УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” компанийг дахин шалгаж эхэллээ
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” компанийн хэргийг АТГ-аас сэргээн шалгаж эхэллээ. Тодруулбал, тус компанийг Хөгжлийн банкнаас Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэлд 30 гаруй тэрбум төгрөг шилжүүлсэн. Тэгсэн хэдий ч нэг ч км зам тавиагүй байсан нь Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар илэрсэн гэх мэдээлэл цацагдаж байсан юм.
Энэ тухай АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат өнгөрсөн тавдугаар сард хийсэн мэдээлэлдээ “Хөгжлийн банкны албан тушаалтнууд Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь нийтдээ 38 орчим хувьтай байхад уг газарт шинээр зам тавихаар Засгийн газарт тогтоол оруулж батлуулсан. Ингээд нэмээд нийтдээ 46.3 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” гэх компанид шууд шилжүүлэн өгсөн байгаа юм” гэж тайлбарлаж байв.
Тэгвэл түдгэлзээд байсан “Монроуд” компанийн хэргийг АТГ-аас сэргээн шалгаж эхэлсэн байна. Шалгаж буй гол шалтгаан нь тус компани нь Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км замыг барихаар 2012 онд тендерт шалгарсан. Улмаар 37.2 тэрбум төгрөгийг 46.3 тэрбум болгож нэмэгдүүлсэн. Мөн тус замаа 2013 онд шинээр барих замын жагсаалтад хууль бусаар оруулсан хэрэгт буруутган шалгаж эхэлжээ. Тиймээс тус компанийн удирдлагуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Тус зүйл ангид /150.3-т/ аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, /263.2-т/ төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
“Монроуд” компанийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар үүсгэн байгуулсан байдаг. Үүнийгээ ч тэрбээр жил бүр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлдэг байжээ. Харин сүүлд уг компаниа өөр хүмүүст шилжүүлсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Гэхдээ энэ оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тус компаниа мэдүүлсэн байгааг доорх баримтаас харж болно. Юутай ч УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” компанийг АТГ-аас 46.3 тэрбумын хэрэгт шалгаж байна.
Б.Чимэг
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Hudlaa medeelel bna.