Хосгүй үнэт үзмэрт тооцогдох хаш лимбэ Өмнөговийн музейд бий

3G7Y3399Монголчууд бидний эрт үеэс хэрэглэж ирсэн хөгжмийн зэмсгүүдийн дотроос эртний төрөл нь лимбэ буюу хөндлөн бишгүүр юм. Монгол үндэстний эртний үлээвэр хөгжмийн зэмсгийн нэгд багтах хаш чулуун лимбэ Өмнөговь аймгийн музейд хадгалагдаж байна.

Хосгүй үнэт үзмэрийн төрөлд тооцогдох хаш лимбийг Говийн ноён хутагт Данзанравжаа хэрэглэж байсан ч гэж үздэг байна. “Эсэргүү хөдөлгөөний үе” гэж нэрлэгдсэн 1932 онд айл өрхүүдийг урагш нүүлгэх үед үдшийн бүрийгээр хилийн цаанаас буун дуун гарчээ. Тэр буудалцаанаар тэмээ мал тургиж, ачаа бараа бутран нүүдэллэж явсан ард иргэд ч тал тал тийш бутарсан байна. Ингээд хилийн ойролцоо Борзонгийн говиор бутарсан ачаа барааг одоогийн Баян-Овоо сумын төвд авчран ард иргэдэд зар тараажээ. Энэ үеэр эзэн нь үл олдох хэсэг бараа үлдсэний нэгэнд энэхүү хаш лимбэ байсныг Баян-Овоо сумын иргэн “өндөр” Лувсан гэдэг хүн авч хугарсан хэсгийг бөгжлөн янзалсан байдаг байна. Энэ бол Монголд ховор хэмээн тооцогдох хаш лимбэний үлдсэн ганц түүх юм. Монголчууд лимбэ хөгжмийг гол төлөв хулсаар үйлддэг байсан бол хожим төмөр, өнөө цагт хуванцараар хийх болсон. Харин эртний ховор үзмэрийн нэг болсон хаш чулуугаар хийсэн лимбэ Өмнөговь аймгийн Музейн гол үзмэр болсон байна.

Монгол үндэстний эртний үлээвэр хөгжмийн зэмсгийн нэгд багтах энэхүү хаш лимбийг хаана хэзээ хийсэн, хэрхэн Монголын нутагт орж ирсэн талаар баримт нотолгоо, үүх түүх байдаггүй. Тухайн үеийн аймгийн Соёлын ордны лимбэчин Ө.Батжаргал 1960-аад оны үед сумдад бригадаар тоглолтоор явж байх үедээ Лувсан гуайтай биечлэн уулзах боломж олдож, лимбийг анх эгшиглүүлж байснаа хуучилсан юм. Түүнээс хойш соёлын биет болон биет бус өвийг сурталчлах хэд хэдэн арга хэмжээнд хаш лимбийг тоглож байсан байна.

Өмнөговь аймгийн Музей 6 төрлийн 2500 гаруй үзмэртэй. Эдгээрээс 70 гаруй үзмэрийг үнэт өвд бүртгүүлэхээр саналаа өгсөн бол хаш лимбээ хосгүй үнэт үзмэрт бүртгүүлэхээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, холбогдох газруудад нь хүргүүлээд байна.

    Өмнөговь аймаг С.Сумьяа


URL:

Сэтгэгдэл бичих