БНСУ-д монголчуудаа залилсан залилагчийг шалгаж эхэллээ
БНСУ-д монголчуудаа залилсан залилагчийг УМБГ-аас шалгаж эхэлжээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн Э нь Сөүл хотын “Монгол Таун”-д “Капитрон” банктай хамтран “Хадгаламж Кореа” гэх банк бус санхүүгийн байгууллага байгуулсан байна. Улмаар тэнд ажиллаж байсан монголчуудын нэр дээр хадгаламж нээх, мөнгөн гуйвуулга хийх нэрийдлээр нутаг нэгтнүүдээ залилж, онц их хэмжээний хохирол учруулсан аж.
Одоогоор 20-иод хүн хохирогчоор тогтоогдон байцаалт өгч байгаа юм байна. Тэдэнд учирсан хохирол урьдчилсан байдлаар 80 сая гэж гарчээ. Хохирогчдын тоо 40-50 хүрч болзошгүйг албаны эх сурвалж хэллээ. Тиймээс 2005-2006 онд БНСУ-д ажиллаж байхдаа “Хадгаламж Кореа” гэх банк бус санхүүгийн байгууллагад хадгаламж нээлгэсэн, ар гэрийнхэн рүүгээ мөнгө шилжүүлэх гэж байгаад залилуулсан иргэд байвал УМБГ-т хандахыг албаны хүмүүс анхааруулж байна.
Б.Чимэг
Zaluu.com
URL: