчууд олноороо суурьшиж байгаа гадаадын орнуудад “Монгол Соёлын Төв” байгуулах санаачлагыг Монголын төрөөс дэмжиж гэрээ хэлэлцээр болон хамтын ажиллагааны зарчимдаа тусгадаг болчихвол. Тэнд төрж өсч байгаа монгол хүүхдүүдийг “монголоор нь хөгжүүлэх”-эд их л тус дэм болох сон. Тэгээд ч Монгол бол “тусгаар улс” гэдгийн нэгэн баталгаа нь энэ төв болох юм шүү дээ. Тэнд монголчууд уулзаж учран одоо үүсгэж байгаа “монгол” олон төрлүүдийн үйл ажиллагаагаа дэмжих болно. Хоол иднэ, хөгжим тоглоно, бүжиглэнэ, тэмцээн зохион байгуулна.
Тав. МОНГОЛ ХЭЛ СОЁЛ БОЛ ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА
Аливаа улс үндэстнүүдийн тусгаар тогтнолын баталгаа нь хэл соёл нь байдаг. Тэр тусмаа монгол хэл соёл нь дэлхийн хэмжээнд үндсэн хэл соёлын нэгэнд багтдаг. Бид эрдэмтдийн энэ талын судлагаа нотолгоон дээр хий хоосон цэцэрхэж маргалдахын оронд өөрсдийн дотоод сэтгэл зүрхээ чагна даа. “Муусайн хужаа нар”, “тэнэг Иванууд” гэдэг онгироодуу хэллэгүүд нь өөрсдийгөө тэднээс дээрд үзэж байгаагийн нэгэн нотолгоо.
Тэгсэн мөртлөө бид тусгаар тогтнолын баталгаа болсон хэл соёлдоо яагаад ийм хайнга хандаж байгаа юм бэ?Энэ их тэнэглэлүүдийнхээ эцэст бид өөрсдөө “муусайн хужаа”, “тэнэг Иван” уудаасаа ялгарахаа больчих юм бол яах юм бэ? Бидний л “хохь” болно, биднээс өөр хэн харамсах гэж?
Монгол хэл соёл, нүүдэлчин зан заншлаас үүдэлтэй монгол хүн бол Монгол Улсын  Үндэсний Аюулгүй Байдлын чиглүүлэгч нь. Бид энэ үнэ цэнээ алдах юм бол “Чингисийн Монгол” гэж цээжээ мянгантаа дэлдээд яах ч юм билээ. Бид дэлхийн хэдэн зуун үндэстэнгүүдээс “монгол” гэдгээрээ яаж ялгарах юм бэ? Энэ дэлхий ертөнц нь үндэстэн хийгээд ястангуудын орших, эс оршихын төлөөх их өрсөлдөөн тэмцлийн талбар.
Монголчууд бид энэ өрсөлдөөнд ялагдах уу? ялж гарах уу? гэдэг бол бидний л сонголт. Олон зууны тэртээд монголчууд бид дэлхийн хөгжлийг тодорхойлж байсан шиг 21-р зуунд оюун санааны их хөгжлөөрөө дахиад л дэлхийн хөгжилд тодорхойлогч болж чадах уу? гэдэг сонголт нь өөр хэнийх ч биш бидний л сонголт.
“ЯАГААД БИД ЧАДАХГҮЙ ГЭЖ?”
Америкт амжилттай ажиллаж амьдарч яваа олон олон монгол залуустай уулзаж ярилцах бүрдээ Монгол орны сайн сайхан ирээдүйд итгэдэг. Өндөр хөгжилтэй том гүрнүүдийн болон дэлхийн хэмжээнд сэтгэж, өөрсдийн орон зайгаа эзэлж яваа ийм залуус Монголын ирээдүй. Өнөөдөр Монголын төрийн эх мэдэлд суучихаад “жалгын” хэмжээнд сэтгэж, Монголын төрийн эрх мэдлээр бизнес хийж суугаа улстөрчдөөс огт өөр хүмүүс тэд.
Нэгэн цагт Монгол улс хөгжлөөрөө дэлхийд дахиад л тэргүүлж эхэлнэ. Тэр цагт мөн ч олон хүмүүс монгол хэл соёл, зан заншилд суралцах гэж хичээх болно. Монгол төрхтэй “гадаад” залуус ч эргээд монгол хэлээ сурах гэж зовохдоо ээж аавдаа гомдоллох болно. Гэхдээ тэд бусдаас амархан сурнаа, “монгол хүн” гэдэг элэг бас гарвал нь хаачих билээ. Гэхдээ танд өнөөдөр ч гэсэн сонголт байгаа.
ЯАГААД ҮГҮЙ ГЭЖ?
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

URL:

Сэтгэгдэл бичих