Нас барсан цагдаа “буруутан болох уу”
Цагдаа, цагдаагийнхаа аминд хүрчихлээ. Уг нь тэд хүний аминд хүрэх биш аврана, хамгаална гэж тангараг өргөсөн албан хаагчид. Гэвч ийм нэг ноцтой гэмт хэрэг 2015 оны 10 дугаар сарын 9-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газар болсон юм.
Цагдаа яагаад цагдаагийнхаа аминд хүрэв. Энэ асуудлаас бичвэрээ эхлүүлье.
2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн цагдаагийн газрын 19 хүний бүрэлдэхүүнтэй албан хаагчид Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг бидний хэлж заншсанаар Мэлхий хадны ойролцоох амралтын газар очжээ. Монголчууд нэг дутагдалтай тал бий. Тэр нь амралтанд явахыг тасарч унатлаа уух гэж ойлгодог дутагдал юм. Цагдаагийн албан хаагч ч гэсэн хүн. Тиймээс амралтын газар очмогцоо, аль эсвэл явах замдаа шилний бөглөө мулталжээ. Ингээд л архиндаа халамцсан амрагчид /цагдаагийн албан хаагчид/ хоорондоо маргалдаж улмаар зодоон болж, эцэстээ нэгнийхээ аминд хүрэв.
Яагаад цагдаагийн албан хаагчийг хашилтанд хийх болов гэвэл. Тэд албан үүргээ гүйцэтгэж бус харин амарч явсан учраас хашилтанд хийсэн юм. Хэрвээ энгийн иргэд агсамнаж, улмаар нэгнийхээ аминд хүрсэн бол яах вэ. Магадгүй өнөөдөр шүүх хурлын тов зарлагдаж, олон нийт нээлттэй мэдээлэл авч болох юм. Гэвч цагдаагийн албан хаагчид холбогдсон хэрэг учраас энэ талаарх мэдээлэл тун хомс байна.
Хууль зүйн яамнаас дараах хэрэгтэй холбогдуулан “Хууль зүйн сайд Д.Дорлигжав 2014 оны арванхоёрдугаар сарын 31-нд “Архидан согтуурахтай тэмцэх талаар авах арга хэмжээний тухай” А/248 дугаар тушаалыг гаргасан байдаг. Гэтэл сая гарсан хэргээс үзэхэд энэ арга хэмжээний биелэлт хангалтгүй байна. Ер нь Хууль зүйн яамнаас ямар нэгэн арга хэмжээг архигүй зохион байгуулах үүрэг өгдөг. Ерөнхийлөгч ч үүнийг уриалдаг. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн учраас одоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Харин Цагдаагийн Ерөнхий газрын “Эрүүгийн цагдаагийн газрын төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн албан хаагчид Налайх дүүргийн 6 дугаар хороонд байрлах амралтын газар ажлын бус цагаар буюу чөлөөт цагаараа амарч байх хугацаанд тус албанд ажилладаг Х гэгч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Одоогоор хэргийг шалгаж байна” гэсэн мэдээллийг өгөв.
Эндээс чухам юунаас болж цагдаа цагдаагийнхаа аминд хүрэв гээд дүгнэлт гаргахад тун хүнд байгаа биз. Гэхдээ нэг сэжүүр байна. Энэ нь цагдаа нар амралтын газар архидан согтуурсан, үүнээс болоод л нэгнийхээ амь насанд хүрчихлээ гэх сэжүүр юм. “Мянган үгний таглаа мэдэхгүй” гэдэг шиг хүн амины хэргийн гол буруутан “архи” болж таарч байх шиг. Гэвч талийгаачийн ар гэр энэ дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа юм.
Цагдаа цагдаагийнхаа аминд зохион байгуулалттайгаар хүрсэн үү. Ингэж хардах эрх талийгаачийн гэр бүл бий.
Цагдаагийн хошууч Х нь ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албанд ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад Эрүүгийн цагдаагийн газарт ахлах мэргэжилтнээр томилогдсон байна. Гэвч түүнийг шинэ хамт олон нь тийм ч таатай хүлээн авсангүй. Эрүү болон Мөрдөн байцаах газрын албан хаагчид хоорондоо түнжин муутай. Энэ нь шинээр томилогдсон хошуучид хүнд дарамт болсон байж болзошгүй гэдгийг ар гэрийнхэн нь хэлж байна.
нууц мэдээлэл хариуцдаг албан хаагч учраас …
Талийгаач хүн зодож, танхайрах нь битгий хэл архи ч амсдаггүй хүн байж. Гэвч сүүлийн үед дарамт шахалтад орж байгаа нь илтэд мэдэгдэх болсон байна. Өөрийн автомашиныг ажлаа хол байршуулдаг. Гэртээ ирэхдээ уур бухимдалтай байдаг зэрэг шалтгаанууд ажиглагдах болж. Магадгүй нууц мэдээлэл хариуцдаг албан хаагч учраас ажил үүрэгтэй нь холбоотой дарамт шахалт ирдэг байсан болов уу. Амь насанд хүрсэн асуудал ч үүнтэй холбоотой зохион байгуулалттай байж болох юм гэж хардаж байгаагаа гэр бүлийнхэн нь хэлэв. Гэвч үхсэн хүн үнэнээ хэлдэггүй гэгчээр хардахаас өөр замгүйгээр арга нь мухардаад байгаа аж.
Талийгаач амарч явсан уу, ажиллаж явсан уу. Дээр дурьдсан мэдээллүүд хоорондоо зөрчилдөж байна.
Эрүүгийн цагдаагийн газрын төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн 19 албан хаагч2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр амралтанд явсан. Энэ он сар өдрийг яагаад тодруулаад байна вэ гэвэл энэ өдөр хуульд зааснаар ажлын өдөр байж. Тодруулбал, баасан гариг байв.
Гэтэл ЦЕГ-аас ажлын бус цагаар буюу чөлөөт цагаараа амарч яваад Х амь насаа алдсан гэх тайлбарыг өгсөн. Хэргийн газар хамгийн түрүүнд очсон 6 дугаар хорооны эмчийн тайлбараас амрагчид баасан гаригийн өглөө амралтын газар очсон бөгөөд хорхогооч идэж амжилгүй архидаж улмаар нэгнийхээ аминд хүрсэн байгаа юм. Тэгэхээр баасан гаригийн өдөр болсон энэхүү хэргийг ажлын бус цагаар болсон гэж ойлгоход учир дутагдалтай. Тэгэхээр Эрүүгийн цагдаагийн газрын төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийнхэн ажлын өдөр яагаад амралтанд явсан бэ гэх асуулт гарч ирж байна.
Маргааш нь 10 дугаар сарын 10 өдөр бямба гариг буюу хуульд зааснаар ажлын бус цаг, амралтын өдөр байсан. Гэтэл баасан гаригийн ажлын цалгардуулж, яаран амралтанд явсаны учир юу вэ. Ө яагаад Х-ын аминд хүрэв. Архинаас болсон уу, эсвэл талийгаачийн ар гэрийнхний таамаглаж байгаа захиалгат хэрэг байв уу.
Талийгаачийн зүрх хаагдсан. Ийм мэдээллийг олон нийтэд цацагдаж эхэллээ.
Цагдаагийн албан хаагч энгийн хүнээс хоёр дахин их ачаалалтай ажилладаг гэж сэтгэлзүйч хэллээ. Үнэхээр ачаалал ихтэй хүнд ажил хийдэг нь үнэн. Тэгвэл албан хаагчдынхаа алжаал ядаргааг тайлахаар ажлын өдөр амралтанд явах шийдвэрийг Эрүүгийн цагдаагийн газрын удирдлагууд гаргасан гэж ойлгож болох уу. Хэрвээ ийм шийдвэр гаргаагүй бол хэрвээ амралтанд яваагүй бол талийгаач өнөөдөр амьд сэрүүн албан үүргээ гүйцэтгээд явж байх байжээ.
Гэхдээ хатуу ч гэсэн “үхсэний хохь” гэж үг байдаг биз дээ. Талийгаачийг угийн мах ихтэй хүн байсан учраас зүрх нь хаагдаж нас барсан байж болзошгүй гэх мэдээлэл цацагдах боллоо. Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа. Гэхдээ шүүх эмнэлэг хэний ч талд гарч болдгийг олон жишээ баримтууд нотлоно. Тэгэхээр магадгүйталийгаачийн буруу болоод л энэ хэрэг хаагдах уу. Ийм л сэтгэлт зовнил ар гэрийнхэнд нь байгаа.
Цагдаа цагдаагийнхаа аминд хүрсэн болохоор нуун дарагдана. Энэ хэвээр мэдээлэл нуугдаж явсаар хэргийн сэжүүр баларч, гэмтэн өршөөгдөх нь. Өнөөдөр цагдаа, маргааш шүүх эмнэлэг, нөгөөдөр прокурор… Ингээд л талийгаач буруутан болж, гурван хүүхэд өнчирч хэргийн нам гүмтэй хамт бүдгэрэн алга болох вий дээ.
Тэр өдөр амралтанд явалгүй ажлаа хийсэн ч болоосой.
А.Аюуш
URL: