МАНИН-ын дарга Н.Энхбаяр

Түүнийг дарга байх заяанд төрсөн хүн гэлтэй.

Тэр улс төрийн гуравдагч хүчнийг өсгөн өндийлгөж, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэж чадна гэдэгтээ бат итгэлтэй байна. Учир нь түүний “Хэвлий”-ээс мэндлээд удаагүй байгаа МАХН одоохондоо МАНАН-ын эсрэг тэмцэхэд бал­чирдах нь гарцаагүй. Тиймээс л тэр “МАХН ба түүний нөхөд” гэсэн эвсэл байгуулах ажилд ханцуй шамлан орсон. Их хэргээ бүтээснийхээ дараа уламжлал ёсоор эвслийнхээ даргын суудалд залрах нь ч тодорхой. Харин Монгол үндэсний ардчилсан намын III их хурал дээр хэлсэн үгнээс нь болж түүний эхлүүлж буй үйл хэргийг  МАНИН гэж нэрийдэх боллоо.  Урт хэл хүзүү орооно гэдэг энэ дээ.

Тэрбээр “би хэл халтираад МАНАН-ыг МАНИН гэж хэлэх гээд байх юм” гэсэн үгнээс нь болж МАНИН гэж хочилчихно гэж зүүдлээ ч үгүй биз. Ямартай ч түүний байгуулж буй эвсэл жинхэнэ утгаараа манин үзэл баримтлалтай байх дүр зураг харагдаад эхэллээ. Ардчилсан үзэл баримтлалаа улам тодотгосон Монгол үндэсний ардчилсан намтай тэрбээр өчигдөр эвсчихлээ. Арга ч үгүй биз. Тэр “МАНАН-ын эсрэг л тэмцэж байвал үзэл баримтлал өөр байх нь огт хамаагүй” хэмээн хэдэнтэй ам алдаж байсан удаатай. Түүний хэлсэн үгийг чихэр үнэрлэсэн шоргоолж мэт өлгөж авах улс төрийн жижиг хүчин манай улсад олон бий. Удахгүй МАХН гэдэг чихрэн дээр шавах нь ч ойлгомжтой. Тэр үед МАНИН эвсэл жинхэнэ утгаараа бүрэлдэн тогтож, даргаараа Н.Энхбаярыг сонгох биз.

Р.Сарангоо


URL:

Сэтгэгдэл бичих