Байт харваачид олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо
Монгол Улсын байт харвааны шигшээ багийнхан Гүржийн Батуми хотод аравдугаар сарын 14-17-нд болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо.
Нийт 12 орны эрэгтэй 52, эмэгтэй 32 тамирчин онч мэргэнээ сорьсон тэмцээний үеэр бороотой, цаг агаар тааламжгүй байсан ч энэ нь манайхныг медалийн хур буулгахад саад болж чадсангүй.
Эмэгтэйчүүдийн хувийн шигшээ харваанаас ОУХМ Н.Ариунбилэг алт, эрэгтэйчүүдийн хувийн шигшээ харваанаас ОУХМ Ж.Гантөгс мөнгөн медаль хүртсэн нь эхлэл байв.
Тэмцээний гурав дахь өдөр болсон бүх харваа манайхны ноёрхол дор болж, холимог багийн төрөлд ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Д.Мирослава, эрэгтэйчүүдийн багийн төрөлд ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Г.Ган-Эрдэнэ, ОУХМ Б.Отгонболд, эмэгтэйчүүдийн багийн төрөлд ОУХМ Д.Мирослава, ОУХМ Н.Ариунбилэг, СМ Ч.Оюунтунгалаг нар алтан медаль хүртлээ.
Монголын байт харваачид өдгөө Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, “Рио-2016” олимпийн наадмын эрх авахыг зорьж байна.
Э.Гүнтөмөр
Эх сурвалж: Mongolcom.mn
URL: