АЮУЛ: Үргүйдүүлж, урагт нөлөөлдөг шивтрийн хий !!!
Хүн идэж боловсруулснаа гадагшлуулах нь физиологийн зохицуулалт. Соёлт хүн төрөлхтний зайлшгүй хэрэгцээний нэг бие засах газарт анхаарал хандуулах цаг иржээ. Тиймээс бид гэр хорооллынхны амьдралд байх ёстой зүйл хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хэдий ч та бидний эрүүл мэндийг чимээгүйхэн хордуулсаар байдаг нүхэн жорлонгын сөрөг нөлөөг танд сануулж, айл бүхэн ямар нэг хэмжээгээр анхаарах цаг нь болжээ гэсэн дохио өгөхөөр энэхүү асуудлыг хөндсөн юм.
Нүхэн жорлонгын 80 орчим хувь нь стандартын шаардлага хангаагүй
Нийслэлчүүдийн ундны ус, хөрсний бохирдолд гэр хорооллын нүхэн жорлон, муу усны нүх ихээхэн нөлөөлдөг гэж мэргэжилтнүүд онцолдог. Манай улсад байгаа нийт ариун цэврийн байгууламжийн 85 хувь нь нүхэн жорлон гэсэн судалгаа ч гарсан байдаг. Зарим нэг нь үгүй байлгүй дээ гэж бодож болох ч, Нийслэлчүүдийн дийлэнх нь гэр хороололд амьдардаг гэдэгтээ маргах хүн үгүй биз. Айл бүр хашаандаа нүхэн жорлон, муу усны нүхтэй, хашаанаасаа гадуур хаа сайгүй цацсан угаадас шалбааг дундаа амьдардаг нь нууц биш шүү дээ. Тиймээс энэ статистик мэдээнд гайхах хэрэггүй мэт.
Өнөөдөр манай улсад мөрдөж байгаа стандартад нүхэн жорлон, бохир усны цооногийг энгийн болон хүчитгэсэн доторлогоотой хэмээн хоёр төрлөөр хэрэглэж болохыг тусгасан байдаг. Хөрсний ус гүн нөхцөлд энгийн буюу нягт шаварлаг доторлогоотойг, харин хөрсний ус дээр байвал хүчитгэсэн буюу битүү цементэлсэн нүхэн жорлонг ашиглах ёстой аж. Гэтэл одоо нийслэлд байгаа 180 мянган нүхэн жорлонгын 80 орчим хувь нь уг стандартын шаардлагыг бүрэн хангаагүй байгаа нь судалгаагаар тогтоогджээ.
Нүхэн жорлонгоос ялгардаг шивтрийн хий урагт нөлөөлдөг
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор нэг хүн өдөрт дунджаар 200 грамм өтгөн, 1.5 литр шингэн ялгадас ялгаруулдаг байна. Ил задгай жорлонгийн хаягдлаас ялгардаг шивтрийн хий нь хорт хийний төрөлд хамаарагддаг бөгөөд хорын зэрэглэлээрээ дөрөвдүгээрт багтдаг байна. Шивтрийн хий ихэссэнээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна эхийн урагт нөлөөлж, гажиг, согогтой хүүхэд төрөх, цаашлаад хүнийг үргүйдүүлэх хор уршигтай аж. Мөн жорлонгийн хаягдал, түүнээс ялгарах аммиак буюу шивтрийн хий, хүхэр хүчлийн давхар исэл зэрэг хорт бодис нь агаарт дэгдэж, амьсгалаар дамжин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Эдгээр бодис нь 18 сар хүртэл хугацаанд цагаан хорхой, сүрьеэ зэрэг өвчин үүсгэгч нянг агуулдаг юм байна. Энэ нь нүхэн жорлонгоос үүдсэн хөрсний бохирдол Улаанбаатарт утаанаас илүү аюултай болоод байгааг илтгэж байгаа болов уу.
Жорлонгоо шаардлага хангахуйцаар тохижуулж, эрүүл амьдарцгаая
Хүрээлэн буй орчноо цэвэр байлгах нь ганц төр, засгийн бус бүх нийтийн ухамсрын асуудал. Тиймээс хувь хүн, айл өрх, албан байгууллагууд дор бүрнээ ухамсарлаж чадвал хойшид гарах сөрөг үр дагавраас хамтдаа сэргийлж чадна.
Тиймээс гэр хорооллын иргэд маань нэг зүйлийг ухамсарлах хэрэгтэй мэт санагдаж байна. Тодруулбал, Хэрэв танайх нүх ухаж жорлон гаргаад хөрс бохирдуулж амьдардаг бол тэр чинь таны болон танай хүүхдүүд, цаашлаад нийт нийслэлчүүдийн эрүүл мэндийг хордуулж байгаа гэдгийг ухамсарлан зохих арга хэмжээг авах нь хэн хэндээ хэрэгтэй мэт. Уг нь нүхэн жорлонтой айлууд жорлонгоо био жорлонгоор солих, эс бөгөөс стандартын шаардлага хангасан ёонкос (резервуар) ашиглаж, бохироо машинаар байнга соруулж байх, угаадас, хогоо битүү саванд хийж хадгалан зориулалтын аргаар тээвэрлүүлэх гэх мэт шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл энэ шаардлагыг биелүүлж чадах санхүүгийн чадамжтай айлууд гэр хороололд ховор. Тиймээс та ядаж л гэр хорооллын айл өрхүүдийн дагаж мөрдөх ёстой “Нүхэн жорлон, бохир усны цооногт тавигдах” дараах шаардлагуудыг биелүүлэх хэрэгтэй.
Шаардлагад: Нүхэн жорлон ариутгаж, цэвэрлэх боломжтой, зэвэрч нурахгүй агаар солилцохоор материалаар хийсэн доторлогоотой байх, жорлонгийн бүхээг дотор ариутгал цэвэрлэгээний зөвшөөрөгдсөн бодис тавьсан байх, гэр, сууцнаас 15 метр зайд байрлах, ус түгээх цэгийн байрнаас 20 метр, уурхайн болон гүний худгаас 150-аас 250 метр, голын эргээс 200-250 метрээс багагүй зайд байрлах ёстой юм. Мөн жорлонгийн бүхээгийн хаалга гадна, дотор талдаа түгжээтэй байх бөгөөд шөнийн цагт гэрэлтүүлэгтэй, ялаа шавьж орохоос хамгаалсан тор бүхий цонхтой байх ёстой гэнэ. Бас нүхэн жорлон, угаадасны нүхний амсрыг тойруулан өргөнөөр 500 мм, зузаанаараа 50 мм-ээс багагүй налуу цементэн зуурмагаар бетондож хаяавч хийх шаардлагатай. Үүнээс гадна сар тутамд зөвшөөрөгдсөн ариутгалын бодисоор ариутгах нь хорхой шавьж үүрлэх, элдэв янзын өт хорхой, нян үүсгэгчид үржихээс бага ч гэсэн сэргийлнэ.
Олон улсын байгууллагын эрдэмтдийн хийсэн судалгаагаар ил бие засах газрыг ариун цэврийн сайжруулсан байгууламжаар сольсноор усан хангамж 25 хувиар сайжирч, өрхийн ариун цэврийн бохирдол 32, суулгалт өвчин 45 хувиар буурдаг нь тогтоогдсон байдаг. Тиймээс иргэн та хашаан доторх жорлонгоо цэвэр цэмцгэр, ариун цэврийн шаардлага хангахуйцаар тохижуулж, өөрийн болон өрөөлийн эрүүл мэндэд анхаарал хандуулах цаг нь иржээ.
Т.Болормаа
URL: