Э.Бат-Үүлд сонирхолын зөрчлийн хууль үйлчлэх үү

Сонгуулийн өмнөх нам хоорондын “зодоон” ширүүхэн өрнөж байна. НИТХ дахь МАН-ын бүлгийн 12 төлөөлөгч хотын дарга Э.Бат-Үүлийг хүү  Чулуудайнхаа барилгын компанийг тендерт шалгаруулж, батламж олгосоноор хувийн ашиг сонирхолын зөрчлийн хуулийн тодорхой зүйл заалтуудыг зөрчсөн тул огцрох ёстой гэж үзсэн бол хотын дарга Э.Бат-Үүл сөрөг хүчнийхээ төлөөллийг шүүхэд өгөхөө мэдэгдээд байгаа.

НИТХ-ын ээлжит хуралдаанаас “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн 24-н байршлыг баталж “Орон сууцжуулах төсөл”-ийг сонгон шалгаруулах ажил явагдахад Э.Бат-Үүл Баянзүрх дүүрэг дэхь хамгийн байршил сайтай цэгт хүүгийнхээ компанийг шалгаруулсан нь хотын парламентынхны дунд хэрүүлийн алим хаяад байгаа юм.

Хотын парламент дахь МАН-ынхан Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэснийг ноцтой зөрчсөн.

Мөн Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргахдаа тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасан “Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй.”, “Авлигын эсрэг хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;” гэснийг тус тус зөрчин өөрийн хүү Б.Чулуудайн “Грандлайн” ХХК-ийг илтэд нуун дарагдуулж, сонгон шалгаруулсан нь Засаг дарга огцрох хангалттай хуулийн үндэслэл байна гэж үзэж байгаагаа НИТХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан билээ.

Хоттой холбоотой асуудлаар шүүхэд татагдсан, шалгагдсан, ял сонссон эрхэм нэг биш. Ерөнхийлөгч Н.Энхбаярын 2.1 тэрбум төгрөгийн өртөгтэй “Өргөө” буудлын хувьчлалийн хэрэг л гэхэд Хотын дарга асан Т.Билэгт, Ц.Батбаяраар зогсохгүй олон хүнийг хөлдөө чирч зарим холбогдогч нь өнөөдрийг хүртэл интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа. Хачирхалтай нь цагаан захтанууд буюу албан тушаалын хэргээр ял сонсч аавын хаалга татсан эрхмүүдэд үйлчлээд байдаг сонирхолын зөрчлийн хууль улсын баатар  Э.Бат-Үүлд үйлчлэх эсэх нь эргэлзээтэй байна.

Хотын дарга Э.Бат-Үүл хүүгийнхээ компанийг гэр хороололд барилга баригчаар шалгаруулсан, мөнгө төгрөг шилжүүлсэн баримт сэлт нь хэвлэлийнхний гарт байсаар байтал “хохирогч”-ийн дүртэйгээр албан ёсны мэдэгдэл уншиж, нэр төрөө сэргээлгэнэ гэсэн нь “уснаас хуурай гарна” гэсэнтэй утга нэг сонсогдож байна. Хотын захирагч Э.Бат-Үүлд сонирхолын зөрчлийн хууль, авилгын хууль үйлчлэх эсэхийг зөвхөн цаг хугацаа л харуулах бололтой.

Н.Болд

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих