ДОХ-ын вирүс тээгчийн тоо 97-д хүрчээ

ДОХ-ын вирүс тээгчийн тоо 97-д хүрчээ. Энэ тухай ХӨСҮТ-ийнхний мэдээлж байгаагаар “ДОХ-ын вирүсээр өвчлөгч 97 иргэн бүгд бэлгийн замаар халдварласан.

Тэдний 80.4 хувь нь эрэгтэй, 19.6 хувь нь эмэгтэй. Халдвар тээгч эрчүүдийн 90 хүртэлх хувь нь ижил хүйстэн бол эмэгтэйчүүдийн 55.6 хувь нь биеэ үнэлэгч. 20-45 насныхан зонхилох хувийг эзэлж байгаа бөгөөд халдвар тээсэн иргэдийн 66 нь нийслэлд, 13 нь орон нутагт, тав нь гадаадад амьдарч байгаа.

Ингэхдээ тэдний 13 нь өвчний улмаас амь насаа алдсан” гэсэн судалгаа гарчээ. Энэ оны эхний найман сарын байдлаар 14 иргэн шинээр бүртгэгдсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар манай улсад 500 гаруй иргэн ДОХ-ын вирүсээр өвчилсөн байх магадлалтай аж. Иймд эрсдэлтэй бүлэгт хамаарах хүнтэй бэлгийн харилцаанд орсон бол эмнэлэгт яаралтай хандахыг холбогдох мэргэжилтнүүд анхааруулж байна. Эрсдэлтэй бүлэгт биеэ үнэлэгч, ижил хүйстэн болон ганц бие хүмүүс хамаардаг юм.

Д.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих