Иргэдийнхээ гарт амиа алдсан хотын дарга

Ням гарагт Гватемал улсын баруун хэсэгт байрлах Солола мужийн Консепшин хотын иргэд өөрсдийн сонгосон хотын даргынхаа амийг бүрэлгэсэн хэрэг гарчээ.

Хотын удирдагч Базиллио Жураканыг улстөрийн өрсөлдөгчийнхөө эсрэг халдлага зохион байгуулсан хэмээн иргэд нь буруутгасан аж.

Өнгөрсөн сард болсон Консепшин хотын даргын төлөөх сонгуульд ноён Журакан өрсөлдөгч Лорензо Секесийг ялсан билээ. Лорензо Секес ялагдсаныхаа дараа ноён Жураканы баримталдаг бодлогыг шүүмжилж, хотын санхүүгийн зарцуулалт, тайлан дээр мөрдөн байцаалт явуулахыг шаарджээ.

Тэгтэл өнгөрөгч ням гарагийн өглөө Секесийг гэр бүлийн хамт хотын ойролцоо машинаар явж байхад нь тэдний урдуур нэгэн машин шахан орж зогсоожээ. Машинаас үл танигдах буутай этгээдүүд гарч ирэн Секесийн машин руу гал нээсэн байна. Халдлаганд ноён Секесийн 16 настай ач хүү, 17 настай ач охин нь өртөж амь үрэгдэн, дөрвөн хүн шархаджээ. Энэхүү урхи бүхий халдлагын талаарх мэдээг сонссон иргэд уурсаж тэр даруй Жураканыг буруутгажээ.

Гватемалд галт зэвсэгийн гэмт хэрэг өргөн дэлгэрсэн, гэмт хэргийн гаралт, сэдэлтээрээ Латин Америкдаа тэргүүлдэг, хамгийн харгис орнуудын нэг юм.

Нутгийн иргэд хотын даргын мэдэлд байдаг хэд хэдэн байшинг шатаасныхаа дараа ноён Жураканыг гэртээ байхад нь олжээ. Хэсэг бүлэг хүмүүс түүнийг гэрээс нь хүчээр гарган, зодож дараа нь биеийг нь шатаасан байна. Цагдаагийн албаныхан ноён Жураканыг аврахаар ирсэн боловч нэгэнт оройтсон байжээ.

Орчуулагч: Г.Төгөлдөр

Эх сурвалж: BBC


URL:

Сэтгэгдэл бичих