МАН-ын бүлэг цалин хасахыг дэмжихгүй

bb74d1a7d5bf97c2a46383d934764ed9originalУИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төсөл, төсвийн хүрээний мэдэгдэл болон УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар мэдээлэл хийв.

УИХ дахь МАН-ын бүлэг нэгдүгээрт, яамдын тоог 2016 оны наймдугаар сарын 1-нээс ес болгох саналыг дэмжихгүй. Харин Засгийн газрын бүтцийн энэхүү өөрчлөлтийг нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх ёстой гэдэгт санал нэгдэв. Мөн хямралтай үед төрийн албан хаагчдын цалинг бууруулахгүй байх, тэтгэврийг нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна.

Хоёрдугаарт, төсөвт ирэх өрийн ачаалал, эдийн засгийн өнөөгийн чадамжид бодитой дүгнэлт хийхээр санал нэгдэв. Учир нь дотоод, гадаадын бондын зээлийн хүүнд ирэх онд нэг их наяд төгрөг төлөхөөр төсөвлөгджээ. Энэ нь төсвийн нийт урсгал зардлын 12.7 хувийг эзэлж байгаа бөгөөд 2011 онтой харьцуулахад 26 дахин нэмэгдсэн байна. 2011 онд онд зээлийн үйлчилгээний төлбөрт 37 тэрбум төгрөг төлжээ. Өөрөөр хэлбэл, нэг их наяд төгрөг бол 1000 цэцэрлэг барих мөнгө.  Ийм хэмжээний мөнгийг зээлийн үйлчилгээний төлбөрт төлөхөөр байгаа нь төсөвт маш ачаалал өгнө гэж бүлгийн дарга С.Бямбацогт онцоллоо.

Гуравдугаарт, ирэх оны төсвийн төсөлд тусгасан хөрөнгө оруулалтыг дахин хянана. Шинээр объект эхлүүлэхгүй, өмнөх онуудад эхэлсэн объектоо дуусгах ёстой гэж үзлээ. Ирэх оны төсөвт нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр шинээр 20, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 гаруй объект барихад 130 тэрбум төгрөг төсөвлөж, 2016 ондоо дуусгахаар төлөвлөжээ.

Дөрөвдүгээрт, төсвийн урсгал зардлыг дахин бууруулах, тэвчиж болох зардлуудыг танахаар судалж байгаа гэж төсвийн ажлын хэсгийн ахлагч Д.Хаянхярваа мэдээллээ. Тэрээр хэлэхдээ “Төсвийн тодотголд хэдийчинээ эдийн засгийн үндэслэл сайтай, бодитой үнэлэлт өгч чадна, тэр хэмжээгээр 2016 оны төсөв үр ашигтай болж чадна. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал маш муу, бүрхэг ирээдүй хүлээж байна. Ингэж хүндэрчихсэн үед төсвийн хатуу бодлого явуулах ёстой. Төсвийн тодотголд орлогоо 504.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, зардлаа 530.3 тэрбум төгрөгөөр хасах л өөрчлөлт оруулж ирсэн. Төсвийн орлого нэмэгдүүлэх талд шатахуун, дизелийн онцгой, гаалийн албан татварын нэмэгдэлд 61.3 тэрбум, татварын өрийг барагдуулахад 325.4 тэрбум төгрөг олохоор тооцсон байна. Ялангуяа аж ахуйн нэгжүүд үүд хаалга барьсан, цомхотгол эхэлсэн, орлого нь хумигдсан үед 325.4 тэрбум төгрөгийн орлогын төлөвлөгөө биелэхгүй, үндэслэл муутай гэж үзэж байгаа. Төсөв хяналт, хэмнэлтийн горимд шилжиж байгаа бол төсвийг төвлөрүүлэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд бүх аймгийн удирдлагууд Сумын хөгжлийн сан, Орон нутгийн хөгжлийн санг захиран зарцуулдаг болсон. Нийслэл том төсөвтэй болсныхоо хэрээр дэндүү дураараа авирлаж байна. Иймд Нийгмийн даатгалын сан, Улаанбаатар, Өмнөговь аймгийн төсвийг ажлын хэсэг гаргаж нягтлан шалгана” гэв.

Түүнчлэн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “2012 оны УИХ-ын сонгуульд АН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн “Ажилтай, орлоготой монгол хүн” хэсэгт цалин, тэтгэврийг жил бүр үнийн өсөлт, инфляцтай уялдуулж нэмэгдүүлнэ” гэж амласан. 2012 онд “Атар талх” 650 төгрөгийн үнэтэй байсан. Өнөөдөр 1100 төгрөг болсон. Гэтэл 2012 онд 650 мянган төгрөгийн цалинтай байсан хүн 1.1 сая төгрөгийн цалинтай болж чадсан билүү. Цалин нэмэгдсэн бил үү. АН ийм л зүйл амласан.  2012 онд төрийн албан хаагчдын цалингийн сан 1.2 их наяд төгрөг байсан бол эдүгээ 1.8 их наяд болсон. Өөрөөр хэлбэл, 600 тэрбум төгрөгөөр цалингийн зардал нэмэгдсэн. Гэтэл бодит байдал дээр цалин нэмэгдээгүй, төрийн алба данхайсан. Суманд нийгмийн даатгалын байцаагч, хөдөлмөрийн байцаагч, бүртгэлийн ажлыг нэг хүн хийдэг байсан бол одоо гурван хүн хийдэг болсон. Аймгийн ИТХ-ын ажлын албанд таван хүн ажилладаг байсан бол одоо 25 хүн ажиллаж байна. Аймаг, нийслэл Засаг даргын 1-2 орлогчтой байсан бол одоо 3-6 зургаан орлогчтой ажиллаж байна” гэлээ.

Мөн МАН-ын бүлэг УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзлээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих