2037 он хүртэл Оюутолгойгоос ашиг хүртэхгүй
УИХ дахь Бие даагчдын зөвлөл өчигдөр мэдээлэл хийх үеэрээ энэ талаар мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээний талаарх асуулгын хариуг сонссон байна.
Энэхүү хариултыг харин тэд “Үнэхээр харамсалтай хариулт байсан. 2009 оны анхны гэрээгээр Монгол Улс 2023 оноос цэвэр ашиг хүртэх байсан. Гэвч Дубайн гэрээгээр далд уурхайн бүтээн байгуулалтад зургаан тэрбум ам.долларын санхүүжилт авснаас болж цэвэр ашиг хүртэх хугацаа 2037 он хүртэл хойшилсныг Ерөнхий сайдын ажлын хэсгийнхэн хэллээ.Оюутолгойн асуудал ийм хүнд нөхцөлд байхад бүлгүүд тэр дундаа эрх баригч АН-ынхан энэ талаар яагаад дуугарахгүй байна вэ” гэж байлаа.
Дэлхийд хоёрдугаарт орох, Монгол Улсыг олон жил тэжээх томоохон ордоос ашиг хүртэж чадахгүйд хүрч байхад бид үгээ хэлэх ёстой” гэлээ. Тухайлбал, гишүүн С.Ганбаатар “Улс орон21 тэрбум ам.долларын өрөнд орчихсон, цалин тэтгэврээ нэмэх нь битгий хэл хасах тухай ярьж байна. 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулж байхад өргүй байсан.
Харин 2039 онд гэрээг дүгнэхэд бид ногдол ашиг аваад хоёрхон жил болно. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс ногдол ашиг, татвар юу ч авахгүй гэсэн үг. Таван хувийн рояалтын татвар авч байгаа боловч гурван хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг менежментийн зардал гэж өгдөг. Ерөнхий сайд тэр хүндтэй индэр дээрээс тийм зүйл ярина гэдэг эмгэнэл. Төсөвт харамсалтай зүйл их байна.
Цалин хасч, агентлагуудыг татан буулгаад хоёр тэрбум ам.долларыг л хэмнэж байгаа. Гэтэл Амеркийн хуулийн зөвлөхөөс зөвлөгөө авахын тулд 17.5 тэрбумыг зарцуулахаар болж, таван тэрбумыг нь шилжүүлчихсэн. Тодотголоор хоёр тэрбумыг нь шилжүүлнэ. Үлдсэн 10 тэрбумыг нь ирэх оны төсөвт суулгасан. Энэ мэт олон асуудалтай зүйл төсөвт байна” гэсэн юм.
М.Өлзий
URL: