Монголын боксчид ганзага хоосон үлдсэн дэлхийн аваргын тэмцээн хаалтаа хийлээ

Энэ сарын 5-наас 16-ны өдрүүдэд Катарын Доха хотод сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Уг тэмцээнд 74 орны 260 тамирчин өрсөлдөж, багийн дүнгээр Кубын боксчид тэргүүлсэн байна.

Өчигдөр шигшээ тоглолтууд явагдаж Кубын Ж.Аргилагос, Азербайжаны Э.Мамишада, Ирландын М.Конлан, Кубын Л.Алварез, ОХУ-ын В.Дунацева, Кубын А.Лопез, Мароккоийн М.Раби, Кубын Ж.Сезар Ла Круз, ОХУ-ын Е.Тишченко, Францын Т.Яока нар дэлхийн аварга цол хүртсэн юм.

2015 оны дэлхийн аваргад манай улсаас дөрвөн тамирчин оролцсон ч медаль хүртэж чадаагүй. 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ гуравдугаар тойрогт ОХУ-ын В.Егоровт 3:0, 56 кг-д ОУХМ Э.Идэрхүү хоёрдугаар тойрогт Азербайжаны Т.Алиевт 3:0, 60 кг-д ОУХМ Д.Отгондалай гуравдугаар тойрогт Узбекистаны Э.Абдураимовт 3:0, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат хоёрдугаар тойрогт БНХАУ-ын Л.Вейнд 3:0-ээр тус тус ялагдаж, тэмцээнээ өндөрлөсөн.

Ийнхүү манай боксын тамирчид дэлхийн аваргаас ганзага хоосон ирж, медалийн буухиа тасалдлаа. Ширэн бээлийтнүүд сүүлийн хоёр зуны Олимп, дөрвөн дэлхийн аваргаас медальтай ирж байлаа.

Тухайлбал 2008 оны Бээжингийн Олимпийн наадмаас Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгө, 2012 оны Лондонгийн Олимпийн наадмаас Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл, 2007 оны Чикагогийн дэлхийн аваргаас Э.Бадар-Ууган мөнгө, 2009 оны Миланы дэлхийн аваргаас П.Сэрдамба алт, Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл, 2011 оны Бакугийн дэлхийн аваргаас П.Сэрдамба хүрэл, 2013 оны Алматагийн дэлхийн аваргаас У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль авч байлаа.

Боксын тамирчид энэ оны дэлхийн аваргаас Олимпийн эрх авч чадаагүй бөгөөд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс 14-ны өдрүүдэд Казахстаны Астана хотод болох Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2016 оны гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 3-ны өдрүүдэд БНХАУ-ын Куньан хотод, 2016 зургаадугаар сарын 7-ноос 19-ны өдрүүдэд Азербайжаны Баку хотод болох Азийн бүсийн сонгон шалгаруулалтын тэмцээнээс Олимпийн эрх боломж үлдлээ.

2015 оны боксын дэлхийн аваргаас медаль хүртсэн орнууд

Г.Төмөр

Unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих