Сугалаанд азгүйтсэн нь подвал руу уралдана
Хичээлийн шинэ эхэлж, оюутнууд ирснээр бас нэгэн асуудал нь оюутны дотуур байр. Их дээд сургуулиуд дотуур байрандаа сурагчдаа аваад эхэлсэн. Оюутны тоо олон, дотуур байрны хүрэлцээ бага, их, дээд сургуулиудын гадна өдөржин, шөнөжин урт дараалал үүсдэг. Тухайлбал МУИС 1-3 курсийн оюутныг дотуур байранд суулгадаг бөгөөд дотуур байранд орохыг хүссэн оюутнууд дараалал авч, дарааллын дагуу байранд ордог. Одоогоор МУИС, ЭМШУИС, МУБИС зэрэг сургууль дотуур байрныхаа төлбөрийг нэмэхээр болсноо мэдэгдсэн байгаа гэнэ. Өнгөрсөн жил төрийн өмчийн их, дээд сургуулийн дотуур байрны төлбөр 170-220, хувийн сургуулиудынх 170-300 мянган төгрөг байжээ. Цахилгаан дулаан болон бараа материалын үнэ нэмэгдсэн гэх шалтгаанаар энэ төлбөр хамгийн багадаа 20-50 мянгаар нэмэгдэх аж. Төрийн их, дээд сургуулийн хувьд дотуур байрны хувьд тийм ч хангалттай биш. Сүүлийн жилүүдэд нэмж дотуур байр барьсан сургуулийг тоолъё гээд ч гарч ирэхгүй биз. Хуучны хэдэн барилгаа жил бүр засварлаж, шинэчлэн азийн шоогоор оюутнуудаа авдаг цагийг халах болсон л баймаарсан.
Энэ жил 102 их, дээд сургууль, коллежид 170 мянган оюутан суралцаж байгаа. Шинээр 35 мянган оюутан сургуулийн босгыг алхан орж байна. Манай улсын 150 гаруй их, дээд сургуулиуд 24 салбарын 362 мэргэжил, давхардсан тоогоор 1200 мэргэжлээр дээд боловсролын сургалт явуулж байна. Өнгөрсөн оны дүнгээс харахад нийслэлд хөдөө орон нутгаас 53 мянган оюутан суралцсан гэсэн тоо байна. Үүний 11 мянга 200 нь оюутны байранд амьдарч, 20 мянга нь хамаатан садан, ах дүүгийндээ, харин үлдсэн 19 мянга нь хажуу өрөө, подвалд амьдардаг гэсэн судалгаа бий. Өнгөрсөн оны энэ тоо үүн дээр 35 мянга гаруй шинэ оюутантай болж байгаа. Мэдээж энэ тооны төгсөгчид ажлын байран дээр гарсан байгаа.
Инфляцийн үзүүлэлтээс хамаарч энэ жил мөн л их, дээд сургуулиуд доод тал нь есөн хувиар сургалтын төлбөр нэмсэн. Үүнийг дагаад оюутны дотуур байрны үнэ ч гэсэн нэмэгдсэн. Дотуур байрны төлбөрийг 15 хувиар нэмнэ гэсэн яриа бий ч энэ талаар МОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл “15 хувь гэж хэлэхэд эрт байна. Зарим сургуулиас ийм санал ирсэн. Төрийн өмчийн их, дээд сургуулиуд дотуур байрны төлбөрөө нэмэхээс өөр аргагүй тал бий. Жилээс жилд барилгын материалын үнэ нэмэгдэж буй нь гол шалтгаан болж байна. Ямартай ч энэ хичээлийн жилд сургуулиудын дотуур байрны төлбөр тодорхой хэмжээгээр нэмэгдэх байх” гэсэн мэдээллийг өгсөн. Дотуур байрны төлбөр нэмэгдсэн шалтгааныг барилгын материалын үнэтэй холбоотой гэсэн.
Сүүлийн таван жилийн хугацаанд их, дээд сургуулийн сургалтын төлбөр огцом нэмэгдэж байгаа. Гэтэл энэ мөнгөөр зөвхөн багш нарын цалинг өгч хүрэлцдэггүй гэх тайлбарийг их, дээд сургуулийнхан өгдөг. Хүн нэмэхийн хирээр хүнс нэмэгддэг хойно сургуульд сурах оюутны тоо нэмэгдэх бүр оюутны байруудыг нэмэх шаардлага зайлшгүй тулгарсан. Гэтэл үүнийг хэрэгжүүлж, хийж байгаа сургууль гэвэл нэг ч алга. “Сургалтын төлбөрөө нэммээр байна” гэж орилохоос биш “Оюутнууд ийм орчинд амьдарч байна, ингэж нөхцөлийг нь сайжруулмаар байна” гэж дуугардаг их, дээд сургуулийн удирдлага байхгүй гэхэд хилсдэхгүй биз. Тэр бүү хэл зарим их, дээд сургууль нь түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулсаар л байгаа. Түүнийх нь үнэ нэмэгдэхийг ч үгүйсгэсэнгүй. Харин үнээ дагаад чанар гэж үг бий дээ. Сая, хоёр сая гэж нэмсээр эцэстээ Монголын их, дээд сургуулийн төлбөр бусад орны жишгээс дутахааргүй болсон. Болж байна. Харин одоо бид, оюутан та ч гэсэн төлбөрөө хангалттай төлж байгаа юм чинь чанарыг яагаад нэхэж болохгүй гэж. Чанартай боловсрол эзэмшиж, тохьтой оюутны байранд амьдармаар байна гэдгээ хэлэхэд илүүдэхгүй биз.
Нэгдүгээр курсийн оюутнууд ногоон гэрлээр дотуур байранд ордог. Харин үлдсэн оюутнуудын хувьд сугалаа сугалахтай л адил. Сугалаанд аз таарсан нэгнийг тийм ч таатай орчин угтахгүй. Умгар өрөө, хэдэн жилийн тэртээх төмөр ор, халцарч муудсан модон шал. Энэ жил нэгэн том ололтыг МОХ-оос санаачилсан. Тэр нь 1000 оюутны байр. Энэ оюутны байрыг барих газар олдохгүй байсан тул Арслантай гүүрний оюутны хотхоны дунд, бараг л ханыг нь наах шахам барьж буй барилга. Ирэх онд ашиглалтад орох энэ барилга оюутны хотхонд амьдардаг оюутнуудын чөлөөт цагаа өнгөрөөдөг байсан сагсны талбай, тоглоомын талбай зэргийг нь “газар олдохгүй байна” гэсэн нэрээр булааж барьсан барилга. Дотуур байранд орох сугалаанд хожоогүй нэгний хувьд өндөр төлбөр төлнө, дээрээс нь хөлсний байранд амьдрана. Энэ жилээс сар бүр 70 мянган төгрөг, дээрээс нь сургалтын төлбөр 500 мянган төгрөгийг төрөөс олгоно. Их, дээд сургуулийн хувьд төлбөр өгөхгүй байна, оюутнуудын хувьд төлбөргүй болох нь гэсэн асуудал бараг л үүсэхгүй биз. Харин оюутнуудын ганц нэхэх зүйл нь оюутны байр. Гэхдээ тэр нь хүн амьдрах нөхцөл, орчин нь бүрдсэн байгаасай.
Ш.Оюунчимэг
“Ардын эрх” сонин
URL: