Оюутнууд мөнгөний машин биш

Монголын оюутны холбоо /МОХ/-ноос оюутнуудыг автобусаар үнэгүй зорчуулах карт захиалж өгнө гэх нэрээр 8900 төгрөгийг өнгөрсөн хавар хурааж авсан байдаг. Харин оюутнууд карт ч үгүй мөнгө ч үгүй хоцорсон. Тэд одоог хүртэл автобусанд мөнгөөр зорчиж байгаа юм.

МОХ-оор дамжуулж захиалсан, урт удаан настай карт нь оюутнуудад ямар ч хэрэггүй гэж оюутнууд үзэж байна. Тиймээс төрийн өмчийн болон хувийн их, дээд сургуулиудын 1000 гаруй оюутан өчигдөр МОХ-ны гадаа жагслаа. Нийт 64000 гаруй оюутан 8900 төгрөгөө МОХ-д хураалгажээ.

Энэхүү хураалгасан мөнгөө оюутнууд буцааж авахаар нэхэмжилж байгаагаа жагсаалын үеэр илэрхийлж “Мөнгөө буцааж авъя” хэмээн дуу нэгтэй орилж байв. Мөн “Оюутнууд мөнгөний машин биш”, “Оюутан бидний оюуны хөгжлийг эрхэмлэн, эрх ашгийн зөрчлийг арилгаж өгөхийг шаардаж байна”, “Сайн санаачлагч байж манлайлъя, сайн гүйцэтгэгч байж дагуулья” хэмээсэн уриа лоозон барьсан байлаа.

Тэд өмнө нь ч хэд хэдэн удаа МОХ-нд дээрх асуудлаар хандаж байсан ч одоо хүртэл шийдэж өгөхгүй байгаад бухимдаж байв. Мөн МОХ-ны тогтолцоо, улс төржсөн үйл ажиллагааг нь эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Энэ үеэр МУИС-ын оюутны холбооны тэргүүн У.Басбиш “МОХ оюутнуудын эрх ашигт чиглэсэн үйл ажиллагаа явуулдаггүй.

Жилдээ ганц удаа оюутнуудын автобусны картны захиалга авдаг байгууллага. Гэтэл энэ ажлаа ч хийж чадахгүй байна. МОХ-ны дансанд орсон 700-аад сая төгрөг хаана байгаа, юунд зарцуулсныг нь ойлгоогүй. Хавар захиалсан карт нь бидэнд ямар ч хэрэггүй болсон.

Оюутнууд мөнгөө буцааж авахыг хүсч байна. Иймээс МОХ-нд шаардлага хүргүүллээ. Энэ тал дээр МОХ-ыхон тодорхой тайлбар хэлээгүй. Судалж байна, та нарын шаардлагыг хүлээж авлаа л гэсэн. Бид ойрын хугацаанд хариугаа авна гэж мэдэгдсэн.

Нэг хүний эрх ашиг биш олон мянган оюутны эрх ашиг зөрчигдөж байгаа болохоор бид ийнхүү жагсаж байна” гэв. Оюутнууд өмнө нь “Автобусаар зорчих ухаалаг картыг 3600 төгрөгөөр авч чадахгүй. Хэрэв үүнийг авах шаардлагатай бол өнгөрсөн жил хураалгасан 8900 төгрөгөө буцаан авсныхаа дараа болно” гэж байсан.

Харин аргаа барсан оюутнууд сургуулийнхаа оюутны зөвлөлөөр дамжуулж “U money” картыг 3600 төгрөгөөр захиалжээ. Тэд “U money” картаараа өдөрт хоёр удаа л үнэгүй зорчих эрхтэй юм.

М.Чимэг


URL:

Сэтгэгдэл бичих