Wi-Fi-ийг хориглосон зөвлөмж хэрэгжиж байна уу?

Сүүлийн үед утасгүй интернэтийн сүлжээ хүний эрүүл мэндэд хортой гэдгийг Олон улсын эрүүл мэндийн байгууллагаас тодорхой жишээ, баримттайгаар тайлбарлах болсон. Үүнээс болж, дэлхийн олон оронд сургууль, цэцэрлэгийн орчинд утасгүй интернэт ашиглахыг хориглоод байгаа юм. Манай улс ч бас энэхүү дүрэм журмыг хэрэгжүүлж эхлээд байна.

Өнгөрсөн жил Нийс­лэ­­лийн боловсролын газ­раас  ерөнхий боловс­ролын сур­гуу­лиудад ухаалаг утас болон утасгүй интер­нэт хэрэглэхыг хориглосон зөвлөмжийг хүргүүл­жээ. Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Б.Бадам­дорж “Бид хичээлийн 45 минутыг хэрхэн үр дүнтэй ашиглах  вэ гэдэг чиглэлээр нэлээд хэдэн ажил хийж, сургуулиудад чиглэл өгсөн. Ухаалаг утасны хэрэглээг хязгаарлахыг Нийслэлийн боловсролын газраас дүрэм журам гаргаад шууд захиргаадах боломжгүй. Гэсэн ч бид сургуулиудад дотоод дүрэм, журмаа шинэчлэн боловсруулахдаа үүнийг анхаарах тухай  зөвлөмжийг хүргүүлсэн. Энэ дүрэмд “Суралцагч нь хичээлийн цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, хичээлийн цагаар гар утас, интернэтийг багшийн зөвшөөрөлгүй ашиглахгүй байх, бусаддаа зүй ёсны шаардлага тавих үүрэгтэй” гэдгийг  сурагчийн үүрэг болгон оруулж өгсөн. Үүний дагуу зарим сургууль санаач­лага гаргаад ухаа­лаг утсыг сургууль дээрээ хэрэглэхгүй байх тухай журам гаргаад, хэрэг­жүүлээд  явж байна” гэв.

“WiFi ХЭРЭГЛЭДЭГ Ч СУРАГЧДАД КОДЫГ НЬ ӨГДӨГГҮЙ”

Нийслэлийн 23 дугаар сургууль, Баянгол дүүргийн 93 дугаар сургууль, “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль, “Шинэ Монгол” сургууль  сурагчдаа ухаалаг утас барихыг хоригложээ. Нийслэлийн боловсролын газрын зөвлөмжийн дагуу хотын төвийн ихэнх сургуулиуд Wi-Fi сүлжээг сургуулийнхаа орчинд хязгаарлаж чаджээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийнхан энэ ажилд тун санаачлагатай хандаж, сурагчдаа 80 мянган төгрөгөөс дээш үнэтэй утас барихыг хоригложээ. “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн зарим анги утасны сагстай болсон байна. Тэд хичээлийн цагаар утсаа түр хураагаад, хичээл тарахаар нь өгдөг гэнэ. Эцэг, эхчүүд ч үүнийг нь дэмждэг, хичээлийн цагаар хүүхэд рүүгээ залгаж, саад болдоггүй” гэж байв. Нэгдүгээр сургууль болон 23, 84 дүгээр сургууль хичээлийн цагаар багш, сурагч гэлтгүй зураг авах, хөгжим сонсох, интернэт ашиглахыг хоригложээ. Харин зарим нь албан ажилдаа яах аргагүй  WiFi хэрэглэх шаардлага гардаг ч сурагчдад кодыг нь өгдөггүй гэдгээ хэлсэн.  Энэ талаар 23 дугаар сургуулийн Нийгмийн ажилтан Г.Эрдэнэчимэг “Өнгөрсөн жил бид сургуулийнхаа дотоод журмыг хэлэлцэж, энэ шийдвэрийг гаргасан. Ухаалаг утас техникийн дэвшил хэдий ч хүүхдүүд хичээлийн цагаар өөр зүйл хийж, хичээл цалгарддаг. Тиймээс энэ хичээлийн жилд ч  мөн энэ шаардлагыг тавьж ажиллаж байна. Эцэг эхчүүдийн дийлэнх нь сургуулийн орчинд ухаалаг утас хориглосныг дэмжиж байгаа. Сурагчдыг ухаалаг гар утаснаас татгалзуулсны бодит үр дүн ч амьдрал дээр гарч байна. Хүүхдүүд хичээлдээ анхаарах, завсарлагааны цагийг үр бүтээлтэй өнгөрөөх нь нэмэгдсэн. Мөн хүүхдүүдийн сурлагын чанар дээшилж, хулгай дээрэмд өртөх эрсдэл буурсан” гэв. Энэ талаар дунд, ахлах ангийнхан ч бас сэтгэгдлээ хуваалцсан. Тэдний олонх нь  “Ийм шийдвэр сонсоод эхэндээ “дотор муухайрч” байсан. Харин одоо дасчихсан, толгой тархи амраад, ачаалал багасаад сайхан байна” гэв.

WiFi-ТАЙД ТАСАЛГААНЫ ЦЭЦЭГ ХУВИРАЛД ОРЖ, ӨВЧИЛЖЭЭ

Зарим сургуулийн сурагчдаас WiFi сүл­жээ, ухаалаг утсыг яа­гаад хориглоод бай­гаа шалтгааныг асуу­вал хүүхдүүд өөр өөрийн­хөө­рөө хариулж байв. Ха­рин “Ирээдүй” цогцол­борын VII ангийн сурагч О.Ариунзаяа, 93 дугаар сургуулийн сурагч Э.Ану­жин нар нэгэн сонир­холтой мэдээллийг би­дэнд дуулгасан юм. Хүүхдүүд цахим сүлжээний хор уршгийг ийн мэдэж байгаа нь сайшаалтай байсныг хэлье. Тэд сүүлийн үед  WiFi болон утасгүй сүл­жээнээс үүдэлтэй олон янзын өвчлөл үүсч байгаа. АНУ-ын эмч нар саяхан  интернэт долгион, WiFi  сүлжээний харшил гэсэн нэгэн  шинэ өвчнийг бүртгэж авсан талаар ярив. Мөн Данийн нийслэл Копенгаген хотын таван сурагч WiFi сүлжээг ашиглан нэгэн сонирхолтой туршилтыг хийсэн байна. Тэд цэцэгний үрийг саванд суулгаж нэгийг нь WiFi сүлжээтэй өрөөнд, нөгөөг  нь энгийн өрөөнд байрлуулан 12 хоног ажиглалт хийсэн байна. Туршилтын үр дүнд WiFi ажиллаж байгаа өрөөний ургамалын үр бараан өнгөтэй болж, хувиралд орсон байна. Харин энгийн өрөөнийх нь ногоорч сагсайтлаа ургажээ.

Б.Туул

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих