Ц.Элбэгдорж: Хүүхэд, ахмад настан хоёрт бид гар татах ёсгүй

“Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” үндэсний II зөвлөгөөн болж өндөрлөлөө. Уг зөвлөгөөнд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт явуулсан юм. Илгээлтийг Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд уншиж сонсгов. Ерөнхийлөгчийн илгээлтэд:

“Манай орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн ахмад үеийнхэн, азай буурлуудын маань төлөөлөл, хүндэт зочид Та бүхний түмэн амгаланг айлтгая.

Бид, төр засгаас хийж хэрэгжүүлэх ажил, хийсэн бүтээснээ ямагт тайлагнаж, алдаа оноогоо дүгнэж цэгнэж байх учиртай. Өнөөдрийн энэхүү зөвлөгөөний зорилго ч үүнд чиглэж байгаа.

Монгол Улсын хөгжлийн үндэс бол төр, түмний ажил үйлсэд иргэн нь идэвхтэй оролцдог байхад оршино. Өсөх нас нь өтлөх насаар солигдсон ч гэсэн үүнд манай ахмадуудын оролцоо маш чухал билээ.Ахмадуудын билгийн нүд нь нээгдсэн байдаг. Тэд бусдад сургаал хэлэх бүрэн эрхтэй хүмүүс. Бид ахмадуудынхаа үгийг хүлээцтэй сонсох ёстой. “Сургаал сонсолгүй зуун жил амьдарснаас сургаалыг мэдэж нэг өдөр амьдарсан нь дээр” гэдэг үг байдаг.

Та бүхний туулсан зам, хуримтлуулсан туршлага, өвлөсөн ёс заншилбол ирээдүй хойчийн замын эхлэл, багш чиглүүлэгч,соёл уламжлал болох учиртай тул зуун зуунаар улс үндэстнийг оршин тогтноож ирсэн ахмад үеийнхний энэхүү түүхэн үүргээ ухамсарлаж, хөгжлийн хөтөч болж явахыгчин сэтгэлээсээ хүсье. Үүний тулд залуу үе ахмадаасаа өвлөдөг, суралцдаг, ахмад үе залуустаа зөвлөдөг, залгамж халаагаа бэлддэг хандлага, орчин нөхцөл, тогтолцоог сайжруулах нь чухал юм.

Миний бие 2013 онд болсон Ахмад настны анхдугаар зөвлөгөөнд “Монголчууд өвөг дээдсийнхээ алдар нэрийг өөрийн нэрнээс эрхэмд үздэг, тэдний хийсэн бүтээснээр бахархдаг, нэр алдрыг нь өргөж явахыг эрмэлздэг, ахмад настнаа хэзээ хаана ч өрц зүрхнийхээ гүнд бат шүтэж явдаг болохоор өөрийн аливаа зөв үйлдлээ тэднийхээ сайн үйл ажиллагаа, нэр алдартай холбож боддог эртний ёс заншилтай ард түмэн. Бид бүгдээрээ ахмад настан болно. Ахмадуудаа хүндэлж, халамжлах нь хүний ёс, төрийн үүрэг мөн” гэж тодотгон хэлж байснаа санаж байна. Ахмад настныг нийгмийн баталгаагаар хангах нь төрийн үүрэг бөгөөд төр бодлогоор дэмжихийн сацуу орчин үед ахмадаа хүндэтгэдэг ардын уламжлалаа таслахгүй, улам дэлгэрүүлэх нь хамгийн том нийгмийн баталгаа болохыг энд дурдах нь зүйтэй.

Хэдийгээр төр засгаас ахмад настны талаар бодлогын чанартай олон арга хэмжээ авч явуулж байгаа боловч төсвийн хүндрэл гээд санхүүжилт нь бүрэн шийдэгдэхгүй, хасагдаж танагдсан асуудлууд бий. Хүүхэд, ахмад настан хоёрт бид гар татах ёсгүй гэдгийг энд онцлон хэлье.Ахмад настны нийгмийн халамж, хамгааллын асуудал одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд хангалттай биш ч шийдвэрлэгдээд явж байгаа. Харин ахмад настны бие даан амьдрах, хөдөлмөрлөх, нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцох, алдагдсан боломж, чадвараа нөхөн сэргээх, хөгжих зэрэг эрх бүрэн гүйцэд хуульчлагдаагүй байна. Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн талаар ажлын эхлэл байгаа ч хүртээмж багатай байгааг холбогдох яам, агентлаг, орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллах хэрэгтэй.

Өнөөдөр дэлхий дахинд насжилт эрс нэмэгдэж, энэ нь шийдвэрлэх ёстой нөхцөл байдлыг бий болгож байна. Үүнийг даван туулах зорилгоор Нэгдсэн Үндэстний байгууллагаас ахмад настны эрхийг хамгаалах бие даасан конвенцийг батлуулахаар 2013 онд Хүний эрхийн байгуулллагуудаас бүрдсэн ажлын хэсгийг байгуулсанд манай улс багтсан бөгөөд одоогоор судалгааны ажлууд хийгдэж байна. Энэ талаар миний бие онцгойлон анхаарч ажиллах болно.

Та бүхэн энэхүү Үндэсний зөвлөгөөнөөрөө ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар асуудлыг сайтар тунгаан хэлэлцэж, олон чухал саналсанаачлагагаргана гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч итгэж байна.

Та бүхэнд эрүүл энх, урт насалж, улс орныхоо хөгжил цэцэглэлийн сайхныг үзэн баясаж байхын өлзий дүүрэн ерөөлийг дэвшүүлж, зөвлөгөөний үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье” гэсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих