Урьдчилан сэргийлье

Монгол хүний нас баралтын тэргүүлэх шалтгааны эхний гуравт элэгний өвчлөл орсон. Жил ирэх тусам элэгний өвчнөөр өвдөж, улмаар амиа алдах хүмүүсийн тоо буурахгүй байгаа энэ үед та сайн дурын дархлаажуулалтад хамрагдсанаар аюулаас өөрийгөө аврах боломжтой юм. Гэвч сайн дурын дархлаажуулалтад орох нь байтугай энэ талаар мэдэх хүн тоотой байдаг гэнэ. Элэгний 8-9 төрлийн вирусээс урьдчилан сэргийлэх боломжтой, эсрэг ганц зэвсэгтэй нь В вирус.

Гэтэл хамгаалах боломж бүрдээд 10 гаруй жилийн нүүрийг үзсэн ч гадаад явах эсвэл эрсдэлт бүлэгт хамаарахаас бусад хүн үүнд төдийлөн ач холбогдол өгдөггүй байна. Тэгвэл 15 мянган төгрөгөөр гурван удаа тариулаад элэгний хатуурлаас бүрэн сэргийлэх боломж манай улсад аль хэдийнэ бүрджээ. Тодруулбал, иргэн та В вирус илрүүлэх шинжилгээг өгсний дараа вирусгүй тохиолдолд энэ вакциныг хийлгэнэ.

Ингэхдээ нэг удаагийн тарилгыг 5000 төгрөгөөр хийлгэх юм байна. Эхний тарилгаа хийлгээд сарын дараа хоёр дахийг, гурван сарын дараа гурав дахиа хийлгэснээр В вирусээс үүдэлтэй өвчлөлөөс 10-15 жилийн турш өөрийгөө хамгаалж чадах юм. В вирус илрүүлэх шинжилгээний үнэ хамгийн багадаа ХӨСҮТ-д 25 мянган төгрөг байдаг аж.

Тэгэхээр та 40 мянган төгрөгийг өөртөө зарцуулж аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Орон нутагт ч энэ вакциныг хийдэг юм байна. ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын тасаг ажлын өдрүүдэд 08.00-15.00 цаг хүртэл иргэдэд үйлчилдэг аж.

Аливаа өвчний тархалтыг багасгахын тулд урьдчилан сэргийлэх нь чухал гэдгийг дэлхий нийтэд сурталчлан таниулдаг. Бид ч энэ жишгийг дагаж, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах цаг болжээ.

Ц.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих