Г.Жигжидсүрэн: Кино урлагт хөл тавихад Ч.Лодойдамба багш хамгийн их нөлөөлсөн
Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн нэрт кино найруулагч, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Г.Жигжидсүрэнтэй дэлгэцийн урлагийн талаар ярилцлаа. Түүнийг бид амьдралыг сэтгэлд хоногштол харуулсан олон сайхан уран бүтээлээр нь андахгүй билээ.
-Таны кино урлагт хөл тавьсны 55 жилийн ой тохиож байна. Кино урлагтай хэрхэн холбогдсон талаар яриагаа эхлэх үү?
-Монголын кино урлаг үүсч хөгжсөний80 жилийн ой энэ онд тохиож байна. Харин би кино урлагтай холбогдоод 55 жил болжээ. Анх 1960 онд “Улаанбаатарт байгаа миний аав”-д Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Жигжидийн туслахаар ажиллаж байлаа. Өөрийгөө их хувь заяатай нэгэн гэж боддог. Миний хувьд кино урлагт анх орохдоо сайн багш нараар хөтлүүлсэн. Монгол талаас мэргэжлийн багш гэвэл Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Жигжид, Ардын жүжигчин Д.Чимэд-Осор нар. 1961 онд Д.Чимэд-Осор гуай Ц.Дамдинсүрэнгийн туужаар “Гологдсон хүүхэн” гэх анхны бие даасан уран сайхны киногоо хийхэд туслахаар нь ажиллаж, багш хэмээн хүндлэх болсон. 1962-1967 онд ОХУ-ын Бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд суралцсан. Очоод ОХУ-ын Ардын жүжигчин, доктор, профессор Л.Кулешова багшийн шавь болсон. Багшийн минь эхнэр ОХУ-ын гавьяат жүжигчин А.С.Хохлова гэж хүн бий. Нөхрийнхөө найруулсан олон кинонд тоглосон сайхан хүн байсан. Бас л миний багш. Энэ хоёр хүний шавь болж таван жил эцэг, эхийнхээ гар дээр байгаа юм шиг өнгөрөөсөн. Эндээс харвал хувь заяандаа баярлахгүй байхын аргагүй байгаа биз. Л.Кулешова багш том хүн. Манайхан тэр бүр мэдэхгүй байх. Дэлхийн киноны онолын түүхэнд “Кулешовын эффект” гэдэг томьёолол бий. Өөрөөр хэлбэл, дэлхийн кино урлагт эвлүүлгийг онолынх нь хувьд гаргаж ирсэн хүн. Ийм сайхан хүмүүсийн гараар дамжиж кино урлагт хөл тавьсандаа талархаж явдаг.
-Танд өөр багш бий юү?
-Намайг кино урлагт оруулсан бас нэг хүн бол Төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамба гуай. Тэр ямар учиртай гэхээр би утга зохиолоор дамжиж кино урлагт орж ирсэн гэж боддог. Багаасаа шүлэг уншиж, бичдэг, ой сайтай хүүхэд байсан. Намайг дөрөвдүгээр ангид байхад“Пионерийн үнэн” сонинд эрх ишигний тухай миний анхны шүлэг хэвлэгдэж байлаа. Тэр цагаас хойш Хүүхдийн урлан бүтээх төв буюу Монголын пионерийн ордоны утга зохиолын дугуйланд явах болсон. Манай дугуйлангийн багшаар хүүхдийн зохиолч М.Чимэд ажилладаг байв. Тухайн үед зохиолчдын хороогоор их гүйдэг байв. Тэгж яваад Ч.Лодойдамба гуайтай танилцаж, багш шавийн барилдлагатай болсон. Тэр үед арван жилийн хүүхэд сайд, дарга ч гэж айж эмээхгүй өрөөнд нь орж шүлгээ уншуулдаг байсан юм. Одоо ч надад багшийн минь өөрийн гараар зассан шүлгийн хуудсууд бий. Намайг кино урлагт хөл тавихад Ч.Лодойдамба багш хамгийн их нөлөөлсөн. Аравдугаар анги төгсөх үед хүүхдүүдийг гурав хуваадаг байв. Би ч гайгүй гадаадын сургуулийн хуваарьтай болсон байлаа. Тэр үед миний шүлэг, өгүүллэг сонин, радиогоор цацагдчихсан сургуульдаа шүлэгч хүүхэд гэгдэх нь холгүй байв. Утга зохиолын дээд сургуульд орно гэсэн чинь ганц хуваарь ирээд нэг даргын хүүхэд авчихсан. Ингээд надад Эрхүүгийн их сургуулийн хуулийн ангийн хуваарь ирдэг юм байна. Боломжтой, гайгүй айлын ганц хүү байлаа. Аав, ээж хоёр минь хоёулаа эдийн засагч мэргэжилтэй. Аав минь Худалдааны яаманд хэлтсийн даргаар ажиллаж байгаад МОНЦАМЭ-гийн ерөнхий нягтлан бодогчоор 20 гаруй жил ажилласан. Тэгээд ээждээ “Хуулийн ангийн хуваарь авлаа” гэтэл“Би хүүгээ мөрдөн байцаагч болгохгүй. Хүүгээ Рагчаа дээр авч очиж эмч болгоно” гэдэг юм байна. Тэр үед ээж хуульчийг яагаад мөрдөн байцаагч гэж ойлгодог байсан юм бүү мэд. Рагчаа гэдэг нь манай улсын дотрын алдартай эмч. Энэ хүн аавын минь дотнын найз бөгөөд манайд ирж шатар тоглодог байсан. Гэхдээ хүний амьдрал их сонин. Тохиолдлын нэг уулзалт, учрал амьдралыг орвонгоор нь өөрчилж чадсан. Нэг өдөр гудамжинд Ч.Лодойдамба багштайгаа таарлаа. Багшдаа “Зохиолч болмоор байна” гэж хэлсэн. Багш намайг дагуулаад тухайн үеийн соёлын яамны байранд очлоо. Тэгээд багш “Чи кино үйлдвэрт очоод нэг жил туслах найруулагчийн ажил хий. Чамайг дараа жил киноны зохиолчийн сургуульд явуулж өгье” гэсэн. Аав, ээждээ очоод багшийнхаа хэлснийг дамжууллаа. Аав, ээж ч үүнийг минь зөвшөөрч1960 онд Д.Жигжид гуайн туслахаар очсон. Ч.Лодойдамба багштайгаа тэр үед таараагүй бол эмч болох байсан.
-Анхны киногоо хийхэд ямар уран бүтээлчидтэй хамтран ажилласан бэ?
-1969 онд“Анхны алхам” киногоо хийж байлаа. Энэ кино миний дипломын ажил. ОХУ-д улсын шалгалтаа өгчихөөд дипломын ажлын киногоо нутагтаа хийнэ гээд ирсэн. Дипломын ажил хийх гурван жилийн хугацааг сургуулиас өгдөг. Гурван жилийн дотор киногоо хийж ирэхгүй бол улсын шалгалт дахин өгөх шаардлагатай болдог. Тийм учраас зүтгэсэн. Намайг шалгалтаа өгөөд дипломын ажлаа хийх гээд иртэл“ашгүй сайн найруулагч ирлээ” гэж кино үйлдвэр хүлээж аваагүй юм. “Туслах найруулагч хий, баримтат кинонд ажил, тэр ч байтугай орон тоо байхгүй туслах ажилтан болгоно” гэв. Яагаад энэ зовлонг ярьж байна вэ гэхээр өнөө сургуулиас өгсөн гурван жилийн хугацаа дуусах гээд байгаа байхгүй юу. Тэгээд Ч.Лодойдамба багш дээрээ орлоо. Бүх учир байдлаа тайлбарлалаа. Багш“Чамд зохиол байгаа юм уу” гэж байна. Уг нь надад өөрийн минь бичсэн“Эрт ниссэн бүргэдүүд” гэж 1932 оны хувьсгалын эсэргүү, бослого, лам нарын тухай зохиол байсан юм. Багш юу гэж ийм зохиолоор кино хийлгэх билээ. Тэгээд би зохиолынхоо эрэлд гараад явж байтал баримтат киноны найруулагч Ч.Гомбо надад нэг зохиолын санаа бий гэлээ. Бид нэг үеийнх, кино үйлдвэрт нэг жил ажилд орж байсан юм. Тэгээд Ч.Гомбо надад“Анхны алхам”-ын үйл явдлыг ярилаа. Ингээд бид нэлээн ярилцаж явсны эцэст “Анхны алхам” киноны“Өвөлжих хун” зохиол гарсан. Тухайн үед олон хүний анхны алхам болсон. Тухайлбал, Ч.Гомбо, Л.Шаравдорж, зураач Ч.Хишигдалай, манай гол дүрийн жүжигчин Б.Цэцэгбалжид, Н.Цэгмэд нарын анхны алхам юм.
-“Хүн чулууны нулимс”, “Суварган цэнхэр уулс” зэрэг таны уран бүтээлийг үзэгчид андахгүй. Эдгээрээс гадна таны хөлс хүчийг хамгийн ихээр шавхсан нь ямар уран бүтээл вэ?
-Хүч хөдөлмөрөө шавхаагүй гарсан кино гэж байхгүй. Нийт 25 уран сайхны кино бий. Тэр хэмжээний баримтат кино бас байна. Миний хамгийн их бодож хийсэн кино“Хатанбаатар”. Энэ киног С.Удвал гуайн“Их хувь заяа” роман гарч байх үеэс л бодож байсан. Ингээд бодохоор Хатанбаатарын тухай кино хийхээр10 гаруй жил толгойдоо тээж явсан байгаа юм. 1981 онд Ардын хувьсгалын60 жилийн ой тохиосон. 1980 онд төв хорооноос энэ ойд зориулсан томоохон хэмжээний түүхэн уран сайхны кино хийх шийдвэр гарч С.Удвал гуайн романаар кино хийхийг зөвшөөрсөн. “Хатанбаатар” киноны зохиолыг С.Удвал гуайтай хамтарч бичсэн. Энэ бүхэн надад олон жил бодогдож явсан учраас зовлон тохиолдоогүй. Сайн ч уран бүтээлчид тоглосон. Л.Эрдэнэбулганыг зарим хүн“Их ноомой, муу Хатанбаатар” болсон гэдэг юм. Харин миний хувьд эсрэгээрээ Л.Эрдэнэбулганыгаа сайн тоглосон гэж боддог.
-Монголын кино урлаг 80 жилийн ойтойгоо золгож байна. Энэ ойд зориулж нэгэн том уран бүтээл гаргасан гэсэн?
-Би Монголын кино урлагийн ахмад үед орж байна. Монголын кино урлагийнхаа багагүй үеийн түүхийг мэдэх нэгэн болжээ. Кино урлагийн70 жилийн ой болоход эхнэр Д.Цэцгээтэйгээ хамтран “Монголын киноны нэвтэрхий толь” номыг гаргаж байсан юм. Толь бичих их нарийн, ярвигтай ажил шүү дээ. Эхнэр минь л ихэнхийг нь хийсэн байх. Энэ номыг уншигчид сайн хүлээж авсан. Одоо олдохгүй ховор номд орж байна. “Монголын киноны нэвтэрхий толь” нээлтээ хийсэн жилдээ БСШУЯ-ны шилдэг номоор шалгарч байв. Өнгөрсөн жил“Тэнгис” кино театрын захирал надад “Энэ номын II ботийг гаргая. Монголын киноны шинэ үе гарч байна” гэв. Саналыг нь хүлээн авч “Монголын киноны нэвтэрхий толь II” ботийг80 жилийн ойд зориулан бүтээлээ. Эхний ботид 2000 он хүртэлх дэлгэцэд гарсан300 киноны тухай өгүүлдэг. Харин удахгүй нээлтээ хийхII ботид 2000-2015 онд гарсан кино болон оролцсон уран бүтээлчдийн намтар багтсан. ХаринII ботийг гаргахад нэгдүгээрт, уран бүтээлчид тус тусдаа кино хийж, хэн, хаана, юу хийж байгаа нь мэдэгдэхээ болиод их түвэгтэй байлаа. Тэгээд тэдний араас явна гэдэг хэцүү. Хоёрдугаарт, олон кино гарсан байна. Өмнө нь Монгол кино үйлдвэр жилдээ 7-8 кино хийдэг байсан. Харин сүүлийн жилүүдэд 10-20 кино хийдэг болсон байна. Тэр болгоны араас явна гэдэг хэцүү байлаа. Энэ их ажлыг эхнэрийнхээ хүч зоригоор л амжуулж ард нь гарлаа. Бас “Кино төрсөн түүх” хэмээх номоо бичиж байна. Монголын киноноос сайн мэдэх50 уран бүтээлийг сонгож аваад дотроос нь бичсэн ном хийх гэж байгаа юм. Гаднаас бичнэ гэхээр судлаач, шүүмжлэгч нар тэр жүжигчин ингэж тоглосон байна гэж бичдэг. Шинэ номдоо “Норжмаагийн зам”-аас эхлээд өнөөдрийг хүртэл гарсан50 киног сонгож, дотроос нь бичиж байна. Дотроос нь бичнэ гэж юуг хэлээд байна вэ гэвэл анх зохиол нь хэрхэн батлагдсан, кино баг хэрхэн бүрдсэн зэргийг харуулсан байх юм.
-“Цогт тайж” кино энэ номд орсон уу?
-Оролгүй яахав. “Цогт тайж” бол монгол киноны оргил болсон уран бүтээл гэж би үздэг. Энэ жил Монголын кино урлагийн хувьд олон ой давхцаж байна. “Цогт тайж” кино дэлгэцэнд гарсны70, тус киноны зохиолч академич Б.Ринчен гуайн мэндэлсний110, ОХУ-ын гавьяат жүжигчин, найруулагч Ю.В.Тарич мэндэлсний130, “Цогт тайж” кинонд тоглосон Ардын жүжигчин Ц.Цэгмид гуайн 110, Монгол кино урлагийн80 жилийн ой тохиож байгаа юм. Энд нэг маргаан бий. “Цогт тайж” киноны ерөнхий найруулагч Б.Лувсанжамц гэдэг хүн байдаг. Үнэндээ титр дээр тэгж бичсэн байдаг. Нэлээн ард нь бичиг төгсөхөд уран сайхны удирдагч Ю.В.Тарич гэсэн байдаг. Би үүнийг буруу гэж үздэг. Энэ тухай миний олон ярилцлага, нийтлэл бий. Тухайлбал, “Ю.В.Тарич байхгүй бол Цогт тайж байхгүй” гэх мэт. Энэ ямар учиртай юм бэ гэвэл ОХУ-аас Ю.В.Тарич гуай“Цогт тайж” киног найруулах гэж58 настайдаа ирж60 настай эх орон руугаа буцсан байдаг. Ю.В.Тарич бол Болгарын кино урлагийг үндэслэгч, түүхэн олон киноны зохиол бичиж найруулсан алдартай хүн. Тэрбээр “Цогт тайж” киноны ерөнхий найруулагч төдийгүй, академич Б.Ринчен гуайтай зохиолыг нь хүртэл хамтран бичсэн юм шүү дээ. Үүнийг олон түмэн зөвөөр ойлгоосой гэж бодож явдаг.
-Өнгөрсөн хугацаанд та алтан үеийн олон уран бүтээлчтэй хамтран ажилласан. Тэднийхээ тухай одоо эргээд дурсвал?
-Тийм шүү театр, киноны алтан үеийн олон уран бүтээлчтэй хамтран ажиллаж иржээ. Миний анхны кинонд гэхэд л Ё.Шаравдоо, Н.Цэгмэд, С.Цэрэндаш зэрэг театр, киноны томчууд оролцсон байдаг. Жүжигчдийн хувьд олонхтой нь би хамт ажиллаж үзсэн. Миний кинонд тоглоогүй ганцхан мундаг жүжигчин бол Т.Цэвээнжав гуай юм. Би кинондоо тоглуулах байсан юм гэж сүүлд их харамсдаг байлаа. Зураач гээд бодоход Ардын зураач, төрийн шагналт Л.Гаваа гуай байна. Энэ хүн миний“Хатанбаатар”, “Бүлээн нурам” кинонд зураачаар ажиллаж байлаа. Хөгжмийн зохиолч гэхэд Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдорж миний таван киноны хөгжмийг бичсэн. 10-аад киноны хөгжмийг З.Хангал бисэн. Үүнээс хойш хийсэн таван киноны хөгжмийг Н.Жанцанноров бичсэн. Ингээд харахаар дандаа мундгууд байгаа биз. Эргээд харахад ийм сайхан хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллаж явсандаа бахархаж явдаг.
-Алтан үеийн кинонд хүмүүс одоо ч дуртай. Үүний нууц нь юунд байна вэ?
-Өнөөдөр уран бүтээлийн чансаа унаж байгаа нь юунаас болж байна гэвэл уран бүтээлчдийн бүтээлдээ хандах хандлага өөр болсонд байгаа юм. Сүүлийн үед киног зоосны нүхээр харж, бизнес гэдгээр нь ойлгоод байна. Урлагийн бүтээл хийе гэсэн эрмэлзлэл залууст бага байна. Энэ зөвхөн миний л ойлголт шүү. Үүнээс болоод гаднын киног дагаж хуулбарлах явдал ихэслээ. Тэгэхээр уран бүтээл гэж байхгүй болчихоод байгаа юм. Нэгдүгээрт, гаднын киног хуулбарлахаасаа холдмоор, Хоёрдугаарт, зохиолгүй кино хийхээ болимоор байна. Сайн зохиолтой байж, сайн кино хийнэ. Сүүлийн үед залуус зохиолгүй кино их хийх боллоо. Зохиолгүй кино суурьгүй барилгатай адил шүү дээ. Нэг салхи, үерт л яваад өгнө. Тиймээс зохиолчдоо мэргэжлийн тал руу нь ойртуулмаар байна. Гэхдээ сайхан, сайхан залуус гарч ирж байна. Би ахмад уран бүтээлчийн хувьд баярлаж суудаг.
-Сүүлийн үед залуу уран бүтээлчид монгол“үнэртсэн” уран бүтээл хийхийг зорьж байна. Таны бодлоор монгол тийм уран бүтээлийг хэрхэн хийх вэ?
-Бидний алдагдсан нэг зүйл нь монгол ёс, заншил, ахуй юм. Үүнийг л уран бүтээлчид бодож, сэтгэж хийх ёстой. Тэгж байж л монгол үнэртэнэ. Би чамд нэг жишээ яръя. Найруулагчийн нэрийг нь хэлэхгүй. 1970-аад оны дунд үед манай нэг найруулагч гадаадын фестивальд оролцсон байна. Олон улсын фестивальд киногоо үзүүлчихээд хэвлэлийн бага хуралд оролцжээ. Тэгэхэд нэг сэтгүүлч найруулагчаас “Таны киног юугаар нь монгол гэж харах вэ. Кинонд гарч байгаа үйл явдал манайд ч болдог шүү дээ” гэсэн байгаа юм. Мундаг асуулт байгаа биз.
-Та яг одоо ямар зүйл хийхээр төлөвлөж байна вэ?
-Би хувийн хоёр сургуульд багшилж байна. Найруулагчийн хоёр ангитай, нэгийг нь энэ жил төгсгөнө. Би өмнө хэлсэн шиг монгол зан заншил, ахуй, үнэртсэн кино хийхийг бодож явдаг. Энэ жил Б.Шүүдэрцэцэгийн“Үүлэн хээтэй орчлон” роман гарсан. Б.Шүүдэрцэцэг номынхоо нээлтэд урьж, романаараа кино хийлгэх санал тавьсан. Энэ романаар кино хийвэл монгол үнэртсэн сайхан кино гарах байх гэж бодож байна. Он гараад энэ киноны ажилд орж магадгүй. Д.Сосорбарамыг гол дүрд нь тоглуулах санаа бий. Д.Сосорбарам тоглохгүй гэвэл би тэр киног хийхгүй ч байж магадгүй.
Г.Нямсүрэн
URL: