“Халх гол” чөлөөт бүсийг газар дээрээс нь сурвалжиллаа
Дорнод аймгийн Халхгол суманд очоод ирлээ. Монгол орны зүүн хязгаар, наран мандах зүгийн нутгийн агаар таатай угтав. Тэнгэр нь цэлмэг ч хүн ард нь тайван бус байгаа нь илт. Хотоос ирсэн хүн бүрээс “Чөлөөт бүс юу болох нь вэ” гэсэн асуултаар угтах болжээ. “Манай нутгийг гаднынханд өгчихлөө. Гэтэл аймаг, сумын дарга нар юу ч мэдэхгүй гэнэ. Худлаа”, “Бурмаа сайдыг ирвэл замыг нь хаахаар бэлдээд байсан. Үүнийг мэдээд ирээгүй гэнэ лээ”, “Нутгийнхан буу шийдэмдээ тулахад бэлэн байгаа” гэсэн явган яриаг замын турш сонсч явав.
Дорнод аймгийн Халхгол сум. Сумын баруун хойд Хамар даваанаас “Халх гол” чөлөөт бүсийн 500 мянган га газар нутгийн хил эхэлжээ.
УИХ Дорнод аймагт Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай 75 дугаар тогтоолыг өнгөрсөн долдугаар 9-ний өдөр баталсан билээ. Тогтоолыг баталснаас хойш гурван сар гаруйн хугацаанд багагүй үйл явдал өрнөв. “Халх гол” чөлөөт бүс Монгол Улсад ашиггүй, үржил шимт нутгаа гаднынханд мөлжүүлж дуусах нь гэсэн нутгийн иргэд, хөдөлгөөний мэдэгдлүүдэд нөгөө талаас татварын тааламжтай нөхцөлд хөдөө аж ахуйн бүтээн байгуулалтаар уул уурхайгаас илүү баялгийг бий болгож чаддагийг харуулах зорилготой хэмээн төсөл санаачлагчид мэдэгдсээр буй.
Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх зарлаагүй дайны талбар Халхын гол, эх нутгийг минь элгээрээ хамгаалсан Монгол-Зөвлөлтийн эрэлхэг дайчдын хөшөө дурсгал бүхий нутагт орчин үеийн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн чөлөөт бүс байгуулах тухай асуудал хэрхэн өрнөж буй, чөлөөт бүсийн нутгийн хязгаарт түүхэн дурсгалууд өртсөн эсэх болоод хөдөө аж ахуйн эрчимжсэн бүс бий болгох боломжтой юу, нутгийн ардууд ямар байр суурьтай байгааг сурвалжилсан юм.
Чөлөөт бүсийн 500 мянган га талбайн баруун хойд хэсэг Буйр нуурын сав газраас эхэлсэн учир аймгийн төвөөс Мэнэнгийн заставаар дайрч Монгол Улсад ганц байдаг усан хилийг зорилоо. Буйр нуур бол манай улсын БНХАУ-тай усаар хиллэдэг хэсэг юм. Тэгвэл Халхгол сум 2.8 сая ам метр талбайгаараа Монгол орны хамгийн том нутаг дэвсгэртэй сумд тооцогддог юм билээ. Сумын газар нутгийн дөрөвний нэг нь II буюу Ялалт багийн харъяа. Буйр нуурын орчмын газар нутаг Ялалт багт хамаардаг бөгөөд нуурын сав газраас эхэлсэн чөлөөт бүсийн эдэлбэр газарт тус багийн 86 малчин өрх амьдардаг ажээ. Тэдгээр өрх өнгөрсөн хавар 6000 төл авч нийт 25 мянган малтай намаржиж байгаа гэнэ. Нуурын баруунтаа намаржиж байгаа Д.Лхагвасүрэнгийнхээр оров. Гэр бүлээрээ Халхголын унаган хүмүүс аж. Чөлөөт бүсийн талаар нарийн учрыг мэдэхгүй ч эсэргүүцэж байгаагаа гэрийн эзэн онцолж сум, багийн дарга нар мэдээлэлгүй байгааг буруушаав. Гэрийн эзэгтэй Ө.Даариймаа харин багийн хуралд идэвхийлэн сууж, чөлөөт бүсийн талаар нэлээд судалжээ. “Бид өлгий нутгаа, эхийн сүү шиг Буйр нуураа хайрлаж өдий хүрлээ. Гэтэл нутаг орныг минь авахаар төр засаг тогтоол шийдвэр гаргачихаж. Манай сумыг цөөн хүн амтай гэж ярьсан байна лээ. Үгүй шүү дээ. 3000 гаруй хүн амтай сум. Чөлөөт бүсэд орсон 86 малчин өрх, тэдний 25 мянган малыг хаашаа гаргах вэ. Энэ талаар нутгийн иргэдээс санал хүсэлтийг нь авах ёстой байсан. Нэг ч хүнээс асуугаагүй. Баяр наадам тэмдэглэх үеэр тогтоол баталсан нь хардлага төрүүлэхээр байгаа юм. Багийн хурлын үеэр сумын Засаг даргаас энэ талаар асуухад “Та нартай адил мэдээлэлгүй байна” гэж байна лээ. Тэд мэдээлэлгүй байсан гэж бодохгүй байна. Тэгээд ч харийн улс суурьшаад хэдэн арван жил болоход үндэсний аюулгүй байдал зөрчигдөнө. Арван жилийн дараа Халхголын нутгаар эрлийзүүд бий болж мэднэ” хэмээн тэрээр ярив.
Буйр нуур. Чөлөөт бүсийн баруун хойд хэсэгт Буйр нуурын сав газар багтжээ. Энэ хэсэгт Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн 86 малчин өрх 25 мянган малтай жилийн дөрвөн улиралд нүүдэллэн амьдардаг ажээ.
Өнгөрсөн долдугаар сарын 9-нд батлагдсан УИХ-ын тогтоолын тухай Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Төслийн хэлэлцүүлэг нь өмнө нь олон хоног болсон. Ганцхан өдрийн дотор шийдвэр гаргаагүй. Хэлэлцэх эсэх, I, II хэлэлцүүлэг, тэгээд эцсийн хэлэлцүүлэг гээд олон хоног үргэлжилсэн. Эцсийн хэлэлцүүлэг нь тэр өдөр таарсан” гэжээ. Харин УИХ-ын тогтоолоор энэ онд багтааж чөлөөт бүсийн ажлыг эхлүүлэхийг Засгийн газарт даалгасан ч одоогоор хилийн зурваст орсон малчид, бэлчээрийн асуудлыг хэрхэх нь тодорхойгүй байгаад тэд эмзэг хандаж байлаа. Нутаг сэлгэж нүүдэг жим нь Буйр нуур, түүний залгаа Баян нуурын сав газар. Гэтэл хорио цээр, технологийн дэглэмтэй бүс бий болбол уугуул иргэд адлагдаж нутаггүй болох нь гэсэн халаглал малчдын дунд дийлэнх байгааг Д.Лхагвасүрэн дуулгав. Халх гол сум түүхийн дурсгалаараа улсдаа толгой цохиод зогсохгүй эх усны сангаараа зүүн аймагтаа ганц нутаг аж. Тэр нь Буйр нуур. Нуураас нутгийн таван хошуу мал ундаалж үе улиран амьдарсан нутгийн ард ч сүслэн дээдэлсээр иржээ. Гэвч чөлөөт бүс нэрээр нуурыг нь хашчихвал амьдралын эх үүсвэргүй болно гэдгийг малчид хэлж байлаа. Зам тахиралдаг гэдэг газарт намаржиж буй залуу малчин З.Шинэбаярынх таван хошуу нийлсэн 700 гаруй малтай. Тэрээр УИХ-ын тогтоолыг цуцалтал тэмцэнэ хэмээн нутгийнхныхаа адил байр сууриа илэрхийлэв.
Халхгол сумыг нэгэн цагт удирдаж явсан В.Буяндэлгэр гуай ч эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгджээ. Тэрээр ярихдаа “Тогтоолын талаар нутгийн иргэдтэй уулзсан тохиолдол байхгүй. Р.Бурмаа сайд Халхголыг чөлөөт бүс болгох төсөл нэртэй хоёр хуудас материал оруулаад батлуулчихсан. Дараа нь кадастрын зураг хийлгээд координат батлуулахад 500 мянга га болгоод гаргаад ирсэн гэж Х.Болорчулуун гишүүн ярьсан. Тэр чөлөөт бүсэд нутгийн иргэд гадаад паспорт, жолооны үнэмлэхээр нэвтэрнэ. Өөрийн төрж өссөн газар шороон дээрээ байж нутагтаа, гэр орондоо орох эрхгүй болох нь. Төр засаг амьдралд нийцэхгүй тогтоол баталж ард түмнээр тоглож байна” хэмээн бухимдангуй өгүүлэв. Тэгвэл үүнийг төсөл санаачлагчид “Сая л хөдөө аж ахуйн бүс байгуулах гээд эдгээр газрын зөвшөөрлийг өгчихсөн юм биш. Аймаг сумд нь газар өгчихсөн байдаг” хэмээн тайлбарлаж байгаа юм.
500 мянган га газарт хорио цээр, технологийн дэглэм бүхий “Халх гол” чөлөөт бүс өргөнөөрөө Буйр нуураас Ялалт багийн төв хүртэл үргэлжлэх ажээ. Чөлөөт бүсэд багийн нийт газар нутгийн гуравны нэг нь ороод зогсохгүй эцэг, өвгөдийнх нь шарилын газар ч орж буй ажээ.
Үргэлжлэл бий
Б.Энхзаяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ер нь бол мөнгөтэй л холбоотой байгаа хэдэн халтар цааснаас эх ороноо худалдаж байгаа халх гол төслийн нөхдүүдийг сайн шалгах хэрэгтэй.