Хуулийн төсөл өргөн мэдүүлнэ
Мексикийн Нэгдсэн Улсын Гудалахара хотноо 2010 оны 10 дугаар сард хуралдсан Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит их хурлаар хэлэлцэн баталсан “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, Конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Олон улсын цахилгаан холбооны байгууллага нь олон улсын мэдээллийн технологи, радио, цахилгаан холбооны салбарын нийтлэг хөгжлийн бодлого, зохицуулалт болон мөрдөгдөх техникийн стандарт, зөвлөмж боловсруулдаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага юм. Дэлхийн 192 орныг эгнээндээ нэгтгэсэн тус байгууллагад манай улс 1964 онд гишүүнээр элсчээ.
“Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Дүрэм, Конвенци”-ийг анх 1994 онд УИХ-аар батлууснаас хойш 1998, 2003 онд тус баримт бичигт орсон нэмэлт, өөрчлөлтийг батлуулж байжээ. Тус байгууллагын дүрэмд заасны дагуу Үндсэн дүрэм, Конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлаагүй гишүүн орнууд гишүүнчлэлийн эрхийг эдэлж, үүргийг гүйцэтгэх боломжгүй болох эрсдэлтэй байдаг байна.
URL: