Эгшиг долоо ба Чойномын үлгэр

Ат улаан саран шөнөжин гиншиж хоноход нь
Ар өврийн уулс нойргүй сандарч суусан гэлцдэг
Ац модны дундуур од харватал дуншихад нь
Аз жаргалын хаалгаар наран цухуйж мандсан гэлцдэг
хүү төржээ.
Эр бор харцагын цээжний мах ярагдан байхад нь
Эм хангалын дэлэнд сүү чинэрч байсан гэлцдэг
Эд эст биесийн амьсгал задарч тавирхад
Эх үр хоёрын хүйн холбоо тасарсан гэлцдэг
хүү мэндэлжээ
Ил галын өмнө ижийн хайранд бойжиж
Их хойморын урдуур эцгийн өвөр дээр торниж
Ид шидийн ордонд бурхан нэрээр дуудуулан
Ир мохоогүй хутга шиг хурц чадуу өсжээ
хүү цээнд хүржээ
Оч гялалзам нүдэн хорвоог өөрийхөөрөө таниад
Од эрхэсийн оршилыг мөнхөд гэдгийг ухааржээ
Ор дэрээ засаад ээж аавдаа үнсүүлээд
Он жилийн эцсийг үзэхээр гэрээсээ мордсон гэлцдэг
хүү зорьжээ
Өр нимгэн сэтгэлээ уулзсан бүхэнд бэлэглээд
Өт хорхой таарсан ч өрөвч зөөлөн өнгөрөөд
Өс хэзээ ч санахгүй нөхөд олонтой болоод
Өд хөнгөн биеэрээ хэнтийн нуруудыг давжээ
хүү ядаржээ
Уд модны сүүдэрт амран суух зууртаа
Ум амгаланг олоод яруусалын замыг нээжээ
Ус мөрний тунгалагаас цангаагаан тайлан баясаж
Ур ухааны гайхамшигийг толгой сэргэн мэдэржээ
хүү ухааржээ
Үр шимтэй бүхний үнэ цэнийг ойлгож
Үг хэллэгийн гарамгайд үтэр түргэн суралцжээ
Үс урт хүүхний гоо сайханыг бахдаад
Үд шөнөөс үүр цайхад тахиа донгодохыг сонсожээ
хүү эр хүн болжээ.

Эгшиг долоо ба Чойномын үлгэр 2

Ач тусыг түгээсээр олны хайранд өлгийдүүлж
Ам дамжин магтуулсаар түмний хүү болж гэнэ
Ан хийх шиг шүлэг найрагт хорхойсож
Ад зэтгэрийн хорлол хатуу дарсанд шунажээ
хүү хазайжээ
Эд дээдийн тэргүүн малгай саравчаа духдуулж
Эр сэтгэлийн чавхдасыг эрчилж чангалан бүслээд
Эл хульхан хотын анир чимээгүйг эвдэж
Эз тааруулан дөрөө жийхдээ тамхиа асаахаа мартсангүй ээ
хүү хотод иржээ
Их зантай ямбатнууд ихэмсэг алхаж байх юм гэнэ
Иш татсан солиотнууд цэцэрхэн маргаж байх юм гэнэ
Ил гуятай хүүхнүүд аальгүйтэн маяглаж байх юм гэнэ
Ид насны харцуул зодолдож цохилцож байх юм гэнэ
хүү эгдүүцжээ
Оо энгэсэг түрхсэн олон бүсгйчүүдтэй танилцаж
Ор дэрний жаргалд шүлгээ уншсаар жаргаж гэнэ
Охь үнэртсэн гуанзны ширээ сандалд тухлаж
Од болон мандаж найргын хурыг асгаруулж гэнэ
хүү сэтгэл алдарчээ
Өт хорхой олширч нийгэм гажуудаж гэнэ
Өм цөмд нэрвэгдэж улс хэцүүдэж гэнэ
Өл зэлмэн ходоодтой ноход ихсэж гэнэ
Өд сөд зүүсэн дарга нар гаарч гэнэ
хүү ундууцажээ
Ул мөр шагайгчдыг урж тасдан цохиж гэнэ
Ус мөрөнг эргүүлж нүүр нүдгүй цацаж гэнэ
Ур ухааны хүчийг уушиг дэлбэртэл гаргаж гэнэ
Уй гашууд автаж төмөр торонд торлогдож гэнэ
хүү гомдожээ
Үл тоогчид бах нь ханаж баярлан цэнгэж байхад
Үд болтол хүлээх ханийгаа охиноо л санахдаа
Үг шүлгээ бичсээр хонгилын чийгнээс залхаж
Үс цайхаасаа өмнө эндээс гарахгүйгээ мэджээ
хүү тэнгэрт оджээ.

Лувсаншарав Түмэнжаргал


URL:

Сэтгэгдэл бичих