Нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Зундуйн Доржийг маргааш сүүлчийн замд нь үднэ
Уран бүтээлээрээ ард түмнийхээ сэтгэл зүрхэнд хоногшсон нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Зундуйн Дорж 2015 оны аравдугаар сарын 12-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, бид бүхэнд хүнд гарз тохиосон билээ.
Түүнтэй салах ёс гүйцэтгэх ажиллагаа 2015 оны 10 дугаар сарын 19-ний Даваа гаригт Төмөр замын соёлын ордонд болох юм байна. Утга зохиол урлаг, соёл, нийгмийн нэрт зүтгэлтнийг сүүлчийн замд нь үдэх ёслол өглөөний 07.40 цагаас 08.40 цагийн хооронд болох бөгөөд түүний гэр бүл, УИХ, Засгийн газрын зарим гишүүд, найз нөхөд, урлаг соёлынхон болоод түүний уран бүтээлийг шимтэн уншдаг уншигчид оролцох аж. Талийгаачийг 09.40 цагт Алтан-Өлгийд нутаглуулахаар болжээ.
Зундуйн Дорж нь ард түмний сэтгэлд хоногшсон “Сүүтэй чулуу”, “Эрдэнэ засгийн унага”, “Эрийн цээ”, “Үхэгсэдийн дараах ганцаардал” роман, “Уулын модод”, “Хасагдавч үрэгдээгүй зохиолууд, хаягдавч дарагдаагүй зохиолууд”, “Байтагт мөнхөрсөн арав”, “Америк хүүхнүүдийн нүүрний баясгалан”, “Миний хайртай дайснууд” шүлгийн түүвэр, “Нас тогтох сайхан”, “Тоодог шандын булаг” зэрэг мянга мянган шүлэг, яруу найраг, дууны үг, роман, тууж, сурвалжлага, нийтлэлүүд туурвисан манай нэрт зохиолч, яруу найрагч байв.
Нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч З.Доржийн Монголын утга зохиолын хөгжилд оруулсан хувь нэмрийг төр, засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн хүндэт медаль, Сүхбаатарын одон, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, 1993 онд “Эрдэнэ засгийн унага” түүхэн роман туурвисны учир Монгол Улсын Төрийн соёрхол хүртээжээ.
Мөн түүний уран бүтээлийг мэргэжлийн байгууллага, хамт олон нь өндрөөр үнэлж Монголын Зохиолчдын Эвлэлийн болон Монголын Сэтгүүлчдийн Холбооны нэрэмжит шагнал, Монголын радиогийн тэргүүний ажилтан, “Малчны алдар” одон хүртээсний зэрэгцээ 2009 онд олон нийтийн санал асуулгаар Монголын ард түмний дээд шагнал “Ард түмний баатар” цолоор шагнажээ.
Талийгаачийн гэгээн дүр, бүтээл туурвил, эх орноо гэсэн халуун сэтгэл, хүнлэг энэрэнгүй, ажилч, хөдөлмөрч зан чанар нь монгол түмний сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.
Ум сайн амгалан болтугай.
URL: