Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Бүгд найрамдах Беларусь улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.В.Чепурнойг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Ерөнхийлөгчийн сонгуульд тав дахь удаагаа ялалт байгуулан сонгогдсонд баяр хүргэлээ. Мөн Европоос зүгээс тавьсан хоригийг цуцлуулж чадсанд баяр хүргэсэн юм.
Энэ оны долдугаар сарын 9-нд ОХУ-ын Башкортостаны нийслэл Уфа хотноо болсон БРИКС, ШХАБ-ын орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Бүгд найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар уулзсан билээ. Тус уулзалтын үеэр тохирсон асуудлыг хэрэгжүүлэх талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Элчин сайд С.В.Чепурной нар өнөөдөр санал солилцон ярилцлаа.
Хоёр тал уламжлалт сайн харилцаагаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ бизнес, эдийн засгийн шинэ салбаруудыг хөгжүүлэх талаар мөн санал солилцсон юм.
URL: