Г.Тэмүүлэн: Хүн боловсролоороо бус хүмүүжлээрээ ялгардаг
НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.
-Намын дэргэдэх залуучуудын байгууллагыг та толгойлох болоод хэдэн сар өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд танай багийнхан ямар ажлыг амжуулсан бэ?
-Залуучуудын холбоо үүсэн байгуулагд саны 18 жилийн ой энэ онд тохиож байгаа. Гэхдээ МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага анх 1924 онд Хувьсгалт залуучуудын эвлэл нэртэйгээр үүссэн түүхтэй. Нэрээ шинэчлэн сольж, шинэ үеийн түүхээ бичээд 18 жил өнгөрчээ.
Энэ хугацаанд үе үеийн дарга нар оновчтой бодлого хэрэгжүүлж ирсний үр дүнд үйл ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, холбоо маань өнөөгийн төвшинд хүрсэн. Өнгөрсөн хугацаанд Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо /НАМЗХ дүрмийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж ирлээ.
Энэ дагуу өнгөрсөн зургадугаар сард НАМЗХ-ны V их хурлаа хийж, ойрын болон дунд хугацааны зорилтоо тодорхойлсон.Мөн алдаа оноогоо ч дүгнэж, цэгнэлээ.
Ер нь манай байгууллага залуучуудад тулгамдаад байгаа асуудлын гарцыг олж шийдэх, тэдний дуу хоолой болохын төлөө ажилладаг. Өөрөөр хэлбэл, залуучуудын дуу хоолойг төр засаг, нийгэмд хүргэхийн төлөө ажиллах зорилготой эв нэгдэл, эрч хүчтэй залуусын итгэл сэтгэл дээр тогтдог.
-V их хурлаас хойш НАМЗХ- ны үйл ажиллагаа идэвхжсэн нь анзаарагдаж байгаа. Энэ зуны хувьд танай холбоо амралтгүй ажилласан, тийм үү?
-Мэдээж намын дэргэдэх залуучуудын байгууллагын хувьд хамгийн ойрын бөгөөд чухал зорилго нь 2016 оны сонгуульд намаа ялахад туслах явдал. Тиймээс үүнд зориулсан ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Их хурлаа хийснээс хойш НАМЗХ-ны бүтэц, бүрэлдэхүүнээ шинээр бүрдүүллээ.
Аймаг, дүүрэг бүрийн залуучуудын холбоо чуулганаа хийж, зорилт бодлогоо тодорхойлсон. Бид өнгөрсөн зуны саруудыг анхан шатаа дэмжих, тэнд ажиллаж буй залуусаа идэвхжүүлж, тэднийгээ дэмжихэд зориуллаа. Одоогийн байдлаар 14 аймагт “1000 залуусын чуулган” зохион байгуулсан байна.
Энэ арга хэмжээний үеэр 16 мянган залуус аянд нэгдсэн. Аймаг бүрт доод тал нь 1000-1200 залуус оролцож байсан Тодорхой шалтгааны улмаас хэдэн аймагт аянаа зохион байгуулж чадаагүй, хойшлуулсан. Энэ нь тухайн орон нутагт эрх барьж буй хүмүүсийн явуургүй үйлдлээс болсон. Тэд арга хэмжээний үеэр санаатай, санамсаргүйгээр өөр арга хэмжээ давхцуулах зэргээр саад болох гэж оролдсон нь харамсалтай.
-Анхан шатанд ажиллаж байгаа залуустайгаа уулзах нь хэр үр дүн, шинэ санаа сэдлийг өгсөн бэ?
-Маш үр дүнтэй ажил болсон гэж дүгнэж байна. МАН асуудлыг албан тасалгааны цонхоор харах бус айл бүрийн хаалгыг, хүн бүрийн сэтгэлийн үүдийг нээх зорилготой ажиллаж байгаа. Ингэж ажилласны үр дүнд залуучуудын өмнө тулгамдсан гол асуудлыг тодорхойлж, зураглал гаргасан.
-Бүсчилсэн уулзалт биш аймаг бүрт аяныхаа үйл ажиллагааг зохион байгуулах юм уу?
-Бид одоо 4-5 аймагт ажиллах дутуу байна. Очсон аймаг бүрт үзэл бодлоороо нэгдсэн 1000 залуусыг нэг дор цуглуулж, урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулж, спортоор уралдуулж байгаа. Ер нь Монголын залуусыг зуны турш мянга, мянгаар нь нэгтгэж явсан түүх байдаггүй.
Ирэх жилийн сонгуулийн үр дүн залуусаас хамаарах болчихоод байгаа. Учир нь, нийт хүн амын 60-70 хувийг залуучууд эзэлж байна шүү дээ. Тиймээс бид анхан шатны нэгжийн залуустаа ач холбогдол өгч байгаа юм. Ингэснээр МАН-ыг дэмжигч залуусын бааз суурийг бий болгоно.
Зөвхөн намдаа бааз суурь бий болгосноор энэ ажлын ач холбогдол дуусахгүй. Учир нь, бид очсон аймгийнхаа залууст төрөл бүрийн сургалт зохион байгууллаа. Залуучууд хоорондоо танилцах, үерхэж нөхөрлөх нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа гээд маш олон ач холбогдолтой ажил болсон.
Жишээ нь, нэг аймагт 2-3 хоног зарцуулдаг. Энэ үеэр тэдэнд байгууллагынхаа зорилго, зорилтоос гадна хувь хүний хөгжил, төлөвшилт, манлайллын талаар сургалт явуулж байна. Үүнийг аймгийн намын хороотой хамтарч зохион байгуулдаг болохоор зөвхөн залуучуудын гэлтгүй намын байгууллагуудын хамтын үр дүн гэж үзэж болно. Хамгийн гол нь Монголын залуусын өмнө тулгамдаж байгаа асуудлыг тодорхой болголоо.
-Залуучуудад тулгамдаж байгаа нийтлэг асуудал нь юу байна вэ?
-Өнөөгийн нийгэм, улс орны эдийн засаг ямар байгаа билээ. Тиймээс залуучуудын өмнө тулгамдсан асуудал их байгаа нь ойлгомжтой. Гэхдээ аймаг бүрт асуудал өөр өөр. Тухайлбал, алс хязгаар нутагт амьдарч байгаа малчин, тариаланчдад тулгамдах асуудал төвийнхөөс өөр.
Бид таван зүйл болгон багцалсан. Нэгдүгээрт, залуучуудын өмнө ажилгүйдэл хамгийн тулгамдсан асуудал болжээ. Тэдний 70 гаруй хувь нь ажилгүй байгаа нь аюулын харанга дэлдлээ. Их, дээд сургууль төгсөгчдийн 50 гаруй хувь нь ажилгүйчүүдийн эгнээнд шууд нэгдэж байна.
Ажлын байргүйгээс шалтгаалан амьжиргаа, орлогын төвшин муу. Нэмж хэлэхэд ажил эрхэлж байгаа залуусын 30 хувь нь цалингийн доод төвшнөөр цалинжиж байна. Тиймээс хоёрдахь тулгамдсан асуудал нь орлого багаас шалтгаалан өрхийн амьжиргаа дорой байгаа явдал. Бага орлоготойгоос шалтгаалж орон сууцны асуудал хөндөгдөнө. Ийм гурван том асуудлаас гадна эрүүл мэндийн байдал муу байгаа юм.
Дээр нь хувь хүний ёс суртахуун, төлөвшил залуусын дунд тулгамдсан асуудал болжээ. Тэгэхээр залуучуудад таван тулгамдсан асуудал байна гэдэг зураглал гаргаж, Монголын залуучуудын таван бодлого буюу боловсролтой, хариуцлагатай, бүтээлч, эрүүл монгол хүн гэсэн таван зорилтоо тодорхойлсон.
-Ямартай ч асуудлыг тодорхойлжээ. Одоо яах вэ. Энэ талаар залуус ямар санал гаргаж байна вэ?
-Бидний өмнө тулгамдаад байгаа эдгээр асуудалд залуучууд хэрхэн оролцож, шийдэх болох вэ гэдгийг аяны хүрээнд ярьсан. Миний хувьд “Монголын залуусын төлөө төр юу хийх вэ гэхээс илүү залуус эх орныхоо төлөө юу чадах вэ” гэж ярих дуртай. Бүхнийг төр шийднэ гэж хүлээж болохгүй.
Тиймээс залуус ирээдүйнхээ төлөө өөрсдөө юу хийх вэ. Үүний хариулт их амархан. Хийж байгаа ажилдаа өөрөө манлайллаа бий болго. Залуучууд өөрсдөө бүтээлч бай. Өөрсдөө оролцож, асуудлын гарцыг хамтарч олъё гэж байгаа юм.
НАМЗХ-ны зүгээс залуус үзэл бодлоороо нэгдэх “дэд бүтцийг” үүсгэж өгч байна. Залуус хоорондоо санаа, оноогоо ярих байнгын харилцаа холбоотой байх, цаашдаа насан туршдаа үерхэж, нөхөрлөх суурийг бэлдэж өгч байгааг хэлсэн. Үүнийхээ хүрээнд очсон газар бүртээ интернэтэд холбогдох төхөөрөмж авч явж, залуусаа цахим хуудаст нэгдүүлж байгаа.
Нэмж хэлэх зүйл бол, тухайн аймаг орон нутгийнхаа хамгийн үзэсгэлэнтэй газрыг сонгож, үйл ажиллагаагаа явууллаа. Энэ нь газар нутгийнх нь сайхныг таниулахаас эхлээд байгаль дэлхийгээ хайрлах хичээл болно гэж үзсэн. Тэгээд ч олны хүч оломгүй далай гэдэг шүү дээ.
НАМЗХ-ноос хэд хэдэн аяныг эхлүүлсэн. Залуус бүтээлч байх ёстой гэдэг үүднээс “Бүтээлч Монгол” аяны хүрээнд залуучууд бүтээлч ажил санаачлан хийж байгаа. Зарим аймагт өөрсдөө хандив цуглуулж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх клуб барьсан.
Тэнд нь хөдөлмөрийн бирж маягийн үйл ажиллагаанааса эхлээд орон нутгийнхаа онцлогт тохирсон ажлыг санаачлан хийж байна. Зарим нь байгаль экологио хамгаалах зорилгоор бүтээлч ажлуудыг ч хийсэн. Мөн “Эх орон танаас эхэлнэ” гэдэг нийгмийн ардчиллын аянг есдүгээр сараас эхлүүлсэн.
-Нийгмийн ардчиллын аян гэхээр ямар онцлогтой байх вэ?
-Нийгмийн ардчилал гэдэг нь юу гэсэн үг вэ. Иргэн бүр өөрөө өөрийнхөө үүрэг хариуцлагыг мэдэрч хэрэгжүүлснээр үр дүнг тухайн нийгмээрээ хүртэх хэрэг. Тиймээс ч тус аяны хүрээнд залуучуудыг бид дээрээс нь “Тийм ажил хий” гэж командлах биш тухайн орчиндоо тулгамдаж байгаа асуудлыг та нар өөрсдөө илрүүлэн гаргаж ир. Түүнийг чинь бид дэмжье.
Бүр нийгмийн талархал хүлээсэн ажлыг шалгаруулан хамгийн шилдэгт нь урамшуулал олгоё гэж байгаа. Аяныг жилийн турш явуулах бөгөөд сар бүр нэг шилдгийг тодруулна. Шилдгээр Хөвсгөл аймгийн Галт сумын залуус шалгарсан.
-НАМЗХ бүх гишүүдээ бүртгэлжүүлж байгаа гэсэн. Ер нь танай холбоо хэчнээн гишүүнтэй, тэднийг бүртгэлжүүлснээр ямар үр дүнд хүрнэ гэж тооцсон бэ?
-Манай холбоо 60 гаруй мянган гишүүнтэй, аймаг, сум бүрт салбар, хороотой, үндэсний хэмжээний бай- гууллага. Бид гишүүнчлэлийн бүртгэлээ шинэчлэх шаардлагатай гэж үзэж энэ ажлаа эхлүүлсэн. Эхний ээлжид гишүүдээ бүртгэж, цахим болгосны үндсэн дээр хагас жил тутам боловсон хүчний мэдээлэл авна.
Тухайлбал, тухайн гишүүний амьжиргаа хэрхэн өөрчлөгдөж байна, татвар хураамжаа төлж үү, бидний явуулж байгаа үйл ажиллагаанд хэр оролцов гэхчилэн бүх талын судалгаа хийдэг болно. Мөн тэдний хооронд цахим сүлжээ үүсгэнэ.
Ингэснээр аль ч аймаг, багт байсан гишүүддээ мэдээллийг шуурхай хүргэх боломжтой болно. Сүлжээгээ ашиглан төрөл бүрийн сургалтад хамруулахаас эхлээд мэдээллийн баазтай болгоно. Дараа дараагийн өргөн боломжийг ч нээж өгөх зорилготой.
-Тухайлбал?
-Залуусаа бүтээлч болгох, ямар нэг ажил хийх боломж олгоно. 60 мянган гишүүний нэг хэсэг нь үйлдвэрлэгч, нөгөө талд хэрэглэгчид бий. Хөдөө байгаа нэг маань 10 үхрээ борлуулах шаардлага гарлаа гэхэд мэдээллийн буландаа энэ талаарх зараа байршуулж болно.
Баянзүрх дүүрэгт амьдардаг нөгөө гишүүнд маань өвлийн идшээ найдвартай хүнээс авах боломж бүрдэхээс гадна тэд бие биеэ дэмжиж байгаагийн нэг илрэл нь энэ. Энэ мэт олон ажил санаачилж байна. Тухайлбал, Улаанбаатарт зочид буудлын үйлчилгээ эрхэлдэг нэгээрээ үйлчлүүлэхдээ 20- 30 хувийн хөнгөлөлт эдлэх гээд олон боломжийг цахим бүртгэл нээж өгнө.
Бидний зүгээс гишүүдээ картжуулж, сүлжээг үүсгэж өгнө.Мөн “Эрүүл Монгол” аяны хүрээнд Эрүүл монгол залуу эв нэгдлийн спортын их наадмын нээлт аравдугаар сарын сүүлчээр болно. Энд аймаг бүрээс гар бөмбөг, сагс дартс, теннисийн төрлөөр шалгарсан шилдгүүд Улаанбаатарт ирж шилдгийн шилдгээ тодруулах юм.
-НАМЗХ хэт “амбийц” хөөж байна гэх шүүмжлэл гардаг. Та энэ талд ямар байр суурьтай байдаг вэ. Эсвэл “амбийц”-тай байх ёстой гэж үздэг үү?
-Намын дэргэдэх залуучуудын байгууллага хэн нэгний албан тушаалд хүрэх шат, гишгүүр биш. Зөвхөн хувь хүнд үйлчилдэг байгууллага. Нөгөө талаасаа намын нийтлэг эрх ашгийг хүндэтгэх, эв нэгдлийг хангах нь заавал хүлээх үүрэг хариуцлага, зайлшгүй хэрэгжүүлэх зарчмын асуудал юм.
Нийгэмд ёс суртахуун, хариуцлага ус агаар шиг хэрэгтэй энэ үед НАМЗХ хариуцлага, ёс суртахууны дүрэм, журмаа л мөрдөх ёстой. Амьдралд хүмүүс боловсролоороо бус хүмүүжлээрээ ялгардаг гэдгийг залуус ойлгох хэрэгтэй. Тухайн шатныхаа намын хороог дэмжиж, нийтийн ашиг сонирхолд захирагдаж ажиллах ёстой гэдгийг гишүүддээ хэлье.
Өөрчлөлт, шинэчлэлийг өөрөөсөө эхэлж, аливаа асуудалд хувь хүний өнцгөөс хандах, нам төрийн бус байгууллагын нэр хүндийг унагасан үйлдэлд хатуу хандаж ёс зүй, хариуцлагагүй үйлдэл болгонд хариуцлага хүлээлгэнэ гэдгийг ч сануулах нь зөв болов уу. НАМЗХ өнгөрсөн зургадугаар сард хуралдсан их хурлаараа энэ талаар тодорхой ярьсан. Үүнээс гадна хэд хэдэн бодлогыг гаргасан. Шинэ бүтцээ бүрдүүлж, удирдах зөвлөлийн гишүүд маань Ёс зүйн хороо байгуулж, хариуцлагын гэрээ байгуулдаг болсон.
Анхан шатаа дэмжиж ажиллах хүрээнд залуус доороо санаачил, бид дэмжье гэж байгаа. Мөн нам, холбоонд анхан шатнаас нь тогтвор суурьшилтай ажилласан хүн бодлогын гадна үлдэх гээд байдаг. Жишээ нь би НАМЗХ-ны анхан шатнаас ажиллаж эхэлсэн. Сүхбаатар дүүргийн үүрээс холбооны гишүүнчлэлээ авч, дараа нь нийслэлийн тэргүүлэгч болж, арван жил явсны эцэст өнөөдөр холбооны ерөнхийлөгч болсон.
Залуучууд шат бүрийг дамжих ёстой. Ингэж байж төлөвшсөн боловсон хүчин болж гарч ирэх ёстой. Хувьсгалт залуучуудын эвлэл байхад ч хатуу шалгуур тавьдаг байлаа. Сүүлийн жилүүдэд боловсон хүчнээ дэвшүүлэх бодлогыг нам, холбоо хаа хаанаа орхисон байсан. Үүнээс болоод надтай дүүрэгт хамт байсан гишүүд одоо ч тэндээ байж л байдаг.
Үүнийг халж, залуусаа ирээдүйдээ итгэх итгэлтэй, урам зоригтой байлгах үүднээс шат шатнаас гарсан залуусыг НАМЗХ дэмжинэ гэсэн шинэ бодлого барьж байна. НАМЗХ-ны удирдах зөвлөлийн 30 гишүүн өөр өөрийн хүнээр багаа бүрдүүлдэг байсныг ч халж байгаа. Ингэж байж залуусын байгууллага анхан шаттайгаа эргэх холбоотой байж, бодлогоо шат шатанд нь хэрэгжүүлнэ
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: