Ардчилсан намын дотоод зөрчлийн золиос нь Э.Бат-Үүл үү?
Хөл толгой нь олдохоо больсон Ардчилсан намын дотоод зөрчлийн гол бай нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг биш хотын дарга Э.Бат-Үүл болж таарлаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдын хурал дахь МАН-ын бүлэг хотын дарга, Улсын баатар Э.Бат-Үүл даргыг огцруулах саналыг өчигдөр өргөн барьсан. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар эл үйл ажиллагааны гол захиалагч нь Ардчилсан нам дотор байгаа гэнэ. Энэ нь Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын хэвлэлийн хурал дээр хэлсэн үгнээс тодорхой харагдана. Цаашлаад Ардчилсан нам, Нийслэлийн Ардчилсан нам хоёр тун таарамж муутай байгааг Э.Бат-Үүл даргын намын удирдлагадаа бичсэн захидлаас харж болно.АН-ын генсек Л.Эрхэмбаярыг тийм мэдэгдэл хийхэд хүргэсэн хүчин зүйл нь “Шонхор” фракц. Өнөөдрийн байдлаар “Шонхор” фракцийг УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд удирдаж байгаа. З.Энхболдын улыг долоочих шахам явдаг хүн нь Хөдөлмөрийн сайд С.Эрдэнэ. С.Эрдэнэ, Э.Бат-Үүл хоёр бие биеэ үздэггүй хонь чоно шиг улс. Үүнээс үзэх юм бол З.Энхболд С.Эрдэнэдээ Э.Бат-үүлийг унагах даалгавар өгснийг Л.Эрхэмбаярт уламжилсан хэрэг. Л.Эрхэмбаяр нь үг дуугүй, учрыг нь ололгүй өнөөгийн хотын дарга руу хар цагаан дайрсан болж таарах нь. Энэхүү цусгүй тулааны цаад агуулга нь Ерөнхий сайдын суудал. Ч.Сайханбилэгийн Засгийн газар уналаа гэж бодоход хэн Ерөнхий сайд болох вэ? Өнөөдрийн улс төрийн өнцгөөс харвал Р.Амаржаргал Ерөнхий сайдын сунгаанд тун ч хурдтай яваа нэгэн. Түүний хажуугаар Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нар дайрахыг маш их хүсч байгаа. Түүх сөхвөл 1996-2000 оны хооронд Э.Бат-Үүл нэг удаа Ерөнхий сайд болох гэж зүтгээд дийлээгүй. Харин одоо түүнд сайхан боломж олдож байна. Р.Амаржаргал бол яах вэ, сул гишүүн. Ямар нэгэн фракцад харьяалагддаггүй. Харин С.Эрдэнэ бол “Шонхор” фракц төдийгүй, УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдын халаасны хүн. Тэгэхээр хотын даргын нэр хүндийг хамгийн их унагаах сонирхолтой байгаа хүн нь С.Эрдэнэ. Тиймээс НИТХ дахь МАН-ын бүлэгт захиалга өгсөн хүн нь З.Энхболд, С.Эрдэнэ нар байж мэднэ.
Саяхны УИХ-ын чуулганы хуралдаан дээр НИТХ-ын гишүүдийн урамшууллын асуудалд УИХ-ын дарга З.Энхболд дурамжхан байгаагаа илэрхийлж “Наад урамшууллаа болино шүү” гэж хатуухан хэлсэн. Үүний хариуд Э.Бат-Үүл дарга “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Үүнийг болихдоо хүрвэл УИХ нь ч, нийслэл ч аль аль нь болих нь зөв” хэмээн намын даргатайгаа сөргөөд авсан. Эндээс харахад өнөөдөр нам дотор нь Э.Бат-Үүл даргыг цээжээрээ хамгаалчих хүн үнэндээ олдохгүй байгаа бололтой. Түүний эцсийн найдвар болсон эрхэм анд, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь нүүрээ буруулах болсон нь түүний дураараа зантай холбоотой.
Улс дотор улс байгуулах санаархал нь түүнийг ганцаардахад хүргэж байна. Мөн өдрөөс өдөрт уруудаж байгаа хувь улстөрчийн рейтинг, хүүгийнх нь дураараа загнаж улсын мөнгөнд хамаа, намаагүй гараа дүрж байгаа зэрэг нь Ардчилсан намынханд таалагдахгүй байгаа учраас НИТХ дахь МАН-ын бүлэгт захиалга өгч унагаах үйл ажиллагаа явуулж эхэлсэн ажээ. Энэ удаа Ардчилсан намын дотоод зөрчлийн гол золиос нь Э.Бат-Үүл дарга болох нь…
Т.ТэнгэрZaluu.com
URL: