Дүйцүүлэх алба 4,6 саяар үнэлэгдсэн


Нийслэлийн цэрэг татлагын хоёрдугаар ээлж энэ сарын 16-18-ны өдрүүдэд болно. Энэ талаар Нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатараас тодрууллаа.

- Цэрэг татлагыг зохион байгуулах бэлтгэл ажил бүрэн хангагдсан уу?

- Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын цэрэг татлагын хоёрдугаар ээлжийг аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулах шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу Батлан хамгаалах яам, орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд, цэргийн штабууд  үүрэг гүйцэтгэж ажиллана. Энэ удаагийн цэрэг татлагын онцлог нь бид цэрэг татлага гэхээсээ илүү цэргийн насны залууст эрүүл мэндийн үзлэг хийхийг гол зорилго болгож ажиллана. Үзлэгийн хүрээнд цэргийн жинхэнэ албанд иргэдийг татаж, гэрээт цэргийн албанд элсүүлж, цэргийн дүйцүүлэх албанд хамруулна гэж ойлгож болно.

- Цэрэг татлагын комиссын байршил өөрчлөгдсөн үү?

- Нийслэлийн хэмжээний цэрэг татлагын комиссын байр өмнөх оныхоос өөрчлөгдөөгүй.

БГД- 96-р сургуулийн байранд

БЗД- 53-р сургуулийн байранд

СХД- 83-р сургуулийн байранд

СБД- 31-р сургуулийн байранд

ХУД- 34-р сургуулийн байранд

ЧД- 24-р сургуулийн байранд

Налайх дүүрэг- МСҮТ-ийн байранд

Багахангай дүүрэг- Соёлын төвийн байранд явагдана.

- Энэ жилийн дүйцүүлэх албаны мөнгөн дүн хэд байхаар шийдвэрлэсэн бэ?

- Засгийн газраас жил болгон дүйцүүлэх албаны мөнгөн дүнг жилд нэг цэргийн албан хаагчид ноогдох хувьсах зардлаар тооцож гаргадаг.  Энэ жилийн хувьд 4 сая 600 мянган төгрөгөөр тогтоосон.  Иргэд Засгийн газраас тогтоож өгсөн энэ мөнгийг бүтнээр төлнө гэж ойлгодог. Гэхдээ цэрэг татлагын товчоон дээр 639 мянгаас 4 сая 600 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг.

- Нэгдүгээр ээлжийн цэрэг татлагад хамрагдсан залуучуудын 58 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй гэсэн. Ямар өвчлөл зонхилж байна вэ?

- Яг эрүүл мэндээрээ биш цэрэгт явах хүсэл сонирхолгүйдээ эрүүл мэндийн нөхцөл байдал ярин цэргийн албанаас бултдаг сөрөг хандлага байна. Дээр нь одоогийн залуус биеэрээ дүүрэн шивээс хийлгэдэг болсон. Гэтэл шивээстэй иргэнийг бусдад буруу үлгэр дуурайлал болно гэдэг шалтгаанаар жинхэнэ цэргийн албанд тэнцүүлдэггүй шүү дээ. Батлан хамгаалахын сайд, Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтран гаргасан иргэнийг цэргийн албанд тэнцүүлэх тухай заавар байдаг. Энэ зааврыг өөрчлөх, шинэчлэх талаар бид  тодорхой саналуудыг тус тусын яаманд хүргүүлсэн байгаа. Гэхдээ энэ жилийн хувьд хуучин хэрэгжиж байгаа зааврын дагуу цэрэг татлагыг зохион байгуулна.

- Сүүлийн жилүүдэд цэрэгт явах иргэдийн тоо буурсан уу? Улсын хэмжээнд бол нэмэгдсэн гээд байгаа шүү дээ?

- Цэрэгт явах иргэдийн тоо нэмэгдэж байна. Төрийн албаны тухай хуулинд 1990 оны зургаадугаар сарын 08-наас хойш төрсөн хүүхэд цэргийн алба хаагаагүй бол төрийн албанд ажиллах боломжгүй гэж заасан байгаа. Иргэний үүргээ биелүүлж байж төрийн албанд ажиллах боломжтой болсон гэсэн үг шүү дээ. Мөн гэрээт цэргийн албанд явсан хүн, итгэмжлэгдсэн их дээд сургуульд орсон тохиолдолд төрийн сангийн зээлд хамрагдах боломжтой гэж заасан. Тиймээс залуус цэрэгт явснаар олон боломжит нөхцөл нээгдэх юм. Харин цэрэгт яваагүй бол эсрэгээрээ боломжууд хаагдаж эхэлнэ.

- Цэрэгт татагдах иргэдэд хандаж юуг сануулах вэ?

- Ирэх жил УИХ, орон нутгийн сонгууль болох учраас иргэдийг цахим үнэмлэхтэйгээ ирэхийг зөвлөж байна. Ингэснээр цэрэгт татагдсан иргэд тухайн орон нутагтаа, сонгууль өгөх бололцоо бүрдэнэ. Монгол Улсын иргэний эрхэмлэх үндсэн үүрэг нь  эх орноо хамгаалах хуулийн дагуу алба хаахад оршино гэж Үндсэн хуульд тусгасан байдаг учраас иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Эх сурвалж: Shuud.mn

URL:

Сэтгэгдэл бичих