Д.Ганбат Хууль зүйн байнгын хорооны даргаар улиран сонгогдлоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Ганбатыг томилох асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ынг гишүүн Л.Болд танилцуулсны дараа нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Улмаар санал хураалт явуулахад гишүүдийн 80.4 хувь нь дэмжсэнээр УИХ-ын гишүүн Д.Ганбатыг Хууль зүйн байнгын хорооны даргаар улираан томиллоо.
УИХ дахь АН-ын бүлэг Д.Ганбатыг улираан томилох шийдвэр гаргаад байсан ч өнгөрсөн долоо хоногт болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ш.Түвдэндорж нэрээ дэвшүүлж, дэмжлэг аваад байсан. Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар байнгын хорооны дарга томилох асуудлыг хэлэлцэхээс АН-ын бүлэг завсарлага аваад байсан юм.
Улмаар АН-ын бүлгийн хуралдаанаар Ш.Түвдэндоржийг бүлгийн шийдвэрийн эсрэг ажилласан хэмээн буруутгаж, бүлгийн дэд даргын албанаасаа чөлөөлөх шийдвэр гаргасан билээ. Түүнчлэн Ш.Түвдэндорж гишүүн өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хорооны даргаас нэрээ татаад байсан юм. Мягмар гарагт Хууль зүйн байнгын хороо хуралдаж, байнгын хорооны даргын асуудлыг дахин хэлэлцэж, Д.Ганбатыг томилохыг дэмжсэн. Байнгын хорооны уг саналыг өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар ийнхүү дэмжлээ.
Мөн Д.Ганбатыг анх Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшихэд УИХ-ын гишүүн Ж.Батзандан түүнтэй өрсөлдөж байсан. Гэвч Ж.Батзандан намынхаа гишүүдийн саналыг авч чадаагүй юм.
Г.Төмөр
URL: