АТГ-ыг завгүй болгосон албан тушаалтнуудын хэрэг
Өндөр албан тушаалтнуудтай холбоотой авлигын хэрэг байнга гардаг билээ. Тиймдээ ч АТГ-ынхан ачаалал ихтэй ажилладаг хэмээдэг. Гэвч тэдэнд холбогдох хэрэг хэрхэн шийдвэрлэгдэж байгаа нь нийтэд төдийлөн ил тод байдаггүй.
Жаал шуугиан тарьж байгаад тэгсхийгээд намжиж орхидог. Тиймээс нийтэд ил болсон зарим нэг албан тушаалтнуудын хэргийн явц ямар шатандаа байгаа талаар эргэн сурвалжиллаа.
УИХ-ын гишүүн Х.Наранхүүг шалгасаар байгаа
УИХ-ын гишүүн Х.Наранхүү АТГ-т шалгагдаж буй мэдээлэл тархаад багагуй хугацаа өнгөрлөө. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байх үөдээ их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэргээр АТГ-ын “Мөрдөн шалгах хэлтэс”-т шалгах болсон.
Тодруулбал, 2000-2007 онд “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын албан тушаалд байхдаа 10 тэрбум төгрөг хууль бус аргаар авсан хэмээдэг. УИХ-ын гишүүн Х.Наранхүү нь тус үйлдвэрт цөөнгүй компани, хүмүүсийн шахааны бараа, бүтээгдэхүүнийг авсан хэрэгт холбогдоод байгаа юм.
Түүнд холбогдох энэ хэргийн явц ямар шатандаа явж байгаа талаар АТГ-ын албаны хүнээс тодруулахад “Х.Наранхүүд холбогдох хэргийг шалгасаар байгаа. Эцэслэн шийдэгдэх хугацааг нь хэлж мэдэхгүй байна. Хэрэг одоо мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа” гэсэн юм.
Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын хэрэг шийдэгдээгүй
Монгол Улсын үүцийг атгасан Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр мөн АТГ-ын үүдийг татаад буй. Түүнийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн авах гэрээнд албан тушаалаа урвуулан ашиглаж оролцсон.
Мөн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөнөөс их хэмжээний мөнгийг дансны аргаар өөр зориулалтаар ашигласан гэх мэдээлэл байгаа юм. Энэ талаар АТГ-ын албаны хүн” Д.Сугарт холбогдох хэргийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Учир нь хэргийн мөрдөн байцаах ажиллагааны нууцад хамаарна. Ямартаа ч түүнд холбогдох хэргийг шалгасаар байгаа. Одоогоор хэрэг нь шийдэгдээгүй байгаа” гэв.
Налайх дүүргийн засаг дарга Б.Баяндэлгэрийг шалгаж байгаа нь үнэн
Хэдхэн хоногийн өмнө Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр болон ИТХ-ын дарга С.Батдорж нарыг АТГ шалгаж эхэлсэн тухай мэдээлэл хэвлэлээр гарсан. Энэ мэдээлэл үнэн эсэх талаар АТГ-ын албаны хүнээс тодруулахад” Налайх дүүргийн
Засаг дарга Б.Баяндэлгэр болон ИТХ-ын дарга С.Батдорж нарыг шалгаж байгаа нь үнэн. Тус хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа” хэмээв.
Хэвлэлд бичигдсэнээр бол Б.Баяндэлгэр, С.Батдорж нарын шалгагдах болсон шалтгаан нь газартай холбоотой гэнэ. Засаг дарга Б.Баяндэлгэр нь 320 га газрыг БНСУ-н хөрөнгө оруулалттай “Жэхуан групп”-т их хэмжээний мөнгөөр зарахыг завдсан байж болзошгүй аж.
Харин ИТХ-ын дарга С.Батдоржийг газар чөлөөлсөн тогтоол дээрээ хууль бусаар нэмэлт хавсралт хийж Засаг даргынхаа хамаатнуудад газар олгосон гэгдэж байгаа юм.
Агаарын чанарын албаны дэд даргад холбогдох мөрдөн байцаалт үргэлжилж байна
Нийслэлийн агаарын чанарын албаны дэд дарга Ч.Батсайханыг өнгөрсөн гуравдугаар сараас албан тушаалаас нь түр тудгэлзүүлээд байгаа. Түүнийг тус агентлагаас зарласан тендерт оролцогчдоос авлига нэхсэн гэх мэдээлэл авлигатай тэмцэх газарт ирж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Ч.Батсайханд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилсээр байгаа аж.
Д.Батхуяг хуулийн цоорхойгоор АТГ-аас мултрах арга олжээ
Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягийг “Урт нэртэй хууль” гарснаас хойш 192 тусгай зөвшөөрөл олгосон хэрэгт буруутган АТГ-т шалгаж байсан. Түүнд тус газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч Нийслэлийн прокурорын газраас гэм буруутай гэдэг нь хангалттай нотлогдохгүй байна хэмээн үзэж, энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Хэрэг хэрэгсэхгүй болсон гол шалтгаан нь Д.Батхуяг хуулийн цоорхойг гарамгай ашиглалаа хэмээн үзэх хүмүүс цөөнгүй байгаа юм. Тодруулбал, Д.Батхуяг “Урт нэртэй” хууль гарчихаад байхад бүхэл бүтэн хоёр сая га газар бүхий 192 тусгай зөвшөөрлийг олгосон байдаг.
Гэвч хууль зөрчсөн энэ үйлдлээ тэрээр Тухайн үед хилийн заагийг Засгийн газраас тогтоож өгөөгүй байсан” хэмээн тайлбарладаг байна. Тус тайлбарынх нь гол учиг нь Засгийн газраас хилийн заагыг хууль батлагдсанаас хойш гурван сарын хугацаанд тогтоож, таван сарын дотор хилийн зааг доторх тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой байсанд оршдог аж.
Энэ хооронд буюу Засгийн газраас хилийн зааг тогтоохтой уралдаад Д.Батхуяг 192 тусгай зөвшөөрөл олгож амжсан хэмээн Ашигт малтмалын газрын даргыг хардах хүмүүс олон байгаа юм. Ямартаа ч тэрээр саяхан АТГ-аас мултарч чадсан байна.
Монгол банкны ерөнхийлөгчид эрүүгийн хэрэг үүсгэв
Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тус хэрэгтэй нь холбогдуулж Л.Пүрэвдоржоос тайлбар хүртэл авсан байна.
Харин ямар хэргээр шапгагдаж байгаа нь мөн л мөрдөн байцаалтын нууц учир албаны хүн ам ангайсангүй, Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид “Зоос” банкны хөрөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр АТГ-т шалгагдаж байгаа гэсэн юм.
С.Вансэмбэрүү
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: