“YouTube”-ээс төрсөн тэрбумтан
“Амьдрал үлгэр биш” гэж ярьдаг ч хичээвэл үлгэрт гардаг шиг ид шид хүний амьдралд тохиодгийн жишээ бол “YouTube”-ийн од Мишель Фэн юм. Вьетнамын цагаач эцэг нь хаяад явсан учраас Мишель ах, дүү ээжийн хамт Бостоны ядуусын хороололд өсчээ.
Мишель зөөгч хийж, нийгмийн халамжаас олгосон тасалбараар амьдардаг байв. Тэрбээр элбэг дэлбэг, хангалуун амьдралын тухай уран зөгнөлөө бичсэн блог хөтөлж эхэлсэн байна. Мөн 2007 онд вэбкамерын тусламжтай энгийн гоо сайхны будгаар хэрхэн салонд будуулсан мэт нүүр будалт хийх талаар “You-Tube” хуудаст долоон минутын заавар байрлуулсан аж.
Түүний энэхүү видеог долоо хоногийн дотор 40,000 хүн үзсэн ба дахин зөвлөгөө оруулах хүсэлт тавьсан байна. Улмаар Фэн зөвлөгөөнүүдээ ээлж дараалан “You-Tube” хуудастаа байршуулж, жилийн дотор хоёр сая дагагчтай болжээ.
Удалгүй тэрбээр энгийн нэг блогчин байхаа болин 2010 онд“Lancomе” брэндийн гоо сайхны бүтээгдэхүүнийг албан ёсоор сурталчлагч болсон юм. Мишель 2012 онд “Ipsy” гоо сайхны захиалгын компаниа байгуулсан байна. Компаниа байгуулах болсон талаар “Би зүгээр л гоо сайханд хайртай учраас захиалгын компаниа байгуулсан” гэж Филадельфид болсон “Forbes” сэтгүүлийн уулзалтын үеэр хэлсэн байдаг.
Мишель Фэн нь бусад гоо сайхны бизнес эрхлэгчдээс бүсгүйчүүдийн гарын авлага болох видео хичээлээрээ ялгарч байсан юм. Магадгүй тэрбээр цахим ертөнцөөс урам зориг авдаг цорын ганц саятан болов уу. Учир нь Мишель Фэн гэдэг нэр “YouTube”, “Facebook” зэрэг цахим ертөнцийн шилдэг 100 сүлжээнд “гайхалтай”, “баярлалаа” гэсэн үгтэй үргэлж хамт байдаг.
Түүний байгуулсан “Ipsy” компани эхний жилдээ 100 гаруй сая ам.долларын ашигтай ажиллаж байсан бол 2014 онд 500 сая ам.долларын ашиг олжээ. Улмаар Мишель Фэн 28 насандаа“Forbes” сэтгүүлийн хамгийн залуу баячуудын жагсаалтын хоёрт эрэмбэлэгдэх болсон юм.
Ийнхүү “YouTube”-д гоо сайхны зөвлөгөө нийтэлдэг байсан жирийн бүсгүй найман жилийн дараа салбартаа тэргүүлэх саятан болон өсөн дэвжжээ. “Би “YouTube”-ийг ирээдүйд дэлхийн телевиз болно гэж бодсон. Тиймээс тэр телевизэд өөрийн орон зайг бий болгохоор хичээсэн” гэж Мишель хэлсэн байдаг.
Мөн “Хэрхэн алдартан шиг харагдах вэ” гэсэн Мишелийн нүүр будалтын зөвлөгөөг Леди Гага хүртэл туршиж үзсэн байдаг. Мишель “YouTube”-д хамгийн алдартай АНУ-ын бизнес эрхлэгч юм. Мөн “YouTube” хуудсыг зар сурталчилгааны түнш болох эхлэлийг тавьсан бүсгүй билээ.
Хамгийн олон үзэгчтэй Мишелийн видео хичээлээр дамжуулан бүтээгдэхүүн сурталчлуулахаар“Lan-come”, “L’Oreal” зэрэг компани Фэнтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Мишель28 насандаа“YouTube”-ийг амьдралынхаа хэв маяг болгосон найман сая дагагчтай онлайн групптэй болж чаджээ.
Фэн “Cosmopolitan” сэтгүүлийн 2015 оны зургадугаар сарын дугаарт өгсөн ярилцлагадаа “Хэрвээ хүсвэл та ч гэсэн брэндийг бүтээж чадна” хэмээв. Тэрбээр энэ оны есдүгээр сард Келли Осборны ярилцлагын зочноор уригдан500 сая ам.долларын орлоготой компанийг босгосон түүхээсээ хуваалцсан аж.
Ярилцлагынхаа үеэр Мишель багадаа барби хүүхэлдэйтэй болохыг хүсдэг байснаа дурсчээ. Мөн“Би зүгээр л зураач, уран бүтээлч зэрэг надад сүнслэгээр нөлөөлсөн хүнийг цахим ертөнцөд дагахыг хүсдэг.
Хүмүүс “Инстаграмм”-аас үнэтэй машин, хувийн онгоц, тансаг даашинзаа гайхуулсан алдартнуудын зургийг хардаг байна. Ингэснээр тэдэнд урам биш, харин атаархал төрдөг. Би бодит, жинхэнэ зүйлийг харж, мэдрэхийг хүсдэг учраас тийм алдартнуудыг дагадаггүй” гэжээ.
Тэрбээр “Хүмүүс хэвлэлийн тогтмол хэв загвараас уйдсан учраас цахим ертөнцөд чөлөөт цагаа өнгөрөөх болсон. Хүссэн хэнд ч“YouTube”-д орон зайгаа эзлэх боломж бий. Та зүгээр л энгийн зураг нийтлэх эсвэл хөгжилтэй, сургамжтай түүх ярьж болно.
Хамгийн гол нь зохион байгуулалттай ярих хэрэгтэй. Миний буй зах зээлд хэн ч өрсөлдөж болно. Интернэт зах зээл бол хязгааргүй” гэж тэр хэлсэн байна. Тэрбээр Халловеений баярт зүгээр ч нэг дуртай бус бүр сэтгэлээсээ талархан хайрладаг аж.
Учир нь Мишелийг амжилтад хүрэхэд “Халловеений нүүр хувиргалт” хичээл тусалсан байна. Түүний 2009 оны аравдугаар сард нийтэлсэн “Барби хувирал” зөвлөгөө нь бүх цаг үеийн хамгийн их үзсэн видеогоор шалгарчээ. Мөн “Сэтгэл татам цус сорогч” бичлэгийг нь 24 цагийн дотор 1.3 сая хүн үзсэн байна.
Мишель “YouTube”-д дөрвөн жил бүтээлчээр зөвлөгөөгөө нийтэлсний дараа 2011 оноос хувийн портал ажлуулах болсон нь захиалгын компанийнх нь эхлэл болсон юм. Ухаалаг гар утасны эрин үетэй зэрэг гарч ирсэн Мишелийн портал технологийн дэвшлийг даган хөгжжээ.
АНУ-ын ухаалаг гар утас хэрэглэгч эмэгтэйчүүдийн70 хувь нь 2013 онд “Ipsy” порталд бүртгүүлсэн байна. Мөн ондоо Мишель 1.8 сая хэрэглэгчээс хүсэлт хүлээн авсан байна. Фэнүүдийнх нь санал хүсэлт, дэмжлэг Мишель Фэний амжилтын гол хүчин зүйл болж байв.
Мишель байнга шүтэн бишрэгчдийнхээ асуултад хариулсан болон тэдний хувийн амьдралд шинэчлэлийг авчрах видео нийтэлдэг байв. Мишелийн фэнүүдтэйгээ харилцах харьцаа нэр хүндтэй брэндүүдийн анхаарлыг татаж эхэлсэн байна.
Тэрбээр видеогоо тогтмол байршуулж, үзэгчдийг аль болох өөртөө татах үр дүнтэй стратегийг “YouTube”-ээс сурснаа ч нуугаагүй юм. Мишель өсөн нэмэгдэж буй үзэгчдийнхээ хүсэл сонирхлыг судалж үргэлж шинэ содон зүйлээр бэлэг барихыг эрмэлздэг байна.
Х.Заяа
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: