Сэргэсэн Сэлбэтэй ирэх жил ”уулзана”
“Сэлбэ гол цагтаа энэ даланг халих шахам урсч байсан. Багадаа тоглож байсан цаг маань саяхан санагдаж байна. Гэтэл одоо Сэлбэ маань урсах төдийхөн болсныг хараад харамсах юм” гэж Монгол Улсын Ардын жүжигчин Г.Хайдав гуай хэлж байна. Нээрээ тэдний залуу үед Сэлбэ ямар сайхан урсч байсан бол гэж бодогдох шиг. Бид харж үзээгүй болохоор төсөөлөхөд ч хэцүү. Орчин цагийн хүүхдүүдийн хувьд ухаан орон цагаас хойш л Сэлбэ чимх чимхээр хорогдсоор одоо амь тасрах шахаж буй.
Өнгөрсөн баасан гаригт Сэлбэ голыг сэргээх төслийн нээлт болсон юм. Нээлтийн ажиллагаанд Засгийн газрын тэргүүн С.Батболд, Хотын захирагч Г.Мөнхбаяр болон бусад албаныхан болон их, дээд сургуулийн оюутнуудын төлөөлөл оролцлоо. Монгол Улсын Ардын жүжигчин Г.Хайдав гуайн дээр хэлсэнчлэн ундаалж, тоглож өссөн ус минь дундарсныг нийслэлчүүд харж байгаа билээ.
Сэлбэ голыг сэргээх төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооноос санаачлан, одоо ажлыг нь Сүхбаатар дүүргийнхэн хариуцан ажиллаж байгаа. Энэ төслийг хэрэгжүүлж, гол орчмыг тохижуулахад таван тэрбум 600 сая төгрөг шаардлагатай. Одоогоор 700 сая төгрөгийн ажил хийж дууссан. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын гишүүний багцаас нэг тэрбум төгрөг хандивласнаар энэхүү ажил урагштай, түргэн шуурхай үргэлжлэхээр болсон гэж Сүхбаатар дүүргийн удирдлагууд хэлж байсан. “Эдийн засаг хөгжихийн хнрээр, хүмүүсийн амьдрах орчин, нөхцөл сайжрах юм бол бидний явуулж буй бодлого үр дүнд хүрч байгаа гэсэн үг. Монгол Улсын эдийн засаг өсч байгаа. Харин үүнийгээ зөв ажилд шийдэж зарцуулах нь хамгийн чухал. Үүний нэг тод жишээ нь ч өнөөдрийн арга хэмжээ болж байна” гэж Ерөнхий сайд С.Батболд тус ажиллагааны үеэр онцолж байв. Хүмүүс бидний буруугаас болж ширгэсэн Сэлбэ голыг хүмүүс бид дахин сэргээх болно, гэхдээ энэ ажлыг сэтгэл хөөрлөөр өнөө маргаашаа бодож шийдэх ёсгүй юм гэж тэрбээр дурьдаад, шинжлэх ухааны үндэстэй байгалийн унаган зохицолдоог хангасан, орчин цагийн технологийн дэвшлийг ашиглан хурын усны урсацыг тохируулан гүний усыг татах хэлбэрээр Сэлбэ голыг сэргээн шийдвэрлэж байгаа гэдгийг онцоллоо. Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, олны нэршиж заншсанаар Зуун айлын гүүрнээс Арслантай гүүр хүртлэх талбайг тохижуулж цэцэрлэгжүүлэх ажлын эхний алхам шороог тэгшлэх, эргэн тойрондох тохижилтын ажил дууссанаар ийнхүү нээлтээ хийж байгаа энэ. Эхний ээлжинд Зуун айлын гүүрнээс 350 метр талбайн усны урсацыг нэмэгдүүлж, нийт 1,2 км талбайн орчныг тохижуулах ажлыг “НОРБУ”, “Шимт газар” ХХК-иуд хийж гүйцэтгэж байгаа. Тус компанийн инженерүүд “Голын ус ихэнхдээ газрын хөрсөнд шингэдэг. Усыг хөрсөнд шингээхгүйн тулд тусгай төхөөрөмж буюу геомемберан суурилуулсан. Сэлбэ голын эхээс усыг шүүрүүлж, хөрсөнд нэвчүүлэхгүйгээр тогтоон бассейн хэлбэрээр урсацыг нэмэгдүүлэхээр судалгаа хийж байгаа. Өвлийн цагт мөсөн гулгуурын талбай буюу хүүхэд залуучууд чөлөөт цагийг нь өнгөрөөх талбайг бий болгож байна” гэв.
Сэлбийг сэргээх ажиллагаанд оюутан залуусын төлөөлөл оролцож оролцож байгаа нь талархууштай санагдаж байлаа. Монголын 30 мянга гаруй залуус гарын үсэг цуглуулан Сэлбийг сэргээх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн, тэдний төлөөлөл энэхүү төслийн нээлтэд оролцсон юм. Нээлтийн ажиллагааны дараа оюутнууд Сэлбэ голын эргэн тойрондох хогийг цэвэрлэснээр энэ удаагийн нээлтийн ажиллагаа өндөрлөсөн юм. Сэлбэ голыг сэргээх төсөл гурван жилийн хугацаатай үргэлжлэх ч эхний ээлжний сэргэлт ирэх жил харагдана. Ёслолд оролцогсод сэрсэн Сэлбэтэйгээ ирэх жил “уулзах” ерөөлийг тавин нээлтийн ажиллагаа өндөрлөсөн юм. Хэлж ярьж буйгаар болж, Сэлбэ гол сэргэвэл нийслэлчүүд төдийгүй Туул голд ч гэсэн том “хөрөнгө оруулалт” болно. Ерөнхий сайд С.Батболд хэлсэнчлэн үүнийг шоу болгож, улстөржүүлэхгүйгээр сайн хийж гүйцэтгээрэй гэсэн ерөөл биелэх болтугай.
Ш.ЧИМЭГ
“Ардын эрх” сонин
URL: