Эрдэнэт хүлгээ эрлийз гөлөгний үнээр Хятад руу ачуулж байна

Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор гаргахаар монгол адууг олноор хашсан байхтай манай сурвалжлах баг таарлаа. Таван хошуу малаасаа сүлд хийморийн бэлгэдэл гэж онцгойлон шүтэж, муулахыг хүртэл урьтал болгодоггүй бид молор эрдэнээсээ нүүр буруулав уу гэлтэй. Тэр тусмаа удамт хурдан хүлгүүдтэй зүүн аймгийнхан адуугаа хил давуулахад “гардан” оролцож байгааг нүдээрээ харлаа.

БНХАУ-ын иргэд зүүн аймгуудаар явж малчдаас адуу худалдан авдаг бол­жээ. Тэднийг ямар зөвшөөрөлтэй, юунд зориулахаар авч байгааг мэдэхгүй атал “Хямралтай үед мөнгөтэй болж байвал хамаа алга. Хурдан удамтай нь ч яамай байна аа” гэх нэгэн захаас аваад таарав. Хятад иргэд Дорнод аймгийн төв, Матад, Халхгол сумдын малчдаас нэг адууг 600 мянган төгрөгөөр худалдаж аваад хүнд даацын ачааны автомашинаар зайгүй болтол нь чихээд хилээр гардаг болсон тухай  нутгийнхан ярьж байна. Тэр бүү хэл монгол иргэд адууны наймаа хийдэг хятадуудад хашаа, газраа түрээслүүлж ашиг олдог болжээ. Тэдний нэг Дорнод аймгийн Матад сумын иргэн н.Буяндэлгэр “Хятадууд манайхаас 600 мянган төгрөгөөр авна гэж байсан. Гэтэл малчид ямар ч сайн  адуу авчрахад ч анх хэлсэн үнээрээ авахгүй байна лээ, тэд. Яаж ийгээд л муулж 450, 500 мянгаар авч байсан. Харахад хайран санагдаж байсныг нуугаад яахав” гэж байна.

Монгол адууг хил давуулахыг зөвшөөрдөг эсэхийг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибалаас тодруулахад “Монгол Улсад энэ жил 250 мянга орчим адууг таваарын болон үржлийн зориулалтаар экспортлох тооцоотой байгаа. Манайд мах болгоод экспортлох үйлдвэрийн хүчин чадал хүрэлцээгүй. Амьдаар гаргахыг хууль эрх зүйн хувьд хориогүй” гэлээ. 2015 он гарснаас хойш Монгол Улсын хилээр 2200 гаруй адууг гаргасан тухай мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өглөө. Хилээр гаргах монгол адууны тоо эрс нэмэгдэж байгаа гэх мэдээллийг ч тэд нэмж хэлсэн.

Өнгөрсөн өвөл идэш­ний адуу гэхэд нэг сая төгрөг давж байсан даа. Хурдны адуу бол хэдэн саяар яригдана. Хурдан удамтай адууны төлөө юугаа ч хайрладаггүй,  мориор дэлхийг эзэлсэн гэж аархдаггүйсэн билүү, бид. Гэтэл тал нутгийн монгол адуу эрлийз гөлөгнөөс доогуур үнэлэгдэж Хятад руу ачигдаж эхэлжээ.

Б.Заяа

Эх сурвалж:

URL:

Нэр: zochin Огноо: 16 October 2015

setgel emzeglej bn.

Сэтгэгдэл бичих