Нийслэлийн төсвөөс 493,0 сая төгрөг “хулгайлчихаж”

Д.Сүхбаатарын нэрэмжит улсын хэвлэх үйлдвэрийн хууль бус хувьч-лалын асуудал байсхийгээд л шуугиан тарьдаг.

Өнгөрсөн хавар ч уг үзэгдэл давтагдав. Энэхүү хувьчлалд Шадар сайд М.Энхболд, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай нарын нэр холбогдож, дээрх хувьчлалтай холбогдуулан НИТХ-ын дарга Т.Билэгт, “Улаанбаатар таймс” сонины эрхлэгч До.Чулуунбаатар, эрхлэгч асан Ж.Саруулбуян, Нийслэлийн өмч хувьчлалын комиссын нарийн бичгийн дарга Г.Маналжав нарт хууль хяналтынхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

Уг үйл явдалтай зэрэгцэн Нийслэлийн өмч хувьчлалын комиссын хурлаар 2008 оны 75 дугаар тогтоолын 3, мөн онд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний 3-ын 8.5-ын 1, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 7,9 дэх заалтуудыг зөрчин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй “Улаанбаатар таймс” менежментийн багийн хувьчлалыг хүчингүй болгосон шийдвэр гарч байв.

Хувьчлал хүчингүй болсонтой холбогдуулан Д.Сүхбаатарын нэрэмжит улсын хэвлэх үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, холбогдох өр төлбөр болон бусад асуудлыг судлан цаашид хэрхэхийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар шийдэх үүрэг өгсөн байдаг.

Xaрин Нийслэлийн өмчийн газар хэд хоногийн өмнө төндөр зарлаж “Улаанбаатар таймс” сонины эрхийг бусдад шилжүүлсэн бололтой. Учир нь “Улаанбаатар таймс” сонины 40 хувийг тус сонины ажилтнууд үлдсэн хувийг нь “TV5″ телевизийн нэгэн тоймч авсан талаар эх сурвалж өгүүлж байна.

Уг хувьчлалыг “но”-той хэмээн зарлаж хохирогч гэгдэх болсон хүн нь Иргэний нисэхийн “Хангарьд” компанийн захирал Л.Сэргэлэн гэгч. Тухайн үеийн менежментийн хувьчлалын багийн ахлагч Ж.Саруулбуян хөрөнгө оруулалтын эх үүсвэр олохын тулд Л.Сэргэлэнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан гэдэг.

Уг гэрээгээр Л.Сэргэлэн 500 сая төгрөг гарган “Улаанбаатар таймс” сонины барилгад хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээж, үүний хүчинд тус сонины менежментийн багт орж, хөрөнгө оруулалт хийж дуусмагц сонины 40 хувийг эзэмшихээр тохирсон аж. Тун удалгүй тэрээр гэрээ ёсоор тус сонины барилга байгууламжид үндсэн засвар хийж өндөрлөх, таван одтой зочид буудал болгохоор шийдэж, хөрөнгө оруулалтаа хийж эхэлж.

Гэвч уг сонины байр хуучин тул хананы даац муу, тиймээс өндөрлөж болохгүй гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас өгсөн юм байх. Үүний улмаас Л.Сэргэлэн барилгын засварын ажлаа болон хөрөнгө оруулалтаа зогсоож, хохирогч гэгдэх гуншинтай болж, хувьчлалын хуудуу дэлгэгдсэн гэх.

Ямартай ч уг хувьчлалыг эдүгээ хүчингүй болгочихсон. Хувьчлал үнэн худал явагдсанаас илүү том хэрэг өнгөрсөн наймдугаар сард манджээ.

Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү өнөөх хохирогч гэгдэх нөхөрт ард түмний халааснаас гарсан мөнгийг хууль зөрчин улаан цайм хулгайлаад өгчихөж. Үүний баримт нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

Нийслэлийн өмчийн харилцааны газарт
Нийслэлийн Засаг даргын 2011 оны 589 дүгээр захирамжийн дагуу “Улаанбаатар таймс” менежментийн багийн менежментийн гэрээгээр ажиллах хугацаанд оруулсан хөрөнгө оруулалт 493.0 сая төгрөгийг танай 200051024 тоот дансанд шилжүүллээ.

Дээрх өрийг барагдуулж, хөрөнгийн эх үүсвэрийг төсвийн тодотголд тусгуулах арга хэмжээ авна уу. Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү гэсэн гарын үсэг бүхий албан тоот юм.

Уг нь Монгол Улсын төсөв, төсвийн ерөнхийлөн захирагчдын эрх, үүрэг, төсвийн орлого, зарлагын ангилал, төсвийн бүртгэл, төсвийн гүйцэтгэл, тайлагналтай холбогдсон харилцааг зохицуулахад оршдог Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль бий. Мөн жил бүр тухайн оны төсвийн тухай хуулийг баталдаг.

Төсвийн жил тухайн оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж, арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болдог.

Хуулиар бол баталсан төсөвт хэн ч гар хүрэх учиргүй.
Бүр төсвийн ерөнхийлөн захирагч, шууд захирагч хүртэл. УИХ болон тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан төсвийг тайлант хугацаанд захиран зарцуулах, түүний үр дүнгийн төлөө хариуцлага хүлээх, гүйцэтгэлийг гаргаж тайлагнах үүрэг бүхий төрийн захиргааны болон төсөвт байгууллагын зохих эрх олгогдсон албан тушаалтныг төсвийн захирагч гэнэ хэмээн хуулинд нь бий.

Төсвийн захирагчийн хүлээх эрх, үүргийг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиар зохицуулдаг.
Гэтэл нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга гэх жирийн нэгэн албан тушаалтан төсвийн тухай хуулийг гууль болгож энэ онд төсөвт суугаагүй 493.0 сая төгрөгийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын 200051024 тоот дансанд шилжүүлж, дээрх өрийг барагдуулж, хөрөнгийн эх үүсвэрийг төсвийн тодотголд тусгуулах арга хэмжээ авна уу гэж.

Тэгээд ч НИТХ-ын тогтоолгүйгээр ийм тоот үйлдэх ёсгүй. Дээрх өрийг барагдуулж, хөрөнгийн эх үүсвэрийг төсвийн тодотголд тусгуулах арга хэмжээ авна уу гэдэг нь иргэдийн татварын мөнгө болох 493.0 сая төгрөгийг өмч хувьчлал хэмээн зарлагадаж салхинд хийсгэж байна гэсэн үг.

Мөнгөө олж авсан хүн би татварын мөнгөнөөс өөрийнхөө юмыг эргүүлээд авчихсан хэмээн ам шүд алдан гайхуулаад явахгүй нь ойлгомжтой.

Харин нийслэлийн төсвөөс том толгойтнууд хулгай хийчихээд байхад сөрөг хүчин чимээгүй байгаа нь хачирхалтай. Энэ хэргийн ард чухам юу өрнөөд байна вэ. Сөрөг хүчнийхэн хэдэн сая төгрөгөөр амаа үдүүлчихсэн ч юм бил үү, хэн мэдэх вэ. Ийм хардлага төрүүлэх алхам мөн үү гэвэл мөн.

Ямартай ч ард түмний татварын мөнгийг өмч хувьчлал хэмээн зарлагадах албан тоот үйлдэгдэж, 493.0 сая төгрөгийг аль хэдийнэ гуйвуулчихаж. Энэ мөнгө Л.Сэргэлэнгийн хохирсон гэх 500 сая төгрөгийг нөхөж буй ч юм бил үү. Хэн мэдлээ.

Т.Сэлэнгэ
Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих