С.Бямбацогт: Эрх баригчид ирцээ бүрдүүл, ачаагаа үүрсэн шиг үүр

12342344

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 оны Монгол Улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Гэвч АН-ын гишүүд, Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд болон ажил хариуцсан албан тушаалтнууд хуралдаанд суухгүй байгаа нь цөөнхийн хатуу эсэргүүцэлтэй тулгарлаа.

Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “АН-ынхан нойроо дийл” гэж эгдүүцлээ илэрхийлсэн бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Үндсэн хуулийн 25.1-т заасны дагуу УИХ-ын онцгой бүрэн эрхийн хүрээнд улсын төсвийг хэлэлцэн баталдаг.

Төсөв маань төсвийн хүрээний мэдэгдэл, дагалдах хуулиуд гэсэн бүрдэлтэй. УИХ-ын дэгийн тухай хуулийн 25.1.4-т зааснаар улсын төсвийг хэлэлцэж байхад Төсвийн ерөнхийлөн захиран зарцуулагч Ерөнхий сайд, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллага, сайд нар бүрэн бүрэлдэхүүнээрээ байх ёстой.

Бид өчигдөр төсвийн хүрээний мэдэгдлийг хоёрхон сайдтай баталсан. Сайд нар нь алга, Ардчилсан намын гишүүд маань алга болсон. За яахав дээ гээд л явсан. Бид сөрөг хүчин байж та бүхний өмнөөс ирцээ бүрдүүлээд ачааг чинь үүрээд төсвийн хүрээний мэдэгдлээ батлаад явсан.

Өнөөдөр дахиад тэгэх юм уу? Бид сөрөг хүчин байж яагаад та бүхний ачааг үүрэх ёстой юм. Гишүүдээ хуралдаа оролцуул, сайд нараа хуралдаанд оролцуул. Ирцгүй хуралдаж байна. Үндсэн хууль зөрчигдөж байна.

Тийм учраас МАН-ын гишүүд бид энэ хуралдаанд оролцохгүй. 31 гишүүнтэй хуралдаад явбал Үндсэн хууль зөрчигдөнө шүү. Эрх баригчид ирцээ бүрдүүлэхгүй бол МАН-ын гишүүд хуралд оролцохгүй. Ачаагаа үүрсэн шиг үүр, ажлаа хийсэн шиг хий” гэсэн юм.

Б.Цэцэг


URL:

Сэтгэгдэл бичих