Манхэттений дайтай хүдэр ба хүлээлт
“Хамгийн бага зардлаар олборлож байхад эдийн засгийн циклийн аль ч үед мөнгө “хийх” боломжтой” хэмээн “Rio Tinto” группийн Зэс, нүүрсний бүлгийн хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Крэйг Киннелл Оюутолгойн уурхайн тухай ярихдаа хэлжээ.
“Оюутолгой” компанийн гүйцэтгэх ерөнхий захирал байсан гэдгээр нь монголчууд түүнийг андахгүй. Харин “Deutsche Bank”-ны шинжээч Пол Янг “Оюутолгой бол дэлхийн хэмжээнд зэсийн хамгийн шилдэг төсөл. Аж үйлдвэрлэлийн салбарын хамгийн үнэт хөрөнгө” хэмээн уурхайд зочлох үеэрээ уулга алдаж байсан тухай Австралийн “Herald Sun” сонин есдүгээр сарын 18-ны дугаартаа тэмдэглэсэн нь бий.
Далд уурхайг байгуулах нүсэр ажлыг хэрэгжүүлэх мөчийг анасан хүлээлт бий болжээ
Олборлолтын хамгийн хямд зардалтай зэсийн энэхүү уурхайн хоёрдугаар шатны бүтээн байгуулалт зогсоод хоёр жил гаруй хугацааг үдэж байна. Өнгөрсөн тавдугаар сард хөрөнгө оруулагч талуудын байгуулсан Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө буюу Дубайн гэрээ хөрөнгө оруулагчдын түншлэлд чухал алхам болсон. Талууд өдгөө далд уурхайг байгуулахад хэрэгцээтэй асар их санхүүжилтийг татаж, бүтээн байгуулалтын ажлыг эхлэхээр ажиллаж байна. Гэвч бүтээн байгуулалтыг дахин гацаах сонирхол хаа сайгүй үргэлжилсээр. Оюутолгойн баялгаас монголчууд ахиухан ашиг хүртэх учиртай гэсэн шаардлага завсрын энэ мөчлөгийг уртасгаж магадгүй юм.
Дэлхийд зэсийн нөөцөөрөө гуравдугаарт бичигдэнэ хэмээн тодотгодог “Оюутолгой” төсөл дэлхийн анхаарлын төвд одоо ч хэвээр. Далд уурхайг санхүүжүүлэхээ амласан олон улсын банк санхүүгийн байгууллагын төлөөлөгчид Өмнөговьд бууж, мордсоор байна. Тодруулбал, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ТУЗ өнгөрсөн сарын сүүлчээр айлчилсан. Мөн дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүдийн төлөөллөөс бүрдсэн баг мөн есдүгээр сард эх нутгийн өмнөдөд үдлээд буцжээ. Харин Монголын хэвлэл мэдээллийн баг өнгөрсөн амралтын өдрүүдэд уурхайд зочиллоо.
Оюутолгой орчим их бүтээн байгуулалтын өмнөх нам гүмд автсаныг энд ирсэн өдрөөсөө анзаарав. Оюут буюу ил уурхайн ажил үндсэндээ жигдэрчээ. 2800 хүн энд ээлжээр ажиллаж, энэ онд 175-195 мянган тонн зэс, 600- 700 мянган унци алт агуулсан баяжмал үйлдвэрлэхээр зорьж байна. Харин далд уурхайг байгуулах, олборлох дараагийн нүсэр ажлыг хэрэгжүүлэх мөчийг анасан хүлээлт бий болжээ.
“Газар доорх өрөмдлөг, бүх үйл ажиллагаа өнөөдрийн байдлаар зогссон. Гэхдээ цаашид үргэлжлүүлэх төлөвлөгөө хэдийнэ батлагдчихсан, мөн санхүүжилтийн асуудал нааштай шийдэгдэж байгаа. Тиймээс бүтээн байгуулалтын ажил он гараад дахин эхлэх болов уу гэсэн хүлээлттэй байна” хэмээн “Оюутолгой” төслийн удирдагч С.Санждорж тоймлов. Оюутолгойн далд уурхайд өдгөө 14 км урт хөндлөн хонгил барьчихаад байна. 1300 метрийн гүнд 200 км гаруй урт хөндлөн хонгил нэмж барьснаар ордын хамгийн гүн хэсгээс хүдрийг аюулгүй аргаар тээвэрлэх боломж бүрдэх аж. Харин ийм хэмжээний бүтээн байгуулалт гүйцэтгэхэд шаардагдах төслийн санхүүжилтийг “Rio Tinto” арваннэгдүгээр сард багтаан авах төлөвлөгөөтэй.
“Далд уурхайд Оюутолгойн баялгийн 80 хувь нь агуулагдаж буй” гэх өгүүлбэрийг та бишгүй л сонссон байх. Харин яагаад гэдгийг харьцуулан танд тайлбарлая.
Оюут буюу ил уурхайн хүдэр нь 0.3 хувийн зэсийн агуулгатай. Тэгвэл газрын гадаргаас 200 метрийн гүнээс дооших ордын агуулга нь 0.6, зарим хэсэгт бүр хоёроос ч илүү хувийн зэсийн агуулгатай болохыг уурхайн ахмад геофизикч тайлбарлав. Харин хүдэр дэх алтны агууламж нь 1300 метрийн гүнд тонн тутамд нэг граммаар хэмжигдэж буй. Хүдрийн энэ биетийн тухай та Хойд Хьюго нэрээр нь сонссон болов уу. Хэмжээгээрээ энэ биет Нью-Йоркийн Манхэттен арал болон Улаанбаатар хоттой дүйх аж.
Далд уурхайн бүтээн байгуулалт нь таван босоо ам, хүдэр тээвэрлэх зургаан км урт налуу туузан дамжуурга, 200 км урт хөндлөн малталтын хонгилуудаас бүрдэнэ. Газрын гүнээс хүдэр олборлох зориулалтаар 1385 метр гүн нэгдүгээр босоо амыг хоёр жилийн өмнө байгуулжээ. Мөн 1180-гаад метр гүн хоёрдугаар босоо ам, агааржуулах зорилгоор түүний ойролцоо 200 метр гүн тавдугаар босоо амыг байгуулаад байна. Харин энэ ажил өдгөө зогсонги байгааг өмнө нь дуулгасан билээ. Ингэж өргөтгөснөөр уурхайг 2100 он хүртэл ашиглах боломжтой болох юм.
Ойрын 40 жилийн хугацаанд энэ хоёр талбайг л ашиглах ба Оюутолгойн ашиглалтын лицензтэй талбайд хамаарах өөр нэгэн хүдрийн биет бас бий. Херуга гэж түүнийг нэрлэнэ. Дээд зэргийн амар амгаланг бэлгэдэн хамба лам Д.Чойжамц нэр хайрласан энэ ордын хүдрийн биет 500 гаруй метрийн гүнээс эхэлдэг ба олборлох асуудал одоогоор хараахан яригдаагүй байна.
Далд уурхайн үйл ажиллагаа эхлэхэд өдөрт 95 мянган тонн хүдрийг өрсөлдөхүйц зардлын түвшинд олборлохоор төлөвлөж байна. Гэхдээ энэ ордоос хүдэр авч ашиглах хугацаа 2021 оноос жигдрэх болов уу гэсэн хүлээлт бий. Уурхай бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд дунджаар 430 мянган тонн зэс олборлох ба энэ нь дэлхийн зэсийн нийт үйлдвэрлэлийн хоёр хувийг дангаар бүрдүүлэх учиртай. Түүнчлэн баяжмал дахь алтны агуулгын хэмжээ 425 мянган унцид хүрэх тооцоотой. Энэ зуур “Оюутолгой” ханган нийлүүлэлтийн сүлжээгээ өргөтгөхөөр хичээж байна. Хятадын компаниудад баяжмалаа худалддаг тэд Япон руу баяжмал экспортлох туршилтын тээвэр хийхээр зэхэж байна.
Ил уурхайн олборлолт дөрвөн жилийн өмнө эхэлсэн гэж үзвэл “Оюутолгой” өдгөө дөрвөн настай. ““Оюутолгой” төслийн бүхий л зүйл Монгол Улсын хувьд цоо шинэ. Зам гаргаж яваа төсөл учраас ямар ч асуудлыг шийдэхэд цаг хугацаа шаардаж, дүрэм, журам, стандартыг шинээр боловсруулах шаардлага гарч буй тул бидний араас эхлэх адил төстэй төслүүд ногоон гэрлээр үргэлжилнэ. Хэмжээ болоод далайцаараа “Оюутолгой” шиг том төсөл хэрэгжиж байгаагүй учраас Монгол Улсын хувьд юм бүхэн шинэ болоод байгаа юм” хэмээн С.Санждорж тэмдэглэв.
Дашрамд дурдахад, “Барагцаалбал Нью-Йоркийн Манхэттен аралтай дүйх Оюутолгойн баялгаас нэг хэрчмийг хүртэхэд нь “Rio Tinto”-д тийм ч хялбар байхгүй бололтой” хэмээн Австралийн сэтгүүлч Жон Дагге тэмдэглэжээ.
Б.Цэцэгсүрэн
Засгийн газрын мэдээ
URL: