Сэтгэл сэмлэсэн намар буюу “Зул үг”

144496509556206ae722eda/Туулж өнгөрүүлсэн амьдрал чинь тэр чигээрээ түүх шүү, ах минь/

 Хүний амьдрал мөн ч богинохон юм даа. Бүр дэндүү богинохон. Гэхдээ богинохон амьдралыг бодож өнгөрүүлэх цаг хугацаа биш бүтээж, хийхийн их хүслэн болгон амьдарч ирсэн ах минь бурхны оронд одлоо. Уул шиг түшигтэй, ус шиг тунгалаг ахыг минь намрын шувууд аваад явчихлаа. Хүний хайлан, хүслийн жигүүр болсон ахыг минь шарласан навчис хучихын цагт бодлын гүнээс дурсамж сэдрэх нь таны л тухай байна, ах минь…

1992 оны тэр нэгэн өдөр алтан нутгийн эрхэм ахтай таарч, танилцсан нь миний амьдралын эргэх цэг байлаа. Ардчилсан нийгэмд шилжсэн Монгол Улс хөл толгойгоо олохоо байж, амьдралын галаа алдчихгүйн төлөө хүн болгон л бизнес хийж эхэлсэн юм. Миний бие ч тэрхүү хүнд цаг үеийг тойрч гараагүй дайрч гарсан. Өөрт тохирсон боломжийн бизнес эрхэлж явсан намайг их улс төр рүү эргэлт буцалтгүй хөтөлсөн хүн нь Аюурзанын Базархүү ах минь билээ. Тэрбээр “Бизнес хийнэ гэдэг амин хувиа, ойр тойрны хэдэн хүнээ л бодно, болгоно гэсэн үг. Харин улстөрч хүн бусдын төлөө, ард түмнийхээ төлөө явдаг юм” хэмээн надад хэлсэн нь өнөө ч миний улс төрд баримтлах зарчим болсоор иржээ. Аюурзанын Базархүү ах маань хүнийг их бага гэж ялгахгүй, өөрийн мэддэг, чаддаг бүхнээ хэлж өгнө. Тиймээс ч тэрбээр олон нөхөртэй, олон танилтай явсан.

А.Базархүү ах минь Монгол Улсын банк, санхүү, төсвийг онол арга зүй, практикт хослуулан хэрэглэж мэддэг, гарах сөрөг үр дагавар хийгээд хүрэх үр дүнг харж чаддаг сайн эдийн засагч төдийгүй том стратегич байлаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн талаар бодит мэдээлэлтэй, олон улсын түвшинд харьцуулсан, нарийвчилсан судалгаатай, өргөн мэдлэг, арвин туршлагад тулгуурлан бодож боловсруулсан, тооцоолсон чиг баримжаатай хөгжлийн хөтөлбөрийг толгойдоо багтаасан том үзэл санаа тээгч байлаа. Монголын төр ийм л эгэлгүй хүмүүнээ ашиглаж чадаагүй нь туйлын харамсалтай. Хүний капиталыг нээж чаддаггүй, дайчлан ашиглаж чаддаггүй төр сул дорой байдаг юм байна.Намайг их улс төрд хөтлөн оруулж, замчилсан хүн бол ах минь та байлаа. Монголын хамгийн хүнд хэцүү цаг үед Засгийн газрыг толгойлж асан их хүмүүн П.Жасрай гуайн өрөөнд дагуулж ороод “Энэ хүү их зөв бодолтой хүн байгаа юм. Улс төрийн мэдрэмж, чадвар байна. Та л энэ хүүг улс төрд хөтөлж оруулж чадна” гэж захихад П.Жасрай гуай “За ойлголоо, Базархүү. Тэгвэл хоёулаа 1996 онд нутгаасаа нэр дэвшье. Чи бид хоёрын сонгуулийн ерөнхий менежерээр Гантулга маань ажиллана биз” хэмээсэн нь их хүмүүсийн их итгэлийг өчүүхэн би дааж чадах болов уу гэж аймсахад хүргэсэн юм. Улмаар 1996 оны сонгуульд өдгөөгийн Монгол Ардын Нам УИХ-д цөөнх болоход Говь-Алтай аймагт бид бүрэн ялалт байгуулж байлаа. Энэ ялалт бол миний гавьяа бус хоёр нэр дэвшигч маань олонд хүлээн зөвшөөрөгдсөн лидер байсан болохоор бид бүрэн ялалт байгуулсан юм. Энэ цагаас хойш эрхэм ах маань тасралтгүй гурван удаа УИХ-д сонгогдож, 12 жил парламентад суухдаа мэргэшсэн улстөрчөөс ч илүү мэдлэг чадвартай, боловсролтой гэсэн үнэлгээг ард түмнээс авч байв. Монголын их улс төрийн оргилд хүмүүний амьдралын бүхэл бүтэн нэгэн үеийг эзэгнэнхэн суухдаа унаган мэргэжлээсээ илүү төрөлхийн саруул ухаан, авьяас чадвараараа мэдээллийн зөв эх сурвалжид тулгуурлан төгс боловсруулалт хийж, үйл явдлын зүй тогтолд гайхамшигтай анализ хийж, онош зөв тавьж чаддаг топ улс төрч байлаа. Ямартаа ойр дотных нь хүмүүс “Мэргэн ах” гэдэг байлаа. Улс төрийн орчны нөхцөл байдал, түүнээс гарах гарцыг мэддэг улс төрийн нарийн ухаантайгаас гадна, үндсэн хуулиар дагнан мэргэшсэн ховорхон авьяастан байлаа. Үндсэн хуулийн философи, агуулга, утга санааг төгс мэддэгээрээ үндсэн хуулийн манаач нь байлаа. Үндсэн хуулийн 32.2 дугаар зүйл дээр бид хоёрын дунд багахан маргаан өрнөлөө. Би ч өөрийнхөөрөө, А.Базархүү ах ч өөрийнхөөрөө зүтгээд л байлаа. Бид хоёрын маргаан явж явж Б.Чимид багшид хүрч шийдвэрлэгдсэн юм. Тэгэхэд Б.Чимид багш нэг их олон зүйл ярилгүй “Гантулга аа, Базархүү ахын чинь зөв” гэж хэлсэн. Би ч гарч ирээд Базархүү ах руу залгаад “Уучлаарай ах аа… Би танд итгээгүй. Бас хэлэхгүй байхын аргагүй байдалд орлоо. Сая Чимид багш тэгж хэллээ” гэхэд “Би чамд хэлсэн биз дээ. Базархүү ахын чинь зөв гэж хэлнэ ээ гэж” гээд нэг их инээж билээ. Ийм л мэдлэг, чадвартай, уул шиг түшигтэй ах минь биднийгээ орхиод холын холд одчихлоо. Тэрбээр амьдралынхаа хором, мөч бүрийг Монгол Улсынхаа төлөө, ард түмнийхээ төлөө зориулсныг би гэрчилнэ. Тиймээс ч таны захисан, өөрийн амласныг санаж Таны үргэлжлэл болсон хоёр сайхан хүүг тань ахын ёсоор харж, хандах нь хүний ёс хийгээд хүн чанарын төрх юм.

Алсарсан бодлоо уургалж авчираад уудалж гаргасан дурсамж энэ бөлгөө. Өнөөдөр энэ дурсамжийн эзэн, Монгол Улсын нэрт парламентач, санхүүч, эдийн засагч, улс төрч Аюурзанын Базархүү ах маань бидний дунд алга. Гэхдээ түүний бүтээсэн, эхлүүлсэн гэрэлт үйлс бидний зүрх сэтгэлд үүрд мөнх хадгалагдан үлдэнэ. Мөнхүү Таны эхлүүлснийг үргэлжлүүлэх, дуусгаагүйг дуусгах хүндхэн ачаа надад оногдож байгааг дүү нь мэднэ.

Болох, болохгүйн зааг дээр эргэлзэж зогсоход, мэдэх мэдэхгүйн хязгаар дээр мэлзэж явахад зааж зөвлөдөг ах минь Та байлаа. Монгол Улс, монголын ард түмэн Аюурзанын Базархүү гэдэг хүнийг мартах учиргүй шалтгаан энд оршино. Ах минь Та эргээд бидэндээ үр минь болж заяагаарай. Бурхны оронд амгалан нойрс доо…

 

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

 

Монголын Ардын Намын

Нарийн бичгийн дарга, Доктор                                                           Т.ГАНТУЛГА


URL:

Нэр: Иргэн Огноо: 17 October 2015

шуналгүй жинхэнэ төрийн чиг баримжаатай эгэл жирийн хүн байсандаа сайд УИХ-ын гишүүн байсан хүн гэхэд яг ард түмний жирийн амьдралаар амьдарч байсан хэзээч ямарч цаг үед төрийн мөнгө төгрөгөнд нэр холбогдож яваагүй ажилдаа явган алхаад явж байдагямар сайхан хүн байсан юм бэ ийм л хүмүүсээр монголын төр дутаж байнадаа.Хойд насандаа дээд төрлийг олж,монголоо цэвэр ариун болгох болттугай ум сайн амгалан болтугай.

Нэр: Иргэн Огноо: 17 October 2015

Хөрөнгө мөнгөнд хамгийн ойр ажиллаж байсан хүн шүүдээ гэхдээ төрөөс төсвөөс хулгай хийгээгүй төрийн ганц хүн гэхэд монголын ард түмэн хүлээн зөвшөөрнө дөө.Сайн төрлийг олж сайхан монгол орондоо эргэж төрөөрөй УМ МААНИ БАДМИ ХУМ.

Нэр: Зочин Огноо: 19 October 2015

Ум сайн амгалан болтугай.

Сэтгэгдэл бичих