АТГ: Б.Гарамгайбаатар гишүүнд холбогдох хэргийг шалгаж эхэлсэн нь үнэн
Авлигатай тэмцэх газраас УИХ-ийн гишүүн Б.Гарамгайбаатарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тодруулбал, түүний үүсгэн байгуулсан “Монроуд” компанитай холбогдох хэргийг сэргээж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 болон 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Энэ талаар албаныхнаас тодруулахад, “УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарт холбогдох хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа нь үнэн” гэх хариултыг өглөө. Хэрэв уншигчид санаж байгаа бол өнгөрсөн тавдугаар сард АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат мэдээлэл хийх үеэрээ “Хөгжлийн банкны албан тушаалтнууд Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км автозамын гүйцэтгэлд нийт 38 орчим хувьтай байхад уг газарт шинээр зам тавихаар Засгийн газарт тогтоол оруулж, батлуулсан.
Улмаар нийт 46.3 тэрбум төгрөг гаргуулж, “Монроуд” гэх компанид шилжүүлсэн болохыг тогтоосон” хэмээн ярьж байсан. Тухайн үед хууль, хяналтынхны Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар тус чиглэлийн 100 км автозамын гүйцэтгэлд 30 гаруй тэрбум төгрөг шилжүүлсэн ч нэг ч км зам тавиагүй нь илэрч, АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.Гэсэн ч эл хэрэг тодорхойгүй үлдсэн бөгөөд хуулийнхан хэргийг түр түдгэлзүүлээд байсан билээ.
Хэдийгээр Б.Гарамгайбаатар гишүүн хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа компаниа өөр хүнд шилжүүлсэн талаар хэлсэн ч тэрбээр жил бүр хөрөнгө орлогын мэдүүлэгтэй “Монроуд” компанийг дурдсан байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” компанитай холбоотой 46.3 тэрбумын хэрэг дахин сэргэж, АТГ-аас шалгаж эхэлсэн байна.
Бүр тодруулбал, хэргийг дахин сэргээн шалгах болсон гол шалтгаан нь тус компани нь Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км замыг барихаар 2012 онд тендерт шалгарсан.
Улмаар 37.2 тэрбум төгрөгийг 46.3 тэрбум болгож нэмэгдүүлсэн. Мөн тус замаа 2013 онд шинээр барих замын жагсаалтад хууль бусаар оруулсан хэрэгт буруутган шалгаж эхэлсэн талаар эх сурвалж өгүүлэв.
Б.Бат
URL: