Айдсаар аргалж, махны үнийг буулгав
Махны үнэ хямдарсан тухай таатай мэдээлэл сая гаруй хүн амтай хотын иргэдийг хөдөлгөөнд оруулжээ. Учир нь, хэд хоногийн өмнөөс хонины ястай мах кг нь 2800 төгрөг болсон тухай ам дамжсан яриа олон хүнийг“Хүчит шонхор” худалдааны төвийг зүглэхэд хүргэсэн бололтой.
Уг нь цагийн зүү 7:46-г зааж байв. Бямба гаригийн өглөөний илч муутай нар дээрээс бус дэргэдээс ээж буй мэт сэтгэгдэл төрүүлэвч цаанаа жиндүүхэн. Дэнжийн 1000-ын бүүдгэр гудамж, “Хүчит шонхор” захын зэвхий саарал хашаа сэрүүхэн өглөө урдын байдгаасаа ч уйтгартай санагдав.Хэдий ийм ч тус захыг тойрсон хөл хөдөлгөөн хэдийнэ эрчимжсэн янзтай.
Бүхээгтэй том тэрэг захын хажуугийн замын нэгдүгээр эгнээнд оврын гэрлээ анивчуулан зогсохын зэрэгцээ хэд хэдэн тэвштэй машин түүнтэй барьцсан мэт эгнэжээ. Орон нутгаас мах худалдахаар ирсэн нөхөд мөн гэдэгт итгээд явж очтол бүгд Улаанбаатар хотын дугаартай байв. Тэнд надтай тоож уулзах хүн байсангүй. Харин захын хашаанд байдал тэс өөр…
Том, жижиг ачааны машин, микроноос гадна суудлын жижиг тэрэгний тэвшнээс хонь, ямааны гулууз, адуу, үхрийн өрөөл зэргийг худалддаг аж. Түүнийг ихэвчлэн махны жижиглэн худалдаа эрхэлдэг хүмүүс бөөндөж авдаг байна. Сүхбаатар аймгаас Доржбат гэж өөрийгөө танилцуулсан залуу 5-6 тонн орчим үхэр, хонины махтай өнгөрсөн баасан гаригт иржээ.
Түүний хэлж буйгаар худалдан авалт ойрын үед тун гайгүй хэдий ч махны үнэ буурсан тул ашиг муутай байгаа аж. Харин махны үнэ хямдарсан шалтгааныг тэрбээр шууд л иргэдийн худалдан авах чадвар муудсантай холбон тайлбарлав.
Түүний үзэж буйгаар эдийн засгийн хямралтай холбогдуулан өнгөрсөн амралтын өдрийн байдлаар хонины ястай мах3500, үхрийн ястай мах дунджаар 5000 төгрөгт хүртэл унажээ. Энэ нь бодит байдал дээр тус захын өнгөрсөн намрын үеийн ханшаас 1500 орчим төгрөгөөр хямдарсан үзүүлэлт юм байна.
Тэгвэл хонины гулууз мах дунджаар 20 кг-тай байдаг. Тэгэхээр хонины гулууз мах дунджаар70 мянган төгрөг хүрдэг гэсэн үг. Үүн дээр нэхий, өлөн гэдэс, таван цул, толгой шийр дайврыг нь10 мянгад багтаан тооцвол нэг хонь дунджаар 80 мянган төгрөг“барих” нь. Тэгвэл зүүн гурван аймгийн малчдын хотонд төлөг 50, эр хонь 90-100, эр ямаа 60-80 мянган төгрөгийн үнэтэй байгаа гэнэ.
Мөн Булган аймагт хүнсэнд хэрэглэх бяруу 250 мянган төгрөгтэй байгаа бол Налайх дүүрэг орчимд 300 мянган төгрөгийн дундаж ханштай байгаа юм. Үүнээс үзэхэд ченжүүдийн ашиг бог мал тутмаас багаар бодоход 20 мянган төгрөг болж байна. Үүнээс шатахуун гэх мэт урсах зардлаа хасахаар ашиг нь улам л багасна.
Харин ямааны мах тус захад жижиглэнгийн үнээр 3000 төгрөгтэй байв. Ямааны нэг гулууз нь 20 кг гэж тооцвол энэ жилийн хувьд 60 мянган төгрөгт л хүргэж борлуулж чадахаар байгаа юм. Гэтэл өнгөрсөн жил нэг ямаагаар100 мянган төгрөгийг өлхөн олдог байжээ. Энэ талаар махны худалдаачин н.Лхагваа “Бид бөөний үнээр аваад жижиглэнгээр л худалддаг.
Махны үнэ өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад тааруу байгаа учир мэдээж орлого муутай байгаа. Миний ажиглаж буйгаар малаа цөөлөх сонирхолтой малчид сүүлийн жилүүдэд эрс олширсон. Тиймээс махны ченжүүд малчдын хотноос мал авах шаардлагагүй болж байгаа юм. Энэ байдал цаашлаад жижиглэнгийн үнэд нөлөөлж байна” хэмээсэн. Түүний хэлснээр малчид гэрийнхээ гаднаас ченжүүдэд ачуулахаас илүүтэй айл саахалтаараа нийлж, Улаанбаатарт ирэхийг илүүд үздэг болжээ.
Харин энэ захын худалдаачид үхрийн махны кг тутмаас 800-1000, хонины махнаас 500 төгрөгийн ашиг“хардаг” байна. Ийнхүү махны ханш буурсан талаар тус захын худалдаачин Х.Амгаланбаяр“Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрийг бодвол махны үнэ бага зэрэг сэргэж байна.
Тухайн үед хонины мах кг нь 2800 төгрөг хүрсэн шүү дээ. Захын хашаагаар дүүрэн мах худалддаг хүмүүс л болсон байсан. Тиймээс махны нийлүүлэлттэй холбоотой байх. Ийнхүү махны үнэ уначихаад байхад их хэмжээгээр мах худалдан авах иргэд алга” гэж байлаа.
ҮНЭ БУУРАХАД НӨЛӨӨЛСӨН ШАЛТГААНУУД
Мал тооллогын өнгөрсөн оны урьдчилсан дүнгээр манай улс 51 сая 982 мянган толгой мал тоолуулжээ. Энэ жилийн хувьд зорилт ёсоор 15 сая төл мал хүлээж авсан. Тэгвэл 2012 онд манай ул с40432.9 мянган толгой малтай байхдаа үхрийн махыг 8200 төгрөгөөр авч хүнсэндээ хэрэглэж байв. Гэтэл үхрийн махны олон улсын дундаж үнийг төгрөгөөр тооцвол 7600 орчим байжээ.
Тодруулбал, АНУ, ОХУ, БНХАУ-аас бусад нь манайхаас хямдхан мах хэрэглэж байв. Тэр ч бүү хэл Франц, Англи, Герман, Австрали зэрэг том улсыг бараадахгүйгээр хол орхиж байжээ. Гэвч энэ үед зүүн гурван аймаг хийгээд Төв, Ховд, Говь-Алтай зэрэг аймагт малын гоц халдварт өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоож байж. Үүнээс шалтгаалж, нийслэлийг хангах махны хэмжээ багассан гэсэн үг.
Цөөн үгээр хэлбэл, нийлүүлэлт багатай үед ченжүүд малын махыг багаар бодоход дөрвөн “гар” дамжуулан нийслэлд хүргэдэг байсан аж. Энэ шат дамжлага бүрт үнэ нэмэгддэг байсан нь ойлгомжтой. Гэтэл энэ намрын хувьд малын гоц халдварт өвчин гарч, хорио цээр тогтоосонгүй.
Үүнээс гадна малчид мал, махаа ченжид худалдахаас илүүтэй хот оруулж ирэхийг илүүд үздэг болсон нь энэ төрлийн таваарын үнэ буурахад онцгой нөлөөлжээ. Мөн албан бус мэдээллээр малчид мичин жилийн зуднаас эмээхдээ малынхаа тоог цөөлөх бодлого барих болсон гэнэ. Энэ мэт шалтгаанаас нийслэлийн махны нийлүүлэлт өнгөрсөн оноос 30 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
АЙДСААР АРГАЛАХ АРГА
Хатуу өвөлтэй нүүр тулах тухай Засгийн газар наадмын дараагаас эхлэн сануулсан. Зөвхөн энэ байдал“Мичин жилийн зуд болно” гэсэн айдсыг малчдад төрүүлжээ. Тиймээс зуданд малаа алдаж байхаар хямдхан ч гэсэн борлуулсан нь дээр гэсэн санаа тэдэнд төрсөн нь дамжиггүй.
Үнэндээ өвлийн бэлтгэлээ хангах нь юуны буруу байх билээ. Мөн малынхаа тоог цөөлж, үржил шим сайт цөөн тооны малтай байх нь ч буруу биш. Гэтэл энэ байдал макро эдийн засагт ихээхэн сөрөг үр дүн өгч эхэллээ. Сүүлийн жил гаруй хугацаанд хэрэглээний үнийн индекс махнаас шалтгаалж нэмэгдсэнгүй.
Хэрэв энэ төрлийн бүтээгдэхүүн дарамт үзүүлсэн бол эдийн засгийн таагүй цаг үед байдал улам хүндрэх байлаа. Тиймээс л махны үнийг манай улсын засгийн газар бодлогоор тодорхойлсон болж таарч байна. Бүр энгийнээр хэлбэл“мичин жилийн зуд болно” гэсэн дөрөвхөн үгээр малчдыг айдсаар нь аргалсан гэсэн үг.
Ийм тулдаа махны нийлэлт нэмэгдэж, зах зээлийн жамаар жижиглэнгийн үнэ ч мөн буурсан дүр зурагтай байна. Гэвч бид монгол зурхайн тооллоор бол мичин жилийн зудтай ирэх өвөл уулзахгүй. Учир нь, цагаан сарын дараа буюу хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс эхэлж мичин жилтэй золгох юм. Чухамдаа ирэх улиралд бид хонин жилийн өвөлтэй золгох юм.
МАХНЫ ҮНЭ БУУРАХ НЬ МАЛЧДАД…
Махны үнэ буурах нь малчдын ашиг орлогод шууд нөлөөлнө. Тиймээс энэ жилийн хувьд малчид малынхаа ашиг шимийг санасан хэмжээндээ хүртэж чадахгүй гэсэн үг. Тиймээс тэдэнд байгаа боломжит цаг нь уламжлалт цагаан сарын баяр байж ч мэдэх нь.
Гэвч махны үнэ буурсан нь улсын эдийн засагт эерэг үзүүлэлт болж байгаа юм. Чинээлэг малчдын орлого хумигдаж байгаа нь бодит байдал. Энэ бол зах зээлийн л зарчим.
Харин энэ цаг үед малчдын амьдрал хэцүүдэж байгаа тухай санаа тавих хүн олон болжээ. Гэвч100-200 толгой малтай айл унаа хөлөглөж, багаар бодоход 5-10 тонн мах аваад их хотын зүг ашиг олохоор давхидаг эсэхийг бодох ёстой л баймаар юм.
МИЧИН ЖИЛД ЗУД БОЛДОГ УУ
Юутай ч баримттай байгаа мэдээгээр 1944 оны мичин жилийн зуд 100 гаруй хоног үргэлжилж, 10 орчим сая малыг авч одсон гэдэг. Тэгвэл үүнээс 12 жилийн дараа буюу1956 онд ган, зуд болж 2.2 сая мал хорогджээ. Мөн 1968 оны мичин жил зуд болж, дөрвөн сая гаруй малаа алдаж байжээ. Энэ бол түүх.
Цаашлаад мичин жилд зуд болдоггүй хэмээн үгүйсгэж болохгүй цаглабар… Тэгвэл 1970-1990 онд цөөнгүй удаа зуд болж байжээ. 1990-2000 онд мичин жил байгаагүй ч гэсэн 12 аймгийн 157 суманд зуд болж, 2.4 сая толгой мал, үүнээс жилийн дараа 20 аймгийн 192 сум цасанд дарагдаж, 3.5 сая малаа тавиад туусны зэрэгцээ улсын хэмжээнд 5000 орчим айл өрх малгүй болж байжээ. Харин ирэх хонин жилийн өвөл өмнөх мичин жилүүдээс илүүтэй сэтгэл зүйн айдас дагуулж эхлэх нь.
Д.Булган
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: