Эмч нарын цалинг бууруулахгүй байхаар тохиролцов

Өнөөдөр ЭМСЯ-ны байранд ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба, Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэл /МЭМАҮЭ/-ийн дарга Б.Мягмар нар хэвлэлийн бага хурал хийж Эмч нарын цалинг хүрсэн түвшнээс нь бууруулахгүй байхаар тохиролцсон талаар мэдээллээ.

Эрүүл мэндийн сайд 2010 оны 123 тоот тушаалыг хүчингүй болгосныг эсэргүүцэж энэ нь цалин хөлсийг хүрсэн түвшнээс бууруулахгүй байх тухай ЭМС-ын салбарын 2015-2016 оны хамтын хэлэлцээрийн 3.1 заалтыг зөрчиж байна хэмээн МЭМАҮЭ-ээс хэвлэлийн бага хийж эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Харин тус 384 тоот тушаал гарснаар нэг ч эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлс буурахгүй юм. Хууль тогтоожинд нийцүүлэн “Төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 1997 оны 88 тоот тогтоолоор өмнө олгож байсан эмгэг судлаач эмч, лаборант туслах ажилтан, хүүхэд, нярайн эмч, сувилагч, сүрьеэгийн эмч, сувилагч, яаралтай тусламжийн эмч, сувилагч, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч, сувилагч /сэхээн амьдруулах/, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нарын цалингийн нэмэгдлийг үргэлжлүүлэн олгох бүрэн боломжтой. Төсвийн хэмнэлт, таналт, хүрэлцэхгүй гэсэн шалтгаанаар эмнэлгийн дарга нар салбарын хэлэлцээрийн 3.1 заалтыг хэрэгжүүлж эмч, ажилтныхаа цалин хөлсийг хүрсэн түвшнээс бууруулахгүй байлгах талаар ЭМС-ын сайдын албан даалгаврыг эмнэлгийн дарга нарт хүргүүлэхээр хоёр тал тохиролцжээ.

“Энэ хавар “Улаан бурхан” өвчний дэгдэлтийн үед ХӨСҮТ-д уртасгасан цагаар ажилласан эмч, ажилтнуудын илүү цагийн мөнгийг бүрэн олголгүй 4 сар болсныг тус төвийн эмч, ажилтнуудын хагас жилийн илүү цагийн хөлс болох 125 сая төгрөгөөс дутаж буй 54 сая төгрөгийг төсвийн эрх нээгдэх үед ЭМСЯ эхний ээлжинд шийдвэрлэж олгохоор болов. Уг цаг алдан шийдэж чадаагүй ХӨСҮТ-ийн дарга, удирдлагад хариуцлага тооцсон гэдгээ сайд Г.Шийлэгдамба мэдээлсэн юм.

Цаашдаа энэ мэт зөрчлийг шуурхай мэдээлж байхыг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар мэдэгдлээ.

Д.Өлзий

 Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих