“WikiLeaks” орлогын эх үүсвэрээ алдлаа
Дэлхий даяар шуугиан тариад буй “WikiLeaks” компанийг хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг хэмээн үзсэн “Paypal”
интернэт төлбөрийн үйлчилгээ үзүүлдэг компани холбоогоо тасалсан байна. “WikiLeaks”-ийн хувьд “PayPal”-аар дамжуулан ивээн тэтгэлэг цуглуулдаг байсан аж.
Үүн дээр нэмээд одоо “Amazon” гэрээгээ цуцалж, Засгийн газар болон хакерууд тус байгууллагын вэб сайтыг ажиллагаагүй болгохоор дайралт хийж эхлээд байгаа юм. Амралтын өдрүүдээр “Paypal” компани АНУ-ын дипломат харилцааны талаарх олон зуун мянган нууц материалыг олон нийтэд дэлгэснээр интернэтээр үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд “WikiLeaks”-тэй илүү болгоомжтой харьцах ёстой болгож байгаа юм.
Байгууллагыг хэд хэдэн орноос хууль зүйн шахалт үзүүлж эхэлж байгаа бол үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн хамтран зүтгэгч асан нэгэн “WikiLeaks”-тэй өрсөлдөх өөр вэб хуудас нээх болно гэж мэдэгдэж байна.
“WikiLeaks” байгууллага руу бямба гаригаас эхлэн “PayPal” үйлчилгээгээр мөнгөн хандив өгөх боломжгүй болж байна. Хандив өгөх гэж оролдвол “Энэ харилцагч одоогоор мөнгө хүлээн авах боломжгүй” гэсэн хариу дэлгэцэнд гарч байгаа аж.
“PayPal”-ын хувьд хууль бус үйл ажиллагааг дэмжсэн тохиолдолд тухайн байгууллагад үйлчилгээ үзүүлэхгүй гэсэн дүрэмтэй байдаг тухайгаа компанийн блогт бичсэн байв.
Ассанжын байгууллагын “Twitter” дэх хуудас нь ажиллахгүй байгаа тухай болон АНУ-ын Засгийн газрын шахалтаас болж “PayPal” дээрх шийдвэрийг гаргасан гэж мэдээлэв. АНУ болон гадаадын олон орныг ичгүүртэй байдалд оруулсан тус компанийн үйл ажиллагааг шахалтанд оруулж байна. Өдгөө “WikiLeaks”-ын орлогын эх үүсвэр маш хязгаарлагдмал болж байгаа юм. Хандивлагчид одоо Австрали улс дахь шуудангийн хайрцаг руу захидлаар, Швейцарь, Исланд болон Герман улс дахь банкны дэвтэр рүү нь гуйвуулга хийх боломжтой аж.
Түүнчлэн “PayPal”-ын зүгээс “WikiLeaks”-т санхүүгийн туслалцаа үзүүлдэг гэх Германы “Wau Holland” сангийн “PayPal” дахь хэрэглэгчийн бүртгэлийг устгасан байна. Уг байгууллага 750 мянган евро цуглуулж, “WikiLeaks”-ийн үйл ажиллагааны зардлыг даасан тухай өнгөрөгч долоо хоногийн эхээр мэдээлж байсан юм. Өөрөөр хэлбэл Ассанжийн байгууллагыг дэмжигчид ч “PayPal”-аар үйлчлүүлэх эрхгүй болж эхэллээ.
“WikiLeaks” хэдийгээр дэлхийг ил тод болгоно гэж хэлдэг ч өөрийнх нь компанийн талаарх мэдээлэл маш хомс байдаг юм. Төв байр гэж байхгүй, ажилчдын талаар, тэдний цалин хөлсний тухай ч мэдээлэлгүй байдаг. “Wau Holland”-ын дэд захирал Хендрик Хейе Фулда өнгөрсөн сард “WikiLeaks”-ийн жилийн зардал 200 мянга орчим ам.доллар байдаг гэж мэдээлж байсан юм.
Компанийн вэб сайт энэ долоо хоногийн дотор олон удаа кибер халдлагад өртөж, хаагдахад хүрч байгаа ба хэрэглэгчид нэвтрэх боломжгүй болж байсан тохиолдол олон байгаа аж. Ийм төрлийн халдлагад вэб сайтын ачааллыг зохиомлоор асар их болгож, жинхэнэ хэрэглэгчид нэвтрэх боломжгүй болгодог. Харин халдлагыг хийсэн гэмт этгээдийг олох маш хүнд байдаг.
“WikiLeaks” АНУ-ын дипломат сувгийн талаарх мэдээллийг цацахаас өмнөхөн буюу ням гаригаас эхлэн ийм халдлагууд хийж эхэлжээ. Хэдийгээр компанийн зүгээс ийм хэмжээний ачааллыг дааж чадах вэб байрлуулах үйлчилгээ үзүүлэгч “Amazon.com”-д байршуулсан ч лхагва гаригт “Amazon”-ыг АНУ-ын конгрессын албан хаагчид Жулиан Ассанжтай ямар холбоотой талаар байцааж эхэлснээс болж, “WikiLeaks”-ээс зайгаа барьжээ.
URL: