Орхон голын дагуу хууль бус ашигт малтмалыг таслан зогсоож байна
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт Орхон голын урсац бүрэлдэх эхэд хууль бусаар ашигт малтмал олборлож буй байдлыг таслан зогсоох талаар ажиллаж байна. БОАЖ-ын Сайдын тушаалаар томилогдсон Ажлын хэсэг Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, БОАЖГ, МХГ-ын удирдлагуудтай Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг Орхон голын эхэд хууль бусаар ашигт малтмал олборлож буй этгээдүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар авсан арга хэмжээ, үр дүнтэй танилцсан.
Өнөөдрийг хүртэл дээрх үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа нь орон нутаг, төрийн байгууллагуудаас тавьсан удаа дараагийн шаардлагыг ААНБ-д хэрэгжүүлж ажлаагүй, Орхон гол бохироор урсаж байгаа нь Ажлын эцсийн үр дүн гараагүй байна гэж үзэн, аймгийн Засаг даргад уг асуудлыг хугацаа алдалгүй нэн даруй шийдвэртэй арга хэмжээ авч дээрх хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, албадан гаргах арга хэмжээг гүйцэтгүүлэх асуудлыг тавьсан.
Аймгийн Засаг дарга тавьсан асуудлыг хүлээн авч хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, шаардлагатай арга хэмжээг авах эрх бүхий Ажлын хэсгийг байгуулах, БОАЖ-ын Сайдын тушаалаар томилогдсон ажлын хэсэг уг арга хэмжээнд Мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар тохиролцсон.
Тус Ажлын хэсэг болон Архангай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 2011 оны 09-р сарын 13-ны өдөр Орхон голын урсац бүрэлдэх эхэд ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газарт ашиглалт явуулж буй ААНБ-ыг албадан гаргах ажлыг эхлүүлсэн. Уг ажлыг гүйцэтгэх ажиллагаанд аймгийн Цагдаагаас 20, Онцгой байдлаас 15, ажлын хэсгийн 7 гишүүн болон БОАЖ-ын Сайдын тушаалаар байгуулагдсан БОАЖЯ, МХЕГ, УМБГ, МБОИЗ болон хэвлэл мэдээллийн төлөөллөөс бүрдсэн 14, нийт 66 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаа.
2011 оны 09-р сарын 15-ны өдрийн 15 цагийн байдлаар 105 техник, тоног төхөөрөмж /34 ковш, 11 эксковатор, 50 самосвол, 10 усан буу/, 285 хүн, 57 гэрийг гаргасан. Үргэлжлүүлэн Аймгийн Засаг даргын Захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг дээрх үйл ажиллагаа бүрэн дуустал ажиллах үүрэг аван ажиллаж байна.
Б.Ганбилэг
URL: