Инфляци өнгөрсөн оны мөн үеэс таван хувиар өсчээ
Монголын эдийн засгийн байдал энэ оны эхний гурван улирлын дараах байдлаар сайнгүй дүр зурагтай байгааг статистикчид батлав. Товчхондоо сүүлийн хоёр жил орчим үргэлжилж буй макро эдийн засгийн хүнд байдал одоо хэр нь өндийсөн шинжгүй. Яг ийм цаг үед эрх баригчид төрийн жинхэнэ албан хаагчдынхаа цалинг хэрхэн хумслах тухай хэлэлцэж байгаа юм. Зөвхөн энэ ганцхан жишээгээр Монгол Улсын эдийн засгийн байдлыг илэрхийлж болохоор байна. Гэтэл энэ бүхний эсрэг талд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөн дүүлсэн дүр зургаа хувиралгүй хадгалж буй. Тухайлбал, хэрэглээний үнийн индекс улсын хэмжээгээр өмнөх жилийн эхний есөн сарын нэгдсэн дүнтэй харьцуулбал таван хувиар өсчээ.
Харин оны эхнээс 2.6 хувиар тэлжээ. Үүнийг задалж харвал 52.2 хувь нь боловсролын үйлчилгээний бүлгийн үнийн өсөлтөөс буюу их дээд сургуулийн сургалтын төлбөр, дотуур байрны хөлс нэмснээс шалтгаалсан болохыг тэд тогтоосон байна. Харин 27.2 хувьд нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлт нөлөөлсөн аж. Үүнээс харахад “азаар” хүнсний хэрэглээ, мах махан бүтээгдэхүүний үнэ нөлөө үзүүлээгүй нь сүүлийн үеийн хамгийн сайхан мэдээ болж байна.
Учир нь, өмнөх жилүүдэд хэрэглээний үнийн индекс мах, гурилан бүтээгдэхүүн болоод хүнсний бусад зүйлсээс шалтгаалан өсдөг байв. Тэгвэл энэ удаад хүнсний хэрэглээний үнэ тогтвортой байна гэж Үндэсний статистикийн газраас мэдээлэв. Харин хойшид хэрхэх эсэх нь мэдээж тодорхойгүй. Ямартай ч, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид барааныхаа үнийг өсгөхөд бэлэн гэдгээ дуулгаад байгаа. Үүнд энэ жилийн ургацын байдал нөлөөлсөн нь дамжиггүй. Үнэндээ бид сүүлийн жилүүдэд нийгэм, эдийн засгийн тухай саар мэдээлэлд хэдийнэ дасал болжээ.
Хамгийн ойрын жишээ гэхэд ам.долларын ханш 2000 төгрөгтэй хайнцаад байхад энэ тухай ам нээх, тогтолцоог шүүмжлэх хүн бараг үгүй болсон. Иргэд ч мөн адил ийм л байх ёстой мэт хүлээж авдаг болоод багагүй хугацаа өнгөрөөсөн байна. Статистикчдын тооцоо гоор ам.долларын төгрөгтэй харьцах дундаж ханш энэ оны эхний есөн сарын дараах байдлаар 1994 төгрөгтэй тэнцэж байгаа юм. Уг нь, ам.долларын ханш “ердөө” 1700 төгрөг хүрээд байхад л Сүхбаатарын талбайд цуглаад салаавч үзүүлж, эсэр гүүцлээ илэрхийлдэг иргэд тэйсэн. Гэтэл тэр цаг үеийг бодвол төгрөгийн ханш 30 орчим хувиар, 2012 оны долдугаар сарын 1нээс хойш гурван жил гаруйн хугацаанд 48.9 хувиар уруудсан байна. Мөн төдий чинээгээр иргэдийн худалдан авах чадвар саармагжсан гэсэн үг. 1000 төгрөгөөр авдаг байсан импортын барааг бид өнөөдөр 1500 төгрөгөөр авч байгаа тухай л бодит ойлголт.
Үндсэндээ УИХын сонгуулийн өмнөх жил иймэрхүү өнгө төрхтэй. Ийм байхад “Сайдын дамжаа” хичээллүүлж эхэлсэн Ч.Сайханбилэгийн Засгийн газар иргэдийнхээ цалинг хасах эсэх тухай маргаад сууж байгаа нь мэдээж таатай үзэгдэл биш юм. Уг нь төсвөөсөө гадна “Чингис”, “Самурай” бондтой болсон. Гэтэл өрийн эрсдэлтэй эхний 10 орны жагсаалтад гуравхан жилийн дотор багтаасан нь гайхмаар “амжилт” шүү. Өөрөөр хэлбэл, манай улсын Засгийн газрын дундаж наслалт 1.4 жил буюу харьцангуй тогтворгүй гэсэн ангилалд багтааж болох хэдий ч тэд төсвийн мөнгөөр цалин нэмдэг байв. Харин Ардчилсан намын хүчтэй фракц болох “Алтангадас”ын Засгийн газар төсвөөс гадуур олон тэрбум ам.долларын өр тавьсан атлаа эсрэгээрээ цалин хасахаар шамдаж байдаг.
Эхэндээ улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг гурван сар 30 хувиар хасахад хоёр тэрбум төгрөг хэмнэх тухай тооцоо гаргасан тэд эцэс сүүлдээ эмч, багш нарын халаасыг тэмтрэхээр зориг шулуудна чинээ хэн санах билээ. Ядахад статистикчдын гаргасан хамгийн сүүлийн судалгаагаар манай улсад бүртгэлтэй ажилгүй иргэн 31.1 мянгад болжээ. Үүнээс 87 мянга нь идэвхтэй ажил хайж байгаа гэнэ. Харин энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 14.1 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Тодруулбал, ганцхан жилийн дотор 14.1 мянган иргэн ажил хайгчийн эгнээнд шилжив. Үүнийг дагаад ажилд зуучлах компаниудаар зуучлуулж ажилтай болсон иргэдийн тоо ч огцом багассан тухай статистикчид дуулгав. Тэгвэл түр ч атугаа эртний биш энэ цаг үеийн багахан түүхийг хамтдаа сөхье… Мэдээж, өнгөрсөн бүхэн түүхэнд үлддэг шүү дээ. 2012 оноос хойш эрх баригчид төрийн албан хаагчдын тоог 30 гаруй мянгаар нэмсэн. Үүнээс шалтгаалж “Бялуу түгээх” гэсэн шинэ цагийн хэлц үг гарсан нь бий. Мөн өмнө нь төрийн албан хаагчдын цалинд 1.2 их наяд төгрөг зарцуулдаг байв.
Гэтэл “Бялуу хуваах” их ажлын дараа цалинг нэмээгүй атлаа зарцуулдаг хөрөнгө 600 тэрбумаар нэмэгдсэн билээ. Үүнээс гадна 2012 онд иргэдийн цалинг дунджаар 30 мянган төгрөгөөр нэмж байв. Мөн цалингаас гадна Хүний хөгжил сангаар дамжуулан иргэн бүрт бэлэн мөнгө хэлбэрээр уул уурхайн хишиг тарааж болоод байж. Харин энэ Засгийн газар эсрэгээрээ 30 хувиар бууруулж, мөнгө хэмнэхээр шийдээд байна.
Д.Булган
URL: