Такси хаачив?
Такси хаачив гэдэг асуулт сүүлийн үед үнэхээр сонирхол татах боллоо.
Хүн болгон л “такси хаачив, олдохгүй байна, гар өргөхөөр л хүрч ирээд зогсчихдог байсан хэдэн такси сүүлийн үед дайрах шахан давхих болж” гэх аж. Ажилдаа яарсандаа таксидах гэсэн биш гараа өргөж алхаж явсаар хоёр, гурван километр алхах бол энүүхэнд шүү.
Ганц нэг машин ирж зогсохоороо “хаашаа явах вэ” гэж асуучихаад чиглэлээ хэлэхээр толгой сэгсэрчихээд л яваад өгнө. Улаанбаатарын гудамжаар такси хайж, гар өргөсөн, худалч хүнд хөлөө хүртэл өргөж зогсох хүн олон байна аа.
Даанч олдохгүй. Чухам юуны учир гар өргөөгүй байхад х хүрч ирчээд “явах уу, барих уу” гэдэг байсан “таксичид” нь гарах болов. Хэд хэдэн шалтгаан байж болох юм. Нэгдүгээрт хоёр гурван жилийн өмнө таксинд явдаг байсан нөхдүүд нь хангалттай баяжаад, машин тэргээ солиод, “халтуур” хийхээ больсон.
Хоёрдугаарт, Улаанбаатарын замын түгжрэл хэдэн төгрөгийн төлөө “халтуурдаж” явдаг хэдэн таксичдыг хашрааж орхисон бололтой.
Юутай ч залдан шинжлээд үзье л дээ. Эхний ээлжинд такс баяжсан уу. Барагтай л бол үгүй болов уу гэж хариулмаар. Учир нь хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад бензин, шатах үнэ хэд дахин ч нэмэгдчихэв, дээр нь их хотын замын түгжрээ ч нэмэгдсэн.
Түгжрэл ерөөсөө байдаггүй байж байгаад, сүүлийн хоёр жилд гарч ирсэн гэвэл бас арай өөр л дөө, магадгүй ба боломжтой байж мэдэх юм. Гэхдээ “эрхэм” замын түгжрэл аль 2000 оноос хойш монголчуудын “толгойны өвчин” болсон шүү дээ. Бараа бүтээгдэхүүн хүнс, шатахууны үнэ өндөр, дэээр нь түгжрэлтэй байгаа нөхцөлд “халтуурдаж” баяжина гэдэг ч амар биш байх аа.
Тэгвэл дараагийн таамаглал буюу замын түгжрэл халтуурчдыг хашраав уу. Энэ нь бараг л үнэнд ойртож байх шиг байна. Өдөртөө нийслэлийн замын ачаалал ёстой “гомдмоор” их болсон байгаа шүү дээ. Ийм нөхцөлд төгрөг олох гэж түгжирч, бензинээрээ шатаж байснаас зүгээр явж байсан нь дээр.
Гэхдээ үүнээс илүү бодит үнэнд нийцэх нэг таамаглал байна аа. Юу вэ гэхээр хэдэн жилийн өмнөөс эрхэм халтуурчдын гол техник болох “Эксел”-үүдийг хотын төвөөр явахыг нь хязгаарлаж эхэлсэн. Энэ бодлого аажмаар хэрэгжсээр одоо хотын “эксел” харагдах нь тун багассан байгаа биз.
Тэгэхээр “эксел” тэй байсан нөхдүүд тэрнийгээ хямдхан зараад арай дөнгүүр аваад халтуур хийхээ больсон бололтой. Харин түгжрэлтэй түгжрэлгүй хамаагүй, хаашаа л бол хаашаа явдаг хэдэн “эксел”-үүд одоо хотын зах орчимд л явдаг болжээ. Хотын зах, зуслан хавьцаа ойр зуурын газарт нэг ёсны нийтийн тээврийн хэр шиг ажиллаж байгаа юм.
Эвдэрхий “эксел”-үүдийг хотын төвөөс холдуулсан нь зөв л дөө. Гэхдээ тэдний оронд нийслэлийн таксины үйлчилгээг хэн залгуулах вэ гэдгийг тооцох хэр байж. Эсвэл замын түгжрэлээ хангалттай хэмжээнд буур чадсан бол такси нэг их асуудал үүсгэхгүй байсан биз ээ.
Саяхнаас “Улаанбаатар” таксиныхан нийслэлийнхэнд үйл эхэлсэн л дээ. Гэхдээ хэтэрхий цөөн л дөө, ердөө 800 ширхэг байгаа. Харин нийслэлийн хүн ам сая гаруй байна. Хүмүүсийн хэрэгцээг нь яаж дийлэх вэ дээ. Ядаж байхад цөөн хэдэн таксиных нь жолооч хүртэл замаа түгжрэлтэй, түгжрэлгүй нь ялгаж, явна, явахгүй гэж хэлэх аж.
Улаанбаатар хотод маань нэг иймэрхүү л асуудал үүсээд байна. Товчхондоо сая гаруй хүнтэй дэлхийн “метрополис” гэгдэх Улаанбаатар хотын иргэдэд үйлчлэх такси даанч алга даа.
Л.Энхдэлгэр
Эх сурвалж: “Монголын мэдээ”
URL: