Оюутолгой дэлхийн хамгийн том 10 үйлдвэрийн нэг болжээ

12167344_760651337412146_253264952_n_700x700

1990-ээд оны үед хайгуулын геологийн газрын зураг дээр “Оюутолгойн зэсийн илрэл” нэртэй байсан энэхүү ордын хүдэр нь газрын гадаргуу дээр цухуйж байсан гэдэг. Оюутолгойн ордын орчин үеийн эрэл хайгуулын ажил 1997 оны дөрөвдүгээр сараас эхэлж өнөөдрийн байдлаар 12 км үргэлжлэх хүдрийн биетийг илрүүлээд байгаа билээ. 2010 оноос Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын ажил өрнөж, 2012 оноос өмнөд Оюугийн ордоос ил аргаар олборлолтоо эхлэсэн билээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр сэтгүүлчдийн баг Оюутолгойн уурхайн ажилтай танилцсан юм.

МАНХЭТТАН АРАЛТАЙ ХYДРИЙН БИЕТЭЭ ЖИШИЖ БОЛНО

12167460_760651334078813_1820456673_n_700x700

Говийн шаргал наран таатайхан ээх намрын дулаахан өглөө бид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Шивээ-Овоо гэдэг газар баригдсан “Ханбумбат” нисэх онгоцны буудалд газардсан юм. Нисэх онгоцны буудлын загвар нь үндэсний монгол гэрийг архитектурын давтагдашгүй дизайнтай хослуулж, Оюу Толгойн үндсэн олдвор алт, зэсийн талстаар чимэглэсэн өвөрмөц хэлбэртэй шинэ онгоцны буудал хараа булааж байв.

Онгоцны буудлаас найман км-т Эрдэнэтийн ордоос гурав дахин том, үйлдвэрийн хэмжээний хувьд дэлхий дээрх хамгийн том 10 үйлдвэрийн нэгт багтаж буй Оюутолгойн орд бий. Анх Оюутолгойн хайгуулын лицензын талбай 40х35 км байсан бол өнөөдрийн байдлаар ашиглалтын лицензын талбай 10х8 км болжээ. Уурхайн гол тоног төхөөрөмж, барилга байгууламж энэ талбайн төв хэсгийн хойд талд хааш хаашаа таван км орчим газар эзэлдэг юм байна.

Эндээс олдсон хүдрийн биетийг АНУ-ын Нью-Йорк хотын худалдаа үйлдвэрлэлийн том арал болох Манхэттантай жишиж харуулсан нь хөрөнгө оруулагчдыг татахад ач холбогдлоо өгсөн гэж байв. Харин энд ирж буй монголчууддаа зориулан хүдрийн биетээ Улаанбаатар хоттой адилхан машстабаар хийж өлгөжээ.

Одоо ил аргаар олборлож буй өмнөд Оюугийн ордын дундаж агуулга нь 0.3 хувийн зэсийн агуулгатай. Харин газрын гүнийх 0.6 хувь, цаашлаад хоёр хувиас илүү юм байна. Ордын нийт нөөц баялгийн 80 хувь нь газрын гүнд байдаг. Тиймээс газрын гүнээс хүдэр олборлох зориулалтаар нэгдүгээр босоо амыг 1385 метр гүнд нэвтрүүлж хүдрийн биетийнхээ доогуур тунел хийж байсан ч хоёр жилийн өмнөөс энэ ажиллагаа зогсжээ. Өнөөдрийн байдлаар 15 орчим км тунел бэлэн болсон байна. Хоёрдугаар босоо ам нь 1180 метрийн гүнд очоод, тавдугаар шавт гэх агааржуулалтын нэг босоо ам 200 метр яваад зогсжээ.

1.5 САЯ ТОНН БАЯЖМАЛ ЭКСПОРТОЛЖЭЭ

12165759_760650454078901_433285619_n_700x700

Хоёр тонны жинтэй савласан ууттай баяжмалаа 16 ширхгээр нь нэг машинд ачаад гадаад зах зээлд гаргаж байна.

Ил уурхайн ам өнөөдрийн байдлаар 600 орчим диаметр, гүн нь 220 метр болж байна. Цаашид гүн нь огцом нэмэгдэхгүй уурхай хажуу тийшээ тэлж явна. Өнөөдрийн байдлаар 110 орчим тонн хүдэр үйлдвэртээ боловсруулаад 1400-2000 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж байна. Зэсийн баяжмал дахь зэсийн агуулга нь 25 хувиас дээш болгон баяжуулдаг байна.

Ил уурхайгаас хүдэр янз бүрийн хэмжээтэй гарна. Хүдрийг уурхайгаас 320 тоннын даацтай 28 машинаар 24 цагийн турш зөөвөрлөн анхдагч бутлуурт хийнэ. Тэнд 200 мм-ээс доош хэмжээтэй бутлагдсан хүдрийг туузан дамжуулагчаар бөмбөгөр агуулахад авчирна. Агуулахаас нээлхийгээр туузан дамжуулагчид шилжин хоёр том тээрэмд бутална. Бутлагдаж гарсан хүдрийг шигшиж дөрвөн бөмбөлөгөн тээрэмд оруулна. Тэндээс цеклон руу орж бутлагдсан нарийн хүдэр нь хөвүүлэн баяжуулах процессд орж, бүдүүн нь буцаад тээрэм руу явж дахин бутлагдана. Нунтагласан хүдрийг хийн бөмбөлгөөр наалдуулан зэс, металиа салгаж аваад уснаас нь салгаж хатааж өтгөрүүлнэ. Хамж авсан баяжмалаа хатааж нягтруулж авсныхаа дараа түр агуулахад оруулж тэндээсээ савлах үйлдвэрт яг гурил шиг савладаг юм билээ. Хоёр тонны жинтэй савласан ууттай баяжмалаа 16 ширхгээр нь нэг машинд ачаад гадаад зах зээлд гаргаж байна. Хэдийгээр баяжуулах үйлдвэр ашиглалтад ороод дөрөвхөн жил болж байгаа ч 1.5 сая тонн баяжмал экспортолжээ.

Монгол Улс дэлхийн хэмжээний том ордтой, хүдэр баяжуулах орчин үеийн үйлдвэртэй болж, эцсийн бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа нь харагдах, баригдах талаасаа том дэвшил.

АЖИЛЧДЫН ГОЛ УРИА АЮУЛ ОСОЛГҮЙ АЖИЛЛАХ

Харин тоологдохгүй хэмжигдэхгүй ач тус олон байна. Оюутолгойн үйлдвэрийн бүтээн байгуулалт, барилгын ажлын үед 17 мянган ажилтан байжээ. Ээлжээр амраад явсан хүмүүсээ хасахад 12 мянган хүн өдөр бүр тогтмол ажиллаад барьж байгуулсан байна. Одоо бол 2800 орчим хүн ажиллаж байна. Тэдний 95 хувь нь монгол залуус, тэднээс 21.6 хувь нь өмнөговьчууд ажиллаж байна. Ажилчид 14 хоног ажиллаад долоо хоног амарна.

Баяжуулах үйлдвэрт гадаадад сургалтад хамрагдаж бусад орны уурхай, үйлдвэр дээр дадлага эзэмшсэн хүмүүс ажиллаж байна. Энд Монгол Улсын хувьд ийм төрлийн үйлдвэрийг цаашид ашиглаад, аваад явах чадвартай хэдэн үеийн туршлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаагаараа Оюутолгойн уурхайн мөнгөөр хэмжишгүй үнэлэмж юм. Дотоодын их дээд сургуульд оюутолгойн хөрөнгөөр 200 гаруй залуус сурч байна.

Ажилчид “Манлай”, “Оюут” гэсэн хоёр кемпэд амьдардаг. Өглөө 07:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл ажиллана. Өдрийн гурван хоол нь амт чанар сайтай, сонголт ихтэй. Байрууд нь тохь тухтай. Өрөөндөө зурагт үзээд, wifi ашиглан интернэтэд холбогдох боломжтой. Чөлөөт цагаараа спорт заал, хөлбөмбөгийн талбай, ширээний болон агаарын теннисний талбайд тоглоно. Фитнессийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй учраас залуус бие бялдараа хөгжүүлэх боломжтой. 128 хүний суудалтай “Зэрэглээ” кино театрт нь яг одоо хотод гарч буй шинэ кинонууд гарч байна лээ. Номын сангаасаа гэрээр ном авч унших боломж  байна. Хамгийн гол нь энэ бүхэн ажилчдад үнэгүй. Мөн оройд алжаал тайлж шар айраг, дарс уух бол баар нь 18:00-21:30 цагийн хооронд ажиллана. Өглөө ажилтай учир энд хэтрүүлж хэрэглэх, согтох ойлголт байхгүй.

Энд олон улсын өндөр төвшний сургалтад хамрагдаж сертификат авсан эмч нарын баг Оюутолгой уурхайн болон ойролцоох орон нутгийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлэх үүрэгтэй байна. Эмнэлэг нь хэвтэн эмчлүүлэх зургаан ортой. Яаралтай осол аваар гарахад 50 хүртэл хүнийг хүлээн авах боломжтой. Хөдөлмөрийн эрүүл мэндийн хэсэг болон эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх хэсгээс бүрддэг юм билээ.

Оюутолгойн уурхайн ажилчдын гол уриа аюул осолгүй ажиллах. “Рио тинто” компани дэлхийн 40 гаруй оронд ажилладаг туршлагатай компани. Уул уурхайн үйлдвэрлэлд осол аваар гардаг. Гэхдээ дэлхийн статистикийн дундаж хэмжээнээс Оюутолгойн уурхай нэлээд бага үзүүлэлттэй яваа нь тэдний аюулгүй ажиллагаанд онцгой анхаардагийн илрэл. Хүн ажлаа аюул осолгүй хийж дуусгаад хайртай хүмүүстээ гэр бүлдээ харих ёстойг маш сайн ухамсарласан юм билээ.

Ямартаа ч монголчуу­дын төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Оюутолгойн уурхай өнөөдөр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Удахгүй далд уурхайн ажил үргэлжлэн явах төлөвлөгөө нь батлагдсан, зарцуулах мөнгөний асуудал нь нааштайгаар шийдэгдэж байгаа учраас он гараад далд уурхайн ажил эхлэх болов уу гэсэн хүлээлт энд байна. Далд уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлвэл хоногт 30 мянган тонн хүдрийн баяжмал гаргаж авах хүчин чадалтай юм байна.

Х.Монголхатан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: иргэн Огноо: 16 October 2015

чи юу хуцна вэ, улс оронд маань ямар ч ашиггүй гэрээ хичнээн том үйлдвэр бгаад яахын , мал минь тэнэг толгой …………………

Сэтгэгдэл бичих