Статистикийн хорооноос шидсэн чулуу

Статистикийн хорооноос нэг чулуу шидлээ. Нийгэм даяар шуугиан тарьсан Л.Гансүхийн хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсний дараа яг энэ хэрэгтэй холбогдуулан тэр чулууг шиджээ.

Улс орны 2015 оны 9 сарын нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийнэ гэж албан ёсоор зарлаж, хэвлэлийн бага хурал хийлгэснийхээ дараа сэтгүүлчдийг хаалгаар гарахын даваан дээр “Гансүхийн хэрэгтэй холбоотой нэг мэдээлэл байгаа шүү. Сонирхох сэтгүүлч нь аваарай” гэж шивнэж байгаад Үндэсний Статистикийн хорооны Судалгаа, мэдээллийн албаны дарга А.Дэмбэрэл хэвлэлийнхэнд ярилцлага өгчээ.

А.Дэмбэрэл гэдэг албан тушаалтны ярилцлагаас “АТГ бодит мэдээллийг зориуд гуйвуулж, хуурамч нотлох баримт бүрдүүлсэн” гэж ойлгогдохоор байна. Энэ хүн АТГ-ыг шууд буруутгасан байна. Гэхдээ яриандаа “Би ингэж ойлгож байна”, “Миний бодлоор бол…” гэх мэт үг хэллэг нэлээд хэрэглэжээ. Төрийн хариуцлагатай албан тушаалтан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хувийнхаа бодлыг илэрхийлээд байх нь зохимжгүй.

Төрийн албан хаагч нь төрд алба хашиж байгаагийнхаа төлөө иргэний зарим эрхээ хязгаарлуулсан байдгийг А.Дэмбэрэл гуай мэддэг баймаар. Энэ хүний хувийн бодлыг Статистикийн хорооны албан ёсны байр суурь гэж үзэх үү гэдэгт эргэлзээ төрж байна.

Хэрвээ тийм бол Статистикийнхан байр сууриа албан ёсоор илэрхийлэх ёстой. Яагаад шууд хэвлэлийн бага хурал дээрээ энэ тухай мэдээлж болоогүй юм бэ? Албан ёсны мэдээлэл нь дууссаны дараа шивнээ үгс дамжуулж ширвээтэхийн учир юу байв? Ярьж байгаа зүйлдээ ярьж байгаа хүн нь өөрөө тийм ч итгэлтэй бус байсны учир жанцан байв уу? Одоо нөгөө талаас хариу хүлээж байна.

Статистикийн хорооны нэгэн даргын өгсөн ярианд АТГ, прокурор, шүүхээс хариу өгөх хэрэгтэй. Хэрвээ АТГ үнэхээр хуурамч нотлох баримт бүрдүүлсэн юм бол энэ хэрэгт хяналт тавьж байсан прокурор нь юугаа харж байсан юм бэ? Нотлох баримтуудыг шинжлэн судалсан, авч хэлэлцсэн, үнэлсэн эрхэм шүүгч нар бас буруудаж таарна.

А.Дэмбэрэл гэдэг хүний яриа ганцхан АТГ гэдэг хэзээнээсээ муу нэртэй байгууллага руу чиглэсэн биш прокурор, шүүхийг давхар буруутгасан нь илт ойлгогдож байна. Гайхмаар зүйл олон байх юм. А.Дэмбэрэл гуай буюу Статистикийн хорооныхон энэ талаар яагаад одоо ярьж байгаа юм бол? Нээлттэй шүүх хурлаас хойш зөндөө хугацаа өнгөрсөн байхад гэнэт сэрсэн мэт өндийж ирээд ийм зүйл ярихын учир юу вэ? Шүүх хурлын маргааш нь, за больё нөгөөдөр нь ярьж болох шүү дээ.

Юуг, ямар дохио заавар хүлээгээд, ямар тохиролцооны хугацаа өнгөрөөгөөд ярив гэхчлэн хардах үндэслэл төрж болох юм. Статистикийн хороо бол УИХ-ын байгууллага. АТГ ч мөн адил. УИХ-ын харьяаны хоёр том байгууллагын хооронд ийм асуудал үүсч байгаа нь Монголд бараг анхны тохиолдол болж байх шиг.

Урьд өмнө нь төрийн байгууллагууд нэгнээ ингэж үгүйсгэн буруутгаж байгаагүй санагдана. А.Дэмбэрэл дарга ярихдаа “Тухайн үед нэг портер машин нүүрс 98-106 мянган төгрөг байсан” гэжээ. Статистикийн тоо бүртгэлд нүүрсний хэмжээг Портер машинаар хэмждэг юм уу.

Портер машин яг хэдэн тонн болдгийг тэр дарга хэлээгүй байна. Нүүрсийг портер машинаар хэмждэг юм бол гурил, будааны хэмжээг манай статистикийнхан шанагаар илэрхийлдэг байх нь.

Авлигачдын мөнгө хүчтэй, гар урт, нөлөө их байдаг бололтой. Хэрэг хийжээ, гэм буруутай гэдгийг нь шүүх тогтоосны дараа ч тэд улайрсаар байдаг юм байна. Арай, энэ улайралдаа төрийн байгууллагыг хүртэл татан оролцуулсан юм биш биз гэх хардлага надад төрж байна.


URL:

Сэтгэгдэл бичих