Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг эргүүлэн татна

rqewtsfxbjkd

УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад Оюутолгойн талаар асуулга тавьж өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн чуулганы үеэр хариултаа авсан билээ. Ийнхүү Оюутолгойн талаар хариулт сонссоны дараа УИХ-ын гишүүн Г.Уянга Оюутолгойн ТУЗ-ийн гурван гишүүнийг эргүүлэн татах асуудлыг тавина гэдгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлээд буй.

Тэрбээр “Оюутолгойд Монголын талын 34 хувийг төлөөлдөг Да.Ганболд, Б . Бямба сайхан Ч.Отгочулуу нар жилд 100 мянган ам.долларын цалин авдаг. Мөн тэд “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс-Оюу- толгой” компанийн захирлынхаа хувиар төрөөс өндөр цалин сард авч байгаа. Цалингаас өөр авдаг шагнал, урамшуулал, хангамж, аялал зугаалгыг нь мэдэхгүй юм.

Оюутолгойгоос өндөр цалин хангамж хүртдэг учраас тэд Монголыг төлөөлөх биш, харин эсрэгээр Монголын төрд Оюутолгойг төлөөлөөд байна. Иймбайх ёсгүй. Монгол өөрсдийн хүмүүсээ цалинжуулж, тэднийг хянуулж, эрх ашгаа төлөөлүүлэх ёстой. Энэ гурвыг буцааж татах асуудлыг тавих болно. Тэд дээрх авдаг мөнгөндөө Монголыг худалдаж байна. Тэдний авч байгаа бүх мөнгөний 34 хувийг бид өндөр хүүтэй зээлээр төлж байгааг мартаж болохгүй.

Тэд төслийн өндөр зардалд хувь нэмрээ оруулж байна. Мөн Монгол Улс Оюутолгойгоос ноогдол ашгаа 2037 оноос авна гэлээ. Хяналт хийсэн эрдэмтдийн ярьж байгаагаар Монгол энэ төслөөс ашиг авахааргүй болсон гэж байна лээ. Би эрдэмтдэд итгэж байна. Тооцоо, үндэслэлийн удахгүй гаргаж тавих болно” гэж бичжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Уянгаас тодрууллаа.

 -Та ямар үндэслэлээр Оюутолгойн ТУЗ-ийн гурван гишүүнийг эргүүлэн татах асуудлыг тавихаар болж байгаа вэ. Жилд 100 сая төгрөгийн цалин авдаг гэдэг мэдээллээс болсон уу?

-100 сая төгрөгийн цалингаас болсон юм биш. Тэд Монголын эрх ашгийг хамгаалахгүй, тэр өнцгөөс асуудалд хандахгүй байгаа. Олон удаа асуулга тавьж тайлбар сонслоо. Бүлэг дээр, УИХ-ын нэгдсэн чуулган дээр ч тайлбар сонссон. Тэгэхэд “Рио Тинто”-г өмөөрсөн, тэдний гарц гаргалгааг олж харж байгаа болохоос Монголын ашгийг ингэж нэмье, зардлаа ингэж хасах талаар ямар ч санаачилга гаргахгүй, Монгол Улсын талд огт ажиллахгүй байгаа юм.

Наад зах нь УИХ-ын 57 дугаар тогтоолыг биелүүлэх талаар хүчин чармайлт гаргах ёстой. 57 дугаар тогтоол ёсоор хөрөнгө оруулагчид оруулсан хөрөнгөө нөхсний дараа Монголын талын эзэмших хувийг 51-ээс дээш хувь болгох ёстой. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч ашгаа нөхсөн бол манайх 51-ээс дээш хувийн ашгаа авч эхлэх ёстой гэсэн үг. Гэтэл үүнийг наашлуулах талаар ажилладаггүй.

Харин ч нөгөө талын оруулсан хөрөнгө оруулалтыг зөв гэж хүлээн зөвшөөрөөд яваад байгаа. Хөрөнгө оруулагчаа үргээчих вий гэдэгт л санаа зовж байгаа болохоос яавал энэ гэрээг Монголын талд ашигтай болгох вэ. Яаж хурдан ноогдол ашгаа авах вэ гэдэг тал дээр огт ажиллахгүй байгаа юм. Тэднийг буцаан татах гол үндэслэл нь энэ

-ТУЗ-ийн гишүүдийг буцаан татах асуудлыг та ганцаараа тавих юм уу. Энэ тохиолдолд дэмжлэг авах болов уу?

-Би энэ асуудлыг ганцаараа тавина гэж яриагүй. Ерөнхий сайдад УИХ- ын зургаан гишүүн асуулга тавиад өнгөрсөн баасан гаригийн чуулган дээр хариулт сонссон. Надаас гадна Л.Цог, Б.Бат-Эрдэнэ, бие даагч гурван гишүүн нийлээд зургуулаа асуулга тавьсан.

Өмнө нь асуулга асуугаад чуулган дээр хариулт аваад л өнгөрдөг байсан. Хуулиар бол асуулгын дагуу асуудал оруулж шийдүүлэх эрх УИХ- ын гишүүдэд байгаа. Тэр процессыг үргэлжлүүлж асуудлыг шийдүүлнэ.

Эдийн засгийн байнгын хороонд “Оюутолгойн ТУЗ-ын гишүүдийг эргүүлэн татах асуудлыг Байнгын хорооны хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгнө үү” гэсэн хүсэлтээ өнөөдөр /өчигдөр/ өгсөн. Ирэх долоо хоногт хэлэлцэх байх гэж бодож байна. Тэгвэл бид тодорхой саналуудыг гаргаж тавина.

М.Алтанцэцэг

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Нэр: bold100 Огноо: 15 October 2015

Zuv zuv

Нэр: иргэн Огноо: 15 October 2015

МАШ ЗҮЙТЭЙ АСУУДАЛ БНА , ҮНЭХЭЭР ДЭМЖИЖ БАЙНА . ТЭД НАР УЛС ОРНОО ТӨЛӨӨЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ ҮНЭН…………………. ЭГҮҮЛЭН ТАТАЖ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ, БАС ӨМНӨХ ТУЗ-ЫН ГИШҮҮДЭД МӨН АДИЛ ШҮҮ…………………………… АМЖИЛТ ….

Сэтгэгдэл бичих