Батлан хамгаалахын сайд Ц.Цолмоны даварсан ааш…
УИХ-ын МАХН-МҮАН-ын “Шударга ёс” гэгч эвслээс Батлан хамгаалахын сайдаар “тодроод” жил ч болоогүй байгаа Ц.Цолмон гэгч этгээд Батлан хамгаалах салбарт ёстой л дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж, цэргийнхний нүдийг бүлтийлгэж чихийг дэлдийлгэсээр байгаа гэнэ шүү.
Улс орны үндэсний аюулгүй байдлын тэргүүн зэргийн тусгайлсан чиг үүрэгтэй энэ байгууллагыг Ц.Цолмон гуай хувийнхаа компани гэж андуурав уу гэлтэй аашилж, ирсэн цагаасаа хойш баруун солгойгүй бужигнуулсаар байгаа тухай хэвлэл мэдээллээр нэг бус удаа олон түмний чих дэлсэж байсан боловч тэр “чихгүй толгой” царайлж, улам бүр даварч гаарсан хэвээр байгаа юм байна.
“Жингэр нохой хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг” гэгчээр, Монгол Улсын төрийн аль ч яаманд, түүний дотор БХЯ-нд “сайд” гэх сайхан нэртэй, хэн ч юм, улс төр нам эвслийн нэрийг урдаа барьсан нэгэн этгээд хүрч ирээд хойморт нь заларч л байдаг. Хийж бүтээсэн гэх олигтой юмгүй, “идэж цадаж, хэхэрч, хэвтэж” хэд хоноод, ил далд жаал зугаа “юм” хумсалж түрийвчилж аваад “төрхөмдөө” буцаад арилж л байдаг хөгийн жишиг Монгол Улсад тогтсоны “түүхт” 25 жилийн ой саяхан болов шив, хөөрхий. Тийм эрхмүүдийн тод нэгэн жишээ бол яахын аргагүй өнөөгийн Батлан хамгаалахын сайд, улс төрийн нам эвслийн өвөр түрий дамжсан “садар эр” Ц.Цолмон гэгч мөн гэдгээ өөрийнхөө үйлдлээр харуулсаар байна.
Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, батлан хамгаалах, цэргийн хэргийн өндөр мэдлэг боловсролтой, жинхэнэ цэргийн даргыг тайван цагт дотоод гадаадад тусгайлан бэлтгэхэд ерөнхий боловсролын 10 жилийн сургалтыг оруулахгүйгээр наад зах нь 8-10 жил шаарддаг юм.
Гэтэл тэгж олон жил тусгайлан бэлтгэгдэж, батлан хамгаалах салбарт хээр хөдөөгүй хэрэн явж, он удаан жил шат дараалан дэвшиж ажилласан, дадлага туршлага, цэргийн хөдөлмөрийн хат суусан, цэргийн жинхэнэ шалгарсан боловсон хүчнүүдийн толгой дээр хугацаат цэргийн алба ч хааж үзээгүй, адгийн наад зах нь цол, албан тушаалын зэрэг дэв гэж чухам юу байдгийг ч мэдэхгүй “үл мэдэгч”, нам эвслийнхээ эсвэл садан хамаатныхаа “нусан бурантагуудыг” хөтөлж ирээд БХЯ-ны газар хэлтсийн даргын өндөр албан тушаалд тавьчихаад бах нь ханасан, бас тавлаж тохуурхсан янзтай, хээв нэг хүйтэн царай гараган мушилзаж сууна гэдэг яав ч эрүүл хүний ухаан биш, харин зориудын хорлон сүйтгэх бодлого гэлтэй.
Ц.Цолмон сайдаар томилогдож ирмэгцээ БХЯ-ны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, туршлагатай хурандаа Х.Батсүхийг чөлөөлж өөрийн дагуул Д.Ганхуяг гэгчийг оронд нь томилж, хурандаа цол олгуулснаар батлан хамгаалах салбарыг “бужигнуулах их ажлын”-хаа гарааг эхэлжээ.
Төдөлгүй, БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, доктор, профессор, хурандаа Д.Мөнх-Очир гадаадад чухал ажлын томилолттой байх хооронд сайд Ц.Цолмон гуай самбаачилж түүний албан тушаалыг Төрийн албаны зөвлөлийн зөвлөмжийг илт зөрчин байж өөрийн найз, барлигын инженер мэргэжилтэй Ж.Алтансүх гэгчид “хулгайлан” авч өгчээ. Хурандаа Д.Мөнх-Очирыг олон түмэн, ялангуяа төрийн сайд дарга нар сайн л мэдэх учиртайсан. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Буш (Jorge W Bush) Монгол Улсад айлчлахад түүний орчуулагчаар ажиллаж байсан, аюулгүй байдал, цэргийн хэргийн боловсролоос гадна гадаадын хэд хэдэн хэлний өндөр түвшний мэдлэгтэй, манай Зэвсэгт хүчний тусгайлан бэлтгэгдсэн боловсон хүчний нэг билээ.
Мөн БХЯ-ны Хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын дарга, бригадын генерал Г.Энхбаатарыг өөрчилж, уг албан тушаалд МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад түүний хамгаалалтын ажилтан байсан Э.Бямбажав гэгчийг томилоод төд удалгүй түүнийгээ Канадын БХЯ-ны харьяа англи хэлний сургалтад журам зааврыг илт зөрчин байж явуулжээ.
Ц.Цолмон гуай эхнэрийнхээ дүү Т.Мөнхнасан гэгчийг БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн бөгөөд Тендерийн хорооны нарийн бичгийн дарга болгож, хэд хоногийн дараа түүнд шууд ахлах офицерын “хошууч” цол олгож, БХЯ-ны Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар суга дэвшүүлжээ.
“Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” (БХАҮН) төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ)-ын даргаар ажиллаж байсан туршлагатай хурандаа Б.Коляг мөн л ажлаас нь чөлөөлж, өөрийн хүргэн, энгийн Б.Алтангэрэл гэгчийг оронд нь томилсон байна.
Бас “Бөртэ” ТӨҮГ-ын дарга, ОХУ-д цэргийн дүрэмт хувцасны дизаинер, эдийн засагчийн мэргэжлээр бэлтгэгдсэн хурандаа Ж.Баясгаланг албан тушаалаас нь ямарч үндэслэлгүйгээр чөлөөлж, тэр жил Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг өмөөрч, өлсгөлөн зарлаж, үсээ зулгаах дүр эсгэж ТВ-ээр рекламдаж байсан авгай Д.Дуламсүрэн гэгчийг сайд Ц.Цолмон хүч түрэн томилсонд “Бөртэ” ТӨҮГ-ын мэргэжлийн бие бүрэлдэхүүн эгдүүцэн хүлээж авчээ.
Түүнчлэн Зэвсэгт хүчний ЦДБЭЧ-ын дарга Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, хурандаа Ч.Гансүхийг ажлаас нь халж, сонгуулийн үеэр МАХН-д хүчин зүтгэсэн Н.Гантулга гэгч (Асашёору Дагвадоржийн хадам ээжтэй холбогдсон ичгүүрт дуулианы эзэн) этгээдийг тохоон томилсон байна.
Мөн БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг төгссөн, цэргийн хэргийн өндөр мэдлэг боловсрол, дадлага туршлагатай хурандаа П.Жаргаланг албан тушаалаас нь зүй бусаар өөрчилж, оронд нь “Шударга ёс” эвслийн лоббийгоор хурандаа Д.Номтыг уг албан тушаалд тохоон томилжээ. Тэрхүү Д.Номт гэдэг офицер нь 1990-ээд онд арми төдийгүй улс орон нийгмийн өөр системд шилжиж, хэцүү байдалд байх үед цэргээс “хаалга саван” хаяж одоод, зэвсэгт хүчин хямралаас салж, дэгэж дээшлээд ирсэн 2000-аад оны эхээр улс төрийнхний дэмжлэгээр БХЯ-ны “тооноор” гэнэт орж ирээд хойморт нь заларсан зарим нэг “жаатай, зайтай” эрсийн төлөөлөл ажгуу.
Ц.Цолмон сайдын дуулиантай томилгоо үргэлжилж, саяхан БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатарыг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь Ерөнхий сайдын зөвлөх Б.Батсайханыг томилсон нь цэргийнхний дургүйцлийг бүр ч илүүтэй хүргэжээ. Хошууч генерал З.Болдбаатар нь БНПУ болон ОХУ-д цэргийн хэргийн 3 шатны сургууль төгсөж, цэргийн анги, байгууллага, ЗХЖШ, БХЯ-нд удирдах албан тушаалд шат дараалан дэвшиж ажилласан, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, жинхэнэ цэргийн бэлтгэгдсэн боловсон хүчний нэг. Гэтэл тэрхүү “диско” хочит Б.Батсайхан гэгч нь 1999 онд сайдын томилсон албан тушаалд дургүйцэж, хурандаа цолоо хураалгаж, цэргийн албанаас хөөгдсөн нэгэн ажээ. Тэрээр БНСУ-д гарч Монголд өөрийгөө улс төрийн талаар хавчигдаж, гадуурхагдаж байсан мэтээр ойлгуулан шашны нэгэн сүмийн ивээлд амьдарч, улс орныхоо нэрийг гутааж явсан этгээд гэнэ.
Төрийн, тэгэх тусмаа төрийн тусгай албанд хэрхэвч байж болшгүй зүй бусын ноцтой үйлдийг ч бас Ц.Цолмон сайд гаргадаг байна. БХЯ-ны тамга, санхүүгийн гарын үсэг бүхий баримт бичгийг хуулийн дагуу хадгалж, зохих ёсоор хямгадаж байх ёстой албан тушаалтнаас нь булаан авч, яамныхаа бичиг хэргээр дамжуулалгүй, гадны бусад байгууллагад 14 удаа албан бичиг нууцаар явуулсныг мэдсэн яамныхан цочирдож, бас гайхшаа баржээ. Тухайлбал, Хил хамгаалах ерөнхий газарт хандан хилийн хориотой зурваст геологи хайгуулын ажил эрхэлж, алтны уурхай авахыг хүссэн албан бичгийг яамныхаа нэрийн өмнөөс нууцаар явуулсан байна. ХХЕГ-аас энэ хүсэлт ямар учиртайг тодруулахаар хариу ирүүлсний дараа энэ асуудал БХЯ-нд сая ил болжээ.
Ц.Цолмон энэ салбарт сайдаар томилогдож ирээд тэнд “Зэвсэгт хүчний хөгжлийн сан” гэж чамгүй их мөнгө хөрөнгөтэй газар байдаг юм байна гэж ихэд олзуурхсан бололтой аашилж, цэргийнхний дунд “онигоо” болсон нь ч бий гэнэ. Дүрэм журмаараа бол Батлан хамгаалахын сайд харъяа анги байгууллагад очихдоо урьдчилан мэдэгдэж, ирэхэд нь тухайн байгууллагын бие бүрэлдэхүүн жагсаж, сайдаа хүндэтгэн угтдаг ёстой. Гэтэл Ц.Цолмонгийн нүдэнд мөнгө харагдаж, зарим цэргийн ангид амралтын өдрөөр ганцаараа сэм оччихсон, “Энд чинь барилга барьчихмаар юмуу даа?” гэж өөрөө өөртэйгээ яриад зогсож байсан гэх. Ийнхүү Ц.Цолмон гуай хувийн мөрөөдөлдөө хөтлөгдөн цэргийн зарим ангийн хашаанд барилга бариулахаар БХЯ-ны албан тушаалтнуудаа шахах болжээ.
Тус яамны холбогдох албан тушаалтнууд сайддаа хандан: “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зүгээс БХЯ барилга барихыг хориглосон. Ерөнхийлөгчийн хэлснээр, мөнгө байгаа бол орон сууцанд орох алба хаагчдынхаа байрны 30 хувийг БХЯ төлж, ипотекийн 8 хувийн зээлд хамруулъя. Тэгвэл 300 гаруй алба хаагч орон сууцтай болох боломжтой. Цэргийн ангийн хашаанд орон сууц барихаар бол Засгийн газрын тогтоол гаргуулж, тухайн цэргийн ангийн газрыг тусгай хэрэгцээнээс хасуулж, УМХГ, нийслэлийн ЗДТГ-аас зөвшөөрөл авч, барилгын компаниудын дунд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, техникийн нөхцөлүүдээ урьдаар хийлгэх нь зүйтэй.
Эс тэгвээс Лу.Болд сайдын үед эхлүүлээд одоо болтол ашиглалтад ороогүй, хэл амны бай болоод байгаа 300 айлын орон сууцтай адил ярвигтай асуудал гарах вий” хэмээн болгоомжилж, илтгэж учирлажээ. Гэвч Ц.Цолмон гуай яамныхаа газар, хэлтсийн дарга нарын үндэслэлтэй үгийг эс тоон, өнгөрсөн 4-р сарын 14-нд А/102 дугаартай тушаал гаргаж 089 дүгээр ангийн хашаанд “Цэрэг орд” нэртэй хотхон байгуулахаар тушаал гаргаж, төд удалгүй “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гаас барилгын төсөвт өртгийн 30 хувь буюу 960 сая төгрөг гаргаж, барилгын ажлыг эхлүүлэхийг тушаасан нь хуульд нийцэхгүй байгааг эрх бүхий албан тушаалтнууд нь сайддаа бас л илтгэж сануулсан байна.
Гэтэл сайд Ц.Цолмон гуай улайран зүтгэсээр, 089, 350-р ангиудын орчин дахь барилгын гүйцэтгэгчээр дээр дурьдсан БХАҮН ТӨҮГ-ын дарга, өөрийн хүргэн Б.Алтангэрэлийг томилжээ. Ер нь сайд Ц.Цолмон өөрийн хүргэн Б.Алтангэрэлээ БХАҮН-ийн дарга болгосноос хойш тус яам, харьяа байгууллагуудаас зарласан бүх тендерийг зөвхөн энэ ТӨҮГ дангаараа авдаг буруу жишиг тогтсон байна. Энэ оны эхний 10 сарын байдлаар, БХЯ-наас зарласан 39 багц бүхий 1.7 тэрбум төгрөгийн тендерт хүргэн Б.Алтангэрэлийнх нь удирдсан нэгдэл шалгарсан байх юм. Тус нэгдлийн шалгарсан тендерийн нийт өртөг 37 тэрбум төгрөг даваад байгаа ажээ.
Энэ нь холбогдох хууль эрх зүйн заалтаар бол, сайд Ц.Цолмон гуай ашиг сонирхлын зөрчилтэй болохыг гэрчилж байна биш үү?. Эсвэл хууль тогтоолцож, биелэлтэд нь хяналт тавьж, өөрөө үлгэрлэн дагуулах учиртай УИХ, Засгийн газрын гишүүн Ц.Цолмонд энэ бүхэн хамаагүй юм болов уу?!
Ц.Цолмон гэгч энэ увайгүй этгээд анхандаа МАХН-ын гишүүн байж, түүнийхээ ачаар ОХУ-д Элчин сайдын өндөр сэнтийд заларч байсан. Дараа нь 1990-ээд онд Монголын улс төр бужигнахад Эрэлийн “Эх орон” гэх намд элсчихсэн “ура” хашгираад, “сэлэм” эргүүлээд давхиж явсан. Төд удалгүй МАН-д орчихсон таваргаж байснаа, удалгүй МҮАН гэгчид шургалчихсан цохиж явсан. Бас дараа нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг дагаж навсайгаад “МАХН мандтугай, мануус нь идтүгэй” гээд цогиж явсан гээд улс төрийн энэ “шар сэмжилсэн садар өвгөн”-ий тухай ярьж бичээд байвал хөгийн түүх хангалттай хөвөрнө.
Сайд Ц.Цолмонгийн тухай дээр дурьдсан зүй бус үйлдлүүдийг гадарласан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэдэн сарын өмнө түүнд албан ёсоор сануулга өгч, цаашид энэ талаар анхаарч ажиллахыг үүрэг чиглэл болгож байсан санагдах юм.
Гэвч, БХЯ-нд Ц.Цолмон гуайн үргэлжлүүлэн гаргаж байгаа увайгүй ааш араншинг ажихуйд, тэрээр УИХ-ын МАХН-МҮАН-ын “Шударга ёс” гэгч эвслийн гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын “хайр ивээл, нөмөр нөөлөг”-т баттай багтсан, түүний “улаан фэн” гэдэгтээ итгэж, Монгол Улсын өнөөгийн Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн өөдөөс ханцуйн дотроосоо “салаавч” үзүүлсээр байгаа нь цаанаа нэг л “битүүлэг учиртай” санагдана .
Манай цэргийнхэн дэндүү хүлээцтэй, бас хүлцэнгүй, даруу томоотой болохоор “номхон тэмээг ноослоход амар” гэгчээр түүнийг увайгүй улс төрчид, тэдний “долдойнууд” тал бүрээс нь “зулгааж идээд” мөд дуусгах нь байна шүү!!
БХЯ-нд Ц.Цолмон гэгч сайд нэртэй саваагүй этгээдийн балаг үргэлжилсээр байгаа жишээг бодитой баримтаар иш татвал ийм байна.
Галт зэвсэг барьсан хүмүүсээр хэтэрхий даажигнах нь хүүхэд галаар тоглохтой адил биш үү эрхэм Ерөнхийлөгч өө?!
“Өөрийн цэргийг олигтой тэжээж чадахгүй бол хүний цэргийг хүчээр тэжээнэ” гэдэг үг гашуун боловч үнэн юм шүү гэдгийг эргэж нэг бодоход илүүдэх юун.
Бэлтгэл офицер Б.Зориг
URL: