Тав хоногийн “тэнсэн”

Өршөөл үзүүлэх тухай хууль эцэслэн батлагдах нь гэсэн хүлээлтийг парламентын ил тод нээлттэй үйл ажиллагааг хүссэн “мэдэх эрх чөлөө” гацаачихлаа. Авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд хамаатай хэсэг хорих ангиас суллагдахаар хором, мөч тоолон хүлээж буй залуус, эмэгтэйчүүдийн хүртэх байсан өршөөлийг дахин хойшлуулав.

Хэрэв Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаалттай хэлэлцсэн бол ямар нэг шийдэлд хүрэх байсан ч энэ нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийн гар хөл болсон зарим улстөрчид таалагдаагүй бололтой. Тиймээс ч хаалттай хуралдуулах тухай яриа өчигдөр өглөөнөөс эхлэн тархсаар долгион сарниулах төхөөрөмж суурилуулахдаа тулчихаад байв. Энэ талаар хамгийн эхлээд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар цахим хуудаснаа “жиргэж” хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж эхэлсэн. Гэтэл УИХ-ын Тамгын газраас ярьж байна гэсээр хэн нэгэн ярьж мэдээллээ татаж устгахыг хүсч, “цаанаасаа” хаалттай хуралдана, уг төхөөрөмжийг суурилуулна гэсэн даалгавар өгсөн гэдгийг тайлбарлав.

Үүний дараа уг хуулийг дуртай, дургүй нээлттэй хуралдаж хэлэлцэх нь гэсэн мэдээлэл дуулдсаар үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат байнгын хорооны дүгнэлтийг танилцуулж дуусмагц УИХ дахь “Шударга ёс” бүлгийн гишүүн Ц.Цолмон “Өршөөлийн хуулийг анх хаалттай хэлэлцэж байсан. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахад нээлттэй хуралдсан. Эхэлж хэлэлцэхдээ хаалттай хэлэлцүүлэх нь зүйтэй. Тэгээд ч нийтээрээ ярьж нийгмээрээ хэлэлцэх нь зохимжгүй. Гэмт хэргийн нөхцөл байдал, санал өгч буй хүмүүсийн аюулгүй байдалд ч хамааралтай” гэх хөгийн тайлбар хэлж хаалттай горимд шилжүүлэхийг хүсэв. АН-ын бүлгээс Х.Тэмүүжин, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар “Нээлттэй хэлэлцүүлсэн эсэхээс хамааран санал өгөх байр суурь, үг, саналын агуулга өөрчлөгдөнө гэдэг дээр санал нэгдэж энэ талаар иргэдийн дийлэнх хангалттай мэдээлэлтэй болсон болохоор нуух зүйл байхгүй, нээлттэй хэлэлцье” гэсэн.

Гэтэл УИХ дахь “Шударга ёс” бүлгийн гишүүн Д.Тэрбишдагва “Манай намын бүлэг хуралдаад тодорхой чиглэл өгсөн. Бүлгийн дарга маань гадаадад томилолтоор явсан. Завсарлага авъя” гэлээ. Хурал даргалагч “Хэд хоног вэ” гэхэд “Дээд хязгаар нь хэд хоног завсарлага авч болдог билээ” гэхийг бодоход тэдэнд хугацаа хэрэгтэй байгаа бололтой. Цаанаа бол бүлгийн дарга ч байхгүй хойгуур энэ хууль нь дэмжигдчихвэл баларна, бараг л даргыгаа  шоронд явуулчихсан хэрэгт унана гэсэн айдастай байгаа бололтой. Сонирхолтой нь, таамаглаж байсанчлан хуралдааныг даргалсан Р.Гончигдорж тав хоногийн завсарлагыг нь өгөх гэж ихэд хичээсэн. “Энэ бол өөр хууль болохоор завсарлага өгнө”  гээд алхаа тогшив. Чуулганы танхимд гишүүд ойрд дуулдаагүйгээр шуугилдаад явчихсан нь микрофонд тодхон сонсогдсон.

Бас нэг сонин гэвэл ноцтой үг хаясан Н.Алтанхуяг гишүүн эгээ л намын дарга байсан үеийнх шигээ ханхалзаж эхэлсэн юм. Тэрбээр “Монголд хэн төр барьж байна вэ” гэсээр илтгэлийн үгээр эхэлж, “Хоёрын хооронд юман дээр намчирхах хэрэггүй. Та нарыг инээж байхад цаана чинь хүмүүс хэлмэгдэж байна, уйлж байна. УИХ-ын гишүүний кноп дарах эрхэнд халдаж боллоо. Та нар битгий гүлдэлзээд бай. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр олон юм ярьсан хүнийг хашраадаг, УИХ-аас илүү онцгой эрхтэй байгууллага байна, цаана чинь. 37 оных шиг хэлмэгдүүлж байна. Та нарыг Өршөөлийн хуулийн тухай улстөржиж байх хооронд энэ улс орныг самарч дууслаа. Ард иргэд ч үүнийг хэлж байна. Би ч гэсэн энд байгаа 76 хүн төр барьж байгаа гэдэгт итгэхгүй байна. Микрофоны ард туйлширдаг болохоор заавал хаалттай хуралдаж энэ бүхнийг ярих ёстой. Ерөнхийлөгч ч энэ хуралд оролцох ёстой. Золбин яриагаа орхиж, болох болохгүйгээ хэлэлцэн хаалттай хуралдъя, бид УИХ-ын гишүүд мөн л юм бол” гэж илтгэлээ.

Н.Алтанхуяг гишүүнийн хувьд хэрэв хаалттай хуралдаан байсан бол уурлаад, уйлаад ч болтугай “уушги нээх”, удаан тээсэн гомдлоо тайлах хангалттай асуудал, хэрэгцээ шаардлага байгаа нь анзаарагдаж тэрбээр чухам л тэсэрч байв.

Энэ бүхэн ядмагхан дэглэсэн жүжиг болж өнгөрлөө. Нээлттэй хэлэлцээд авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдээ өршөөхөөр шийдвэл наанадаж гадаа жагсаал цуглаан, үймээн дэгдэж мэдэхээр, цаашилбал сонгуульд нэр дэвших эрхээ намаасаа авч болохгүй учраас шалтгаан илт мэдрэгдэж байв. Харин хаалттай хуралдсан бол “нээлттэй хэлэлц” гэсэн акц, зарим нэг жагсаал цуглаан гарч мэдэх ч шийдвэр нь авлигачдад ашигтайгаар гарах байсныг үгүйсгэхгүй. Тиймээс ч “Нээлттэй хуралдахаас аргагүйд хүрэх нь. Гэхдээ танайх завсарлага авчих, би өгчихье” гэсэн яриа “Энхбаярын” Д.Тэрбишдагва, “Алтанхуягийн” Р.Гончигдорж нарын хооронд болсон байх гэсэн хардлага тээж хоцорлоо. Ядахдаа энэ дөрөв харахад хоёр өөр нам боловч үнэн чанартаа бүгд “Энхбаярын холбоотнууд” шүү дээ. Тиймээс ч Н.Алтанхуяг үгээ хэлэхдээ “Р.Гончигдоржийг хурал даргалж байгаа дээр нь…” гэсэн бол Р.Гончигдорж “Шударга ёс” бүлгийг завсарлага авсны дараа  үгээ хэлэх гэсэн хэн нэгэн гишүүнд “Өөр бүлгийн хүний өмнөөс өөр бүлгийн хүн тайлбар өгөөд яах вэ дээ” гэж их л доогтойгоор алхаа тогшсон нь “Чадаж байгаа юманд арга байхгүй” гэсэн маадгар төрхтэй харагдсан юм.

Муухай л байна. Түүний хүч түрэмгийлсэн шийдвэрүүд, нүүрээ ширлүүлсэн мэт улайм цайм зүтгэх нь, тэр ч байтугай, ядахдаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн “овог” нь “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан” хэмээн танилцуулахад дотор арзаганах шиг болж байв.

Ийнхүү яах аргагүй “Энхбаярын хүмүүс” Өршөөлийн хуулийг нээлттэй хэлэлцэж чадахгүйгээ харуулж зохион байгуулалттайгаар асуудлыг хойшлууллаа. Тэдэнд хугацаа хэрэгтэй аж. Хэрэв З.Энхболд хурал даргалж байсан бөгөөд “Завсарлага өгөхгүй” гэсэн бол яах байсан бол. Хаалттай хуралдсан бол ямар шийдвэр гарах байсан бол” гэдэг сонирхолтой биш гэж үү.

Ямартай ч “Бүлгийн дарга эзгүй”, “Намаас чиглэл өгсөн” гэсээр яриагаа эхэлсэн Д.Тэрбишдагва Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхэд саад болж чадалгүй хэлэлцүүлээд, авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд хамааралтай хэсгийг дэмжүүлээд алдчихсан бол Н.Энхбаяр дарга нь түүнийг яах бол. Яаж харж, юу гэж хэлж угтах бол. Энэ удаад тав хоногоор тогтоолоо шүү гээд хөлсөө арчаад дарга дээрээ орсон байх даа гэхээс нүдэнд харагдах шиг болох аж. Энэ удаа тэд эцсийн аргаа хэрэглэж бараг л тав хоногийн “тэнсэн” авлаа. Ирэх долоо хоногийн өдийд асуудлыг хэчнээн зугтсан ч шийдэж л таарна.

Хаалттай хэлэлцлээ гэхэд санал өөрчлөгдөх магадлал бий. Харин “Шударга ёс” бүлгийн дарга Н.Батцэрэг ирлээ гээд юу өөрчлөгдөх билээ. Энэ удаа Р.Гончигдорж, Д.Тэрбишдагва нар Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нарынхаа төлөө чадах бүхнээ хийсэн нь энэ.

Ө.Дөш

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих